"Дуусдаггүй яриа" нэвтрүүлэг
2013.12.30

Н.Удвал: Хүн амын өсөлтөө дааж чадах эдийн засгийн бодлого хэрэгтэй

25-р суваг телевизийн "Дуусдаггүй яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Эрүүл Мэндийн сайд Н.Удвал тэргүүтэй яамны төлөөлөл болон зарим эмнэлгийн эмч, ажилтнууд оролцож эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлаар ярилцлаа.

Энэ жил төрөлт 73 000-д хүрч, өмнөх жилийнхээс 5000-аар ахижээ. Энэ ахиц эрүүл мэндийн салбарт авсан арга хэмжээний сайных уу, эсвэл эцэг эхийн сайных уу?

Эрүүл Мэндийн сайд Н.Удвал:

2005 онд Монголд амаржсан эхчүүдийн тоо 45 000 мянга байсан бол энэ оны сүүл гэхэд бараг 80 000 эх төржээ. Төрөлт найман жилийн дотор хоёр дахин өслөө. Төрөлтийн тоо нь төрөх эмнэлэг, төрсөн хүүхдүүдийн сурах сургууль, цэцэрлэг, өвдвөл эмчлүүлэх эмнэлгийн тоо зэрэг олон зүйлийг араасаа дагуулдаг.

Нэг талаас төрөлт ихэсч байгаа нь хүн амын өсөлтийг нэмэгдүүлж байгаа сайн талтай ч, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдоод ирэхээрээ зарим таагүй зүйлс урган гардаг. Учир нь Монголын төрөөс баримтлах хүн ам зүйн бодлогод нэг монгол айл 2-3 жилийн зайтайгаар 3-5 хүүхэд төрүүлвэл зохино гэж заасан байдаг. Тэгэхээр аливаа улс орон хүн амын өсөлтөө дааж чадах эдийн засгийн бодлоготой байх ёстой гэсэн дүгнэлт гарч ирж байна.

Төрөөс эх, хүүхдэд зориулж өгч буй мөнгө хангалттай юу? 6000 гэдэг бол бага мөнгө гэж бодож байна.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн зөвлөх эмч С.Хишгээ:

Эх болон нярайд өгдөг 6000 төгрөг хаанаа ч хүрэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Манай байгууллага улсын эрүүл мэндийн байгууллага гэдэг утгаараа хүрээд ирсэн болгонд хэрэгтэй тусламжийг нь үзүүлээд явж байна. Гэхдээ төрүүлэх нэг хэрэг. Төрсөн эх, хүүхдийн эрүүл мэндийг цаашид авч явна гэдэг өөр хэрэг. Ялангуяа ихэр хүүхэд, дутуу төрсөн хүүхдүүдийг эрүүл өсгөхөд маш их зардал ордог. Тэгэхээр энэ тал дээр төрөөс өгч буй санхүүжилтын хэмжээ маш бага.

Харин одоо асуултыг иргэдэд хамгийн анхан шатанд үйлчилдэг өрхийн эмнэлгийн төлөөлөлд тавъя гэж бодлоо. Өрхийн эмнэлгийн санхүүжилт хувиас гардаг уу, эсвэл төрөөс гардаг уу? Санхүүжилт хангалттай байна уу?

Өрхийн анагаах ухааны Монголын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Алтанхуяг:

Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвүүд  санхүүжилтээ 100 хувь улсаас авдаг. Өмнө нь бид эрүүл мэндийн нийгмийн даатгалын сан, улсын төсөв гэсэн хоёр санхүүгийн эх үүсвэртэй байлаа. Харин бүхлээрээ төсөвт шилжсэнээр нэг хүнд ногдох зардал маань их багасч одоогийн байдлаар нэг жилд ногдох мөнгө 12 800 төгрөг боллоо. Гэтэл хувийн эмнэлэгт нэг эмч нэг хүнийг нэг өдөрт 20-30 мянган төгрөгөөр үзэж байна. Өрхийн эмнэлгийн төвүүдэд гэрээгээр тусламж, үйлчилгээ үзүүлэгч хувийн хэвшлийн байгууллага гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ өгдөг.

Танайд үйлчилгээний чанартай холбоотой ямар нэгэн дарамт ирдэг үү?

Үйлчилгээгээ сайжруулах гэхээр бидэнд санхүүгийн ямар ч боломж байдаггүй. Анхан шатны тусламжийг ямар ч үнэ төлбөргүй олгоно гээд хуулинд заачихсан байдаг. Тиймээс бид одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд холбоод өгөөч гэсэн хүсэлт тавьж байна. Хэрэв ингэвэл амбулоторийн үйлчилгээ, эргэлт, гэрийн эмчилгээ зэрэг үйлчилгээг бид хийж, дараалал үүсэхээ болино.