Д.Зоригт: Өвөлжөө, хаваржааны газрыг хувьчилж болохгүй
Удахгүй УИХ газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. Гэхдээ энэ хуулинд малчдын өвөлжөө, хаваржааны газрыг хувьчлах санал орсон нь гацаа үүсгэж мэдэхээр байна. Малчид газраа зарснаар гадна, дотны цөөн бизнесмен орон нутагт эзэн суух аюулыг энэ хуулийн төсөл дагуулж магадгүй.
БНХАУ-ын засаг захиргааны нэгж, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд малчдын өвөлжөө, хаваржааг хувьчлах шийдвэр гарч байлаа. Тухай үед иргэдийг өмчтэй болгох, орон нутгийг хариуцах эзэнтэй болгох зорилготой байсан ч энэ нь эмгэнэл авчирсныг мартаж болохгүй. Малчид газраа бизнесменүүдэд зарж, төв суурин бараадсанаар цөөн хэдэн хүн хөдөө нутагт эзэн суух болов.
Өнөөдөр бид ийм хуулийг баталвал орон нутаг гадаад дотоодын цөөхөн баячуудын мэдэлд очно.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Өвөрмонголын малчид газраа өмчилж авсны дараа газраа хятадын бизнесменүүдэд өндөр үнээр зарж хот бараадсан түүхтэй. Том хотод очсон малчид монгол соёл, уламжлалаа гээж, харин газрыг нь авсан баячууд дураараа дургиж эхэлсэн юм.
Хуулийн төсөлд газрыг тодорхой хугацаагаар эзэмшүүлэн, гадаадын иргэнд худалдахгүй байх заалт оруулж болох ч гадаадын иргэд монгол хүний нэр барих юмуу, монгол хүнтэй гэрлэх зэргээр заль хэрэглэнэ гэдгийг Д. Зоригт гишүүн хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Зоригт:
Монгол бол өвөрмөц бэлчээрийн мал аж ахуйтай орон. Нүүдлийн мал аж ахуйтай орон дэлхийд маш цөөхөн. Тиймээс манайд соёл уламжлалаа хадгалсан, бэлчээрийн мал аж ахуйд тохирсон хууль байх ёстой. Өвөлжөө, хаваржааны газрыг хувьчилж болохгүй.
Улсын тусгаар тогтнол газар нутагтай шууд холбоотой. Гэтэл малчдыг өмчтэй болгох, зарим нэг маргааныг зохицуулах нэрийн дор орон нутгийн хөгжлийг устгах хуулийн төслийг бид ярилцаж сууна.