Монгол цэргийн алдар гавъяаг юу ч бүдгэрүүлэх учиргүй
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдтой ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Бүтэн хоёр жил гэдэг бол хийж бүтээхэд багагүй хугацаа. Таны удирддаг Батлан хамгаалах салбарт энэ хугацаанд ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарсан бэ гэдгээс яриагаа эхлэе.
-Ер нь бол хамтарсан Засгийн газрын үед олон жилийн турш шийдлээ хүлээж байсан цөөнгүй томоохон асуудал амжилттай шийдэгдэж байгааг иргэд маань бэлхнээ харж байгаа гэж ойлгож байна. Манай салбарт хийгдэж байгаа өөрчлөлт бүхэн чухамхүү энэ том дэвшлийн салшгүй нэг хэсэг гэж хэлж болно.
Миний хувьд 2008 оны есдүгээр сарын 19-нд Батлан хамгаалах яамны тамгыг өмнөх сайдаас хүлээн авч байлаа. Зуун жилийн ойтойгоо ирэх жил золгох энэ яаманд тогтож хэвшсэн бодлого, үйл ажиллагаа, ажлын арга барил, дотоод соёл, цэргийн нарийн чанд сахилга зохион байгуулалт залгамжлагдаж ирсэн нь ойлгомжтой. Хэдий тийм ч миний сайдаар ажиллах хугацаанд илүү шинэлэг, цаг үеэ мэдэрсэн өөрчлөлтүүд хийгдэх ёстой гэдэг зарчмыг би эхнээсээ баримталж ажилласан. Үүндээ ч хүрч байгаа гэж итгэж байна.
Таны асуултад маш товчоор хариулахад өнгөрсөн хоёр жилд салбарын бодлого, үйл ажиллагааг зохицуулдаг эрх зүйн орчин боловсронгуй болж шинэчлэгдлээ, үйл ажиллагааны цар хүрээ, боловсон хүчний чадавхи нэмэгдлээ, зэвсэгт хүчний чиг үүрэгт орчин үеийн хандлагад нийцсэн өөрчлөлтүүд бодитойгоор орлоо, зэвсэгт хүчин бүтээн байгуулагч болж байна, зэвсэг техникийн шинэчлэл шинэ шатанд гарлаа, зэвсэгт хүчний хөгжлийн сантай боллоо, батлан хамгаалахын тусгай хэрэгцээний газруудаа УИХ-аар баталгаажууллаа, гадаад хамтын ажиллагаа эрчимжлээ, цэргийн алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгаа сайжирлаа, иргэн цэргийн харилцаа улам бүр гүнзгийрч ард иргэдийн дунд зэвсэгт хүчин, цэргийн албаны нэр хүнд өслөө.
Эдгээр нь албан ёсны хуурай хэллэгүүд биш, миний хэлж байгаа санаа бүрийн цаана маш их ажил, баримт нотолгоо байгаа юм шүү. Бүгдийг дэлгэрэнгүй тоочих гэхээр ярилцлага биш тайлан болчих болов уу.
-Гэхдээ зарим нэгийг нь онцолж тодруулмаар байна. Тухайлбал, зэвсэг техникийн шинэчлэл хийгдэж байнаа л гэдэг. Гэтэл агаараас сансрын хаягдал унаад ирэхэд илрүүлж чадахгүй байсан гэх мэтээр техник технологийн хоцрогдлын тухай яриа зэрэгцээд л явдаг. Яг тодорхой хэлбэл өнгөрсөн хугацаанд ямар ямар зэвсэг техникээр хангачихав аа?
-Бүгдийг тоочих нь нэгд нуршуу, хоёрт нууцын асуудал ч бий. Таны хөндөж байгаа дээрх жишээ бол агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зэвсэг техниктэй холбоотой зүйл. Чухам энэ чиглэлд ойрын жилүүдэд хамгийн том ахиц дэвшил гарах төлөвтэй байгаа. Яг энэ өдрүүдэд манай зэвсэгт хүчин ОХУ-аас “Печора 2М” загварын зенит пуужингийн цогцолбор хүлээн авч байна. Энэ цогцолбор бол 2000 оноос туршиж, 2003 оноос гадаад зах зээлд нийлүүлж байгаа хэт нам, нам, дунд өндөрт нисч буй целийг илрүүлж устгах зориулалттай зэвсэг юм. Өмнөх загвар нь Египет, Югослав зэрэг улсад байлдааны талбарт шалгагдсан найдвартай техник гэж манай мэргэжилтнүүд үнэлж байгаа.
Ер нь зэвсэг, техникийн шинэчлэлийн хүрээнд сүүлийн хоёр жилд томоохон ахиц гарч буйн баримт болгож зарим нэг тоо хэлье. Манай Батлан хамгаалах салбар 2007-2008 онд нийт 14 тэрбум төгрөгийн тусламж гаднаас авч байсан бол 2009-2010 онд 125 тэрбум төгрөгийн тусламж авчээ. Үүний үлэмж хэсэг нь зэвсэг техникийн шинэчлэлд зориулагдсан. Зөвхөн ОХУ-аас л гэхэд танк, хуягт тээвэрлэгч, ачааны болон байлдааны нисдэг тэргүүд, зенит пуужингийн цогцолбор гэх мэтээр иж бүрэн зэвсэг техник хүлээн авч ашиглаж байна.
-Зэвсэг техникээ шинэчилж байгаа нь хоосон яриа биш болохыг ойлголоо. Тэгвэл зэвсэгт хүчин хүнээ хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-Энэ асуултад хариулахын тулд зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлогын шинэчлэл, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудал гэсэн хоёр сэдвийг хөндөж ярих шаардлагатай болох байх. Манай гол давуу тал болсон боловсон хүчнээ үргэлжлүүлэн сургах, зөв ажилд онож байршуулах, шинэ сэтгэлгээтэй залуу үеийг дэмжих бодлого, зарчмыг би баримталж ирлээ.
Итгэл хүлээлгэсэн шигээ хариуцлага тооцдог байхыг ч хичээж байна. Сая л гэхэд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдах бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт хийгдсэн. Халуун цэгт үүрэг гүйцэтгэж, дарийн утаа үнэрлэсэн залуусыг удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулахыг дэмжиж байгаа. Сүүлийн жишээ хэлэхэд Ирак, Сьерра Леонд үүрэг гүйцэтгэж Чадад манай зэвсэгт хүчний анхны багийг амжилттай удирдсан С.Онцгойбаяр гэдэг 36 настай залуу хурандааг Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын даргаар томилсон.
Гадаадын цэргийн сургууль, дамжаанд суралцагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2008-2010 оны хооронд нийт 647 цэргийн алба хаагч гадаадад суралцахаар явлаа. Тэд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академи, АНУ-ын Дайны болон Хуурай замын цэргийн команд штабын коллеж, ХБНГУ-ын Бундесверийн академи, Япон, Солонгосын Үндэсний батлан хамгаалах академи зэрэг цэргийн шинжлэх ухааны нэр хүндтэй сургуулиудад сурч байна. Энэ бол үнэхээр сайхан боломж.
Ингэж бэлтгэгдэж буй цэргийн алба хаагчдын маань авдаг цалин, амьдралын тав тух өнөөгийн шаардлагад бүрэн хүрдэггүй нь харин үнэн. Ялангуяа тушаалаар томилогдож аймаг, сум, анги дамжин нүүдэллэж үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын хувьд тэтгэвэрт гарахдаа өөрийн гэсэн орон байр, өмчилж авсан газаргүй байх нь түгээмэл. Чухам энэ байдлыг өөрчлөх зорилгоор Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ 9 дүгээр сарын 16-наас хүчин төгөлдөр болсон уг хуулинд “цэргийн байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт орсон нь эх орныхоо төлөө ажил амьдралаа зориулсан цэргийнхний нийгмийн баталгааг хангахад маш чухал алхам болсон.
Түүнчлэн энэ хуулиар цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 60 хувиар тогтоодог байсныг 80 хувь болгож нэмэгдүүлсэн төдийгүй алслагдсан аймаг, сумдад байдаг цэргийн анги, байгууллагад алба хаагчдын гэр бүлийн хүн нь 3 сараас доошгүй хугацаагаар ажил эрхлээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг улиралд нэг удаа олгож байхаар тогтоосон нь тэдний маань амьдралд мэдэгдэхүйц нөлөөтэй шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байна. Иймээс ярилцлага өгч байгаа энэ завшааныг ашиглан уг хуулийг санаачилж баталсан Х.Жекей, Р.Амаржаргал, П.Алтангэрэл, Д.Арвин нарын УИХ-ын 30 гишүүнд зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.
Ер нь алслагдсан аймаг, сумдад үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг, дайчдынхаа ажиллах урам зориг, сэтгэл санааг өргөж байх нь нэн чухал байдаг. Тун саяхан үүнтэй холбоотой нэг шийдвэрийг сайдын хувьд гаргаж хэрэгжүүллээ. АНУ-аас манай зэвсэгт хүчинд тусламжаар “Форд” маркийн 68 жийп машин ирүүлснээс заримыг нь Баян-Өлгий аймгийн Улаан Хус, Говь-Алтайн Алтай, Өмнөговийн Номгон, Дорноговийн Хатанбулаг зэрэг алслагдсан сумдад байрладаг анги, салбаруудын захирагчдын ажлын хэрэгцээнд олголоо.
Удахгүй Улаанбаатарт баригдаж ашиглалтад орж буй 126 айлын орон сууцыг цэргийн алба хаагчиддаа хуваарилна. Энэ хуваарилалтыг шударгаар хийх ёстойг би ажил хариуцсан дарга нарт байнга сануулж байгаа. Энэ мэтчилэн албан хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг ээлж дараатай хэрэгжүүлж байна.
-Танай салбарын тухайд сайны хажуугаар саар мэдээ ч хааяа дуулдах юм. Өнөөг хүртэл монгол цэргүүд энд тэнд үүргээ нэр төртэй биелүүлж байна гэж ярьдаг байсан бол өнгөрсөн зунаас Сьерра Леоны багийн тухай сонин хэвлэлээр эсэн бусын зүйл бичигдэх болсон. Энэ талаар та нэг дуугарах болсон юм биш үү.
-Би ярихаасаа өмнө юу болсон үнэн байдлыг тодруулж дүрэм журмын дагуу шийдвэрлэ гэдэг үүргийг тухайн үед нь Зэвсэгт хүчний жанжин штабын даргад өгсөн. Сайдын зөвлөлийн хурлаараа ч энэ асуудлыг тусгайлан сонсч байлаа. Энэ дагуу жанжин штабын ажлын хэсэг газар дээр нь шалгалт явуулж дүнгээ саяхан даргын зөвлөлийнхөө хурлаар хэлэлцүүлж хариуцлага алдаж ёс зүйн алдаа гаргасан багийн захирагч, захирагчийн орлогч, ажиллагааны офицер зэрэг албан тушаалтанд цэргийн албанаас халах хүртэл арга хэмжээ авснаа надад илтгэсэн.
Онцолж хэлэхэд Сьерра Леонд манайхаас 10 ээлжийн баг үүрэг гүйцэтгэсэн. Үүний дотор таны хэлсэнчлэн хэвлэлд бичигдсэн 9 дүгээр ээлжийн үндсэн бие бүрэлдэхүүн ч гэсэн үүрэг даалгавраа зохих ёсоор биелүүлснийг хэлэх ёстой. Гагцхүү энэ ээлжийн удирдах цөөн офицерийн хүрээнд хувийн харилцааны зөрчил гарсан юм билээ. Үүнийг Улаанбаатараас дэвэргэсэн харицлагатай албанд байсан хүмүүс байсныг ч нуугаад яахав.
Гэлээ гэхдээ ганц хоёр хүний ёс зүйгээс улбаатай энэ асуудал манай энхийг сахиулагчдын алдар гавъяаг бүдгэрүүлэх учиргүй. Манай дайчид дэлхийн аль л халуун цэгт үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дэлхий дахин үнэлдэг. Иракт ч тийм байсан, Афганистан, Сьерра Леон, Чадад ч тийм байгаа.
-Цэргийн эмч нар Судан явна гэж дуулсан. Хэзээ явах вэ?
-Манайхаас 68 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг Суданд дэлгэн ажиллуулах бэлтгэл бүрэн хангагдаад байна. НҮБ-аас шинжээчид ирж хүн, техникийг нь үнэлж шалгаад явсан. Удахгүй техник хэрэгслийг нь ачуулна, тэргүүний бүлгээ ч томилж ажиллагааны газар орон руу явуулна.
-Та түрүүн хэлэхдээ АНУ-аас “Форд” жийпүүд авсан гэлээ. Зориулалт нь юу юм бэ?
-Их оновчтой асуулт байна. Юуны өмнө АНУ манай батлан хамгаалах салбарыг тууштай дэмжиж тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж байгааг дурдмаар байна. Вашингтонд ажилладаг цэрэг, батлан хамгаалахын аттащегаасаа би хэд хоногийн өмнө нэг таатай мэдээ хүлээн авснаа хуваалцъя. Энэ 10 дугаар сарын 1-ээс эхэлж байгаа ирэх санхүүгийн жилд тус улсаас манай зэвсэгт хүчинд 4.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Пентагоны саналыг АНУ-ын Конгресс баталжээ. Энэ мөнгийг юунд зарцуулах саналаа бид хүргүүлж харилцан зөвшилцөх учиртай. “Форд” машинуудын хувьд ч иймэрхүү хэлбэрийн тусламжаар ирсэн, дийлэнхийг нь шинээр байгуулах энхийн сахиулах батальондоо ашиглах юм.
-Манай батлан хамгаалах салбар АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байгаа юм байна. Харин хоёр том хөрштэйгээ ингэж хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа биз дээ?
-Чухамдаа манай батлан хамгаалах салбар мөнхийн хоёр хөрштэйгээ улам илүү харилцан ойлголцож хамтран ажиллаж байгаа. Миний хувьд Батлан хамгаалахын сайдын хувиар хоёр оронд хоёуланд нь айлчилж үр ашигтай яриа хэлэлцээ хийсэн. Саяхан ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монгол-Оросын хамтарсан “Дархан 3” хээрийн сургалт, дадлагад оросоос 800 гаруй, манай талаас 250 гаруй цэрэг дайчид оролцож терроризмын эсрэг сургалт дадлага амжилттай явууллаа. Ийм хэмжээний хамтарсан сургууль 22 жилийн дараа зохион байгуулагдсанаараа онцлог юм. Энэ сургуульд ОХУ-ын Хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал А.Н.Постников болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко нар хамт оролцсон.
БНХАУ-ын зэвсэгт хүчинтэй ч бид 2009 онд хамтарсан “Энхийн элч” нэртэй сургалт дадлагыг Бээжингийн ойролцоо зохион байгуулж байсан. Ирэх жил Монголын нутаг дэвсгэрт ээлжит сургалт дадлагыг зохион байгуулахаар Хятадын Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хурандаа генерал Ма Сатяныг Монголд айлчлах үеэр ярилцсан. Тус улсын Батлан хамгаалах яамны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр цэргийн “Багабаян” амралтыг түшиглэн Энхийг сахиулагчдын нөхөн сэргээх цогцолбор төв ид баригдаж байна.
Би ОХУ, БНХАУ-ын зэвсэгт хүчний удирдлагуудад байгалийн гамшгийн эсрэг манай гурван орны зэвсэгт хүчний хамтарсан сургалт, дадлага хийе гэдэг саналыг тавьж байгаа.
-Өнгөрсөн жил Халхын голын ялалтын 70 жилийн ойг өргөн тэмдэглэж байсан бол энэ намар Чөлөөлөх дайнаар амьсгалах шиг боллоо. Энэ ойг тэмдэглэхийн утга учир юу юм бэ?
-Чөлөөлөх дайны ялалт бол дэлхийн II дайныг дуусгах эцсийн ажиллагаа байсан төдийгүй дахин олж авсан тусгаар тогтнолоо гадаад улсуудаар хүлээн зөвшөөрөөлж чадаагүй байсан Монголчуудын хувьд дэлхийн дайнд ялагч гүрнүүдийн эгнээнд багтаж тусгаар тогтнолоо баталгаажуулсан асар үнэ цэнэтэй үйл явдал байсан юм. Энэ үгийг би ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын комиссын даргаар ажилласны хувьд ч, монгол хүнийхээ хувьд ч хэлж байна. Ийм гүн гүнзгий утга агуулгатай ойн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж уг дайнд оролцож гавъяа байгуулсан төдийгүй улс орондоо тусгаар тогтнол авчралцсан ахмад дайчиддаа төрийн одон медаль хүртээлээ, төр засгаас ахмад дайчиддаа орон сууц өглөө, Орос, Хятад, Монголын эрдэмтэд дайны түүхэн сургамжийг эргэцүүлэн дүгнэлээ. Энэ ойн ёслолд ОХУ-аас уригдсан өндөр албаны хүн надад нэг сайхан үг хэлсэн юм.
Юу гэвэл, “дэлхийн II дайны төгсгөл, Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг Монгол Улс дайнд ялсан улсуудаас хамгийн өргөн утга агуулгатай тэмдэглэлээ” гэж байна билээ.
-Ер нь манай зэвсэгт хүчний талаар олон нийтийн үнэлгээ ямар байгаа гэж та боддог вэ?
-Урьд урьдаас илүү эерэг байгаа гэж итгэж байна. Энхийг сахиулагчдаа аль нэг орон руу үдэн гаргахдаа, тэднийг угтан авахдаа, орон нутгаар явахдаа, ард иргэдтэй уулзаж ярилцахдаа, батлан хамгаалах зорилт, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгүүдийн үеэр, цэргийн албанд шинэ залуус татагдан ирэх үед, бас халагдахад нь, цэргийн ёслолын жагсаал хүлээн авах бүртээ би олон түмнийхээ зэвсэгт хүчиндээ ханддаг хүндэтгэл, бишрэлийг мэдэрч байдаг. Энэ бол зэвсэгт хүчин оршин тогтнож хүчирхэг байхын үндэс юмаа.
Тиймээс би нэгд цэрэг дайчдынхаа онцгой гавъяаг үнэлэхийн тулд, хоёрт иргэн-цэргийн харилцааг улам бэхжүүлэхийн тулд Батлан хамгаалах яамны томоохон шагнал бий болгоё гэж бодож байгаа. Энэ нэр хүндтэй шагналыг жилд нэг удаа цэргийн хэрэгт онцгой гавъяа байгуулсан НЭГ албан хаагч, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг нийгэмд хүргэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэний салбарын НЭГ хүнд тус тус олгож байхаар төлөвлөж байна.
-Шагналын нэр юу байх вэ?
-“Эх орны төлөө”