О.Дамба: Ухдаг алтнаас, ургуулдаг алт дээр
“Монголын Эм зүйн Байгууллагуудын Нэгдсэн Эм Холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Эм зүйн Ухааны доктор О.Дамба
2013.12.17

О.Дамба: Ухдаг алтнаас, ургуулдаг алт дээр

“Монголын Эм зүйн Байгууллагуудын Нэгдсэн Эм Холбоо”-ны Гүйцэтгэх захирал, Эм зүйн Ухааны доктор О.Дамбатай эмийн салбарын хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн 11 дүгээр сард эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг өөрчлөх  төсөл Засгийн газарт өргөн баригдсан. Танай холбооноос ямар саналыг тусгуулсан бэ?

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь монгол улсад эм хангамжийн үйл ажиллагаа явуулах арга зүйн стратеги болдог. Харин эм хангамжийн үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбар нуруундаа үүрч явна. Тиймээс тэдгээр хүмүүсийн санаа бодлогыг сонсохгүй байна гэж байхгүй.

Салбарт ажиллаж, төр засгийн бодлого, шийдвэрийн үр дагаврыг хүртэж байгаагийн хувьд сонсох ёстой. Тэгж гэмээнэ харилцан ойлголцол, хамтын ажиллагаа бий болно. Цаасан дээрх шийдвэр хөрсөн дээр бууна.  

Аливаа бодлогын хувьд өөрийн гэсэн хугацааны давтамжтай байдаг. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь 2002 онд батлагдсан. Арван жилийн дараа дахин шинэчлэх болсон нь ойлгомжтой хэрэг. Ерөөсөө хууль дүрэм зааврууд дөрвөн жил, хоёр жил тутам өөрчлөгдөж байх учиртай. Өнөөдөр гаргасан журам тодорхой хугацааны дараа өөрчлөх зайлшгүй шаардлагуудтай тулгардаг шүү дээ.  

- Яг ямар шинэчлэлтийг хийж байгаа вэ. Тэр талаараа дэлгэрэнгүй ярина уу?

Өнгөрсөн арван жилийн хугацаанд нийгэм эдийн засгийн байдал маш их өөрчлөгдсөн. Эмчилгээний зарим аргууд хүртэл шинэчлэгдсэн. Эмийн үнэ ханш ч мөн адил.

Ер нь миний бодлоор олон салбарууд дотроос хууль эрх зүйн орчин болон бусад стандарт хэвшсэн байдлаараа манай эмийн салбар сайн хөгжсөн.

Эмийн үндэсний чуулган 2012 он

Төрөөс баримтлах бодлого, эм эмнэлгийн хэрэгслийн хуультай. Хуулиа хэрэгжүүлэх салбарын гол стандарттай, стандартыг хэрэгжүүлдэг журам заавартай байгаа нь эмийн салбар ямар их дэг журам, цэгц бодлоготой гэдгийг батлана. Харин одоо хийх өөрчлөлт нь үүнийг улам илүү цэгцлэх учиртай юм. Манай Ерөнхийлөгч ч том төрөөс ухаалаг төр лүү шилжих тухай ярьж, төрийн дарамтыг багасган түмний идэвхийг өрнүүлэхээр зорьж байгаа. Энэ бол алсын харсан ухаалаг, ард түмний эрх ашигт нийцсэн бодлого юм.

-Энэ жилийн хувьд эмийн салбар тэр дундаа эм ханган нийлүүлэгч, эм үйлдвэрлэгчдэд ямархуу он байсан бэ. Ямар ахиц дэвшил гарсан бэ?

Сайхан он жил байлаа. Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Ер нь манай салбарын хувьд төрийн хүнд ачааг өөрсдийнхөө нийгмийн эрх ашгаар, иргэний нийгэм рүү хандах хандлага нь илүү байдаг.

Өмнө нь эмийн салбарт эм ханган нийлүүлэгчдийн холбоо, найруулагчдын холбоо, эмийн санчдын холбоо гэх мэт олон жижиг холбоо, төрийн бус байгууллагууд байсан. Ганц нэгээрээ эрх ашгийнхаа төлөө тэмцэх нь хүч багатай байсан учраас дөрвөн холбоо нийлж Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоог байгуулсан.

Эмийн салбарт ажиллаж буй манай гишүүн байгууллагууд мэргэжлийн өндөр стандартыг гол чиглэлээ болгож, бүгдийг журмын дагуу хийж чаддаг болсон. Ямартай ч манай гишүүн эм ханган нийлүүлэгчид хуурамч эм, чанарын шаардлага хангаагүй эмийг борлуулдаггүй гэдгийг батлан хэлмээр байна.

Хуурамч эмийг мэргэжлийн бус хүмүүс л авчирч байгаа.

Харин тийм хуурамч эмийг мэргэжлийн бус хүмүүс л авчирч байгаа. Гэхдээ бор зүрхээрээ яваа эмийн салбарынханд төрийн багахан дэмжлэг хэрэгтэй. Энэ нь цаашдын эмийн үйлдвэрлэлийн хөгжил, дэвшилд их чухал нөлөөтэй. Учир нь үнийн өсөлт, мөнгөний ханшийн өөрчлөлтөд хувийн хэвшлүүд өөрийнхөө чадамжаар эм, эмнэлгийн хэрэгслээр хүн амыг хангахад бэрхшээлтэй.

-Өнгөрсөн онд болсон Эмийн үндэсний чуулганы үеэр манай улс нийт эм хангамжийн 80 хувийг импортоор авдаг тухай ярьж байсан. Эм ханган нийлүүлэгчид аль улсаас ихэвчлэн эм оруулж ирдэг вэ?

Эмийн үйлдвэрүүд түүхий эдээ ихэвчлэн Хятадаас оруулж ирдэг. Ер нь ганц монгол гэлтгүй дэлхий нийт энэ том гүрнээс худалдан авалт хийж байна. Манай улсын хэмжээнд эм үйлдвэрлэгчдээс илүүтэйгээр эм ханган нийлүүлэгчид их байгаа.

Мөн хойш хөрш Орос улс, Болгар, Чех, Герман, Франц, Англи, Швейцарь, Америк, Хойд  Солонгос, Вьетнам, Энэтхэг, Грек, Казахстан улсуудаас импортолж байна.

-Тэгэхээр энэ жилийн валютын чангарал эмийн салбарт хэрхэн нөлөөлсөн бэ?

Их хүнд нөлөөлсөн.  Жилийн өмнө байгуулсан гэрээний үнэ нь өнөөгийн валютын огцом өссөн өөрчлөлтөөс болж эм ханган нийлүүлэгч, гэрээлэгчид ихээхэн хэмжээний хохирол хүлээж байна.

Тиймээс Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны зүгээс Монгол улсын засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаанд хандан, бичиг хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй л байна. (Шаардлагын агуулгыг http://vip76.mn/content/21343-ээр орж үзнэ үү)

Тиймээс 2014 онд тендерээр нийлүүлэх эм, эмнэлгийн босго үнийг нэгдсэн тооцоо судалгааг үндэслэн ханшийн зөрүүг тооцож нэмэгдүүлэх, тендерийн багцуудыг ЭМЯ-наас бодлогоор зохицуулан нэр төрлөөр нь гаргаж чиглэл өгөх, ЭХНБ, Эмийн үйлдвэрүүд нь жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд багтаж байгаа тул Засгийн газраас анхаарах хэрэгтэй байна.

-Тендерийн барааны чанарыг сайжруулж, тендерийн үнийг нэмэх шаардлагатай юу?

Төрийн худалдан авалтын тендер шалгаруулалт нь хамгийн хямд гэсэн зарчмыг барьж байгаа учраас зарим талдаа чанаргүй. 

Одоо тавин хувь чанар, тавин хувь үнийн саналыг хардаг болсон. Гэхдээ үнэ хямдыг сонгох хандлага байсаар байгаа.

Хамгийн хямдаар нь биш, хамгийн чанартай эмнэлгийн практикт хэрэглэдэг эмийг л сонгох хэрэгтэй

Чанартай эмийг нь сонгох ёстой.  Хамгийн хямдаар нь биш, хамгийн чанартай эмнэлгийн практикт хэрэглэдэг эмийг л сонгох хэрэгтэй байна. Эмнэлгийн үйлчилгээний чанарыг өвчтөн богино хугацаанд бүрэн эдгэрэх ёстой гэсэн эдийн засгийн үзүүлэлтээр харах ёстой.  Харин гол нөхцөл нь чанартай сайн эм. Тендерийг тухайн жилд ирсэн бараа бүтээгдэхүүнд анализ хийгээд үр дүнгээр нь дүгнэлт хийж, дараа жилийн худалдан авалтаа хийдэг болмоор байна. Түүнээс биш бага үнэтэй эсвэл үзэгдээгүй рекламаар шалгаруулж болохгүй. Гэхдээ энэ бол миний санаа.

-Манай улсын хувьд эм үйлдвэрлэгчид өөрийн улсын түүхий эдээ ашиглаад хүн ардынхаа эрүүл мэндэд тустай, эмийг тодорхой хэмжээгээр үйлдвэрлэх болсон. Артишок, салимон гэх мэт шинэ нээлтүүд хийгдсэн?

Эмийн ургамлын чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй газрууд байгаа. Одоогийн байдлаар хамгийн сайн нь Моносын бүтээгдэхүүн орж байна.

Учир нь эмийн ургамлыг тарималжуулж, эрдэм шинжилгээ судалгааны түвшинд хийж, үйлдвэрлэл, худалдаа гээд бүгдийг нь цогцоор нь явуулдаг.

Харин уламжлалт анагаах ухааны чиглэлээр Мамбадацан хийд, Тавин Ус, Нахиа зэрэг эмийн үйлдвэрүүд байгаа.

-Манай улсад эмийн ургамлын 5000 гаруй нэр төрлийн ургамал бий хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Бид энэ нөөцөө хэрхэн зохистой ашиглаж, хамгаалах ёстой вэ?

Ер нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг нь 5000 гаруй зүйлийн ургамал байдаг ч судлагдсан нь 300 нэр төрлийн эмийн ургамал бий.  Үүнээс 200 гаруй нь нэн ховор учраас улаан номонд орчихсон.

Дэлхий дээр нийт 13 зүйл ургадаг, түүний 5 зүйл нь Монголд ургах бөгөөд Урал чихэр өвс илүү тааралдана

Тийм учраас ховор ургамлаа шууд байгалиас нь тасдаад, хэрэглэж болохгүй. Аль болохоор тарималжуулж хэрэглэхгүй бол устах аюултай. Хамаагүй хэрэглэснээс болж чихэр өвсний нөөц багасчихсан. Манайхан Хойд Солонгосоос чихэр өвч авч хэрэглэх болсон шүү дээ. Цагийн сайнд чихэр өвсөө Вьетнам руу гаргадаг байсан. Тиймээс яаралтай тарималжуулж хамгаалах хэрэгтэй.

Манай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 300 нэр төрлөөс 30 ургамлыг эмийн үйлдвэрлэлд ашиглаж байна. Энэ дотроо сүүлийн үед шинээр салимон, дархлаа сайжруулах эмийн ургамлын цайнууд ихээр гарч байгаа шүү дээ.

-Эмийн ургамлын нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглах ёстой вэ?

Манай улс газар зүйн нутаг дэвсгэрийн хувьд хүрэлцээ ихтэй учир Мьяанмар, Солонгосыг бодвол нөөцөө зөв ашиглаж, хамгаалах боломжтой. Зах зээлийн нүдээр харж ухамсаргүйгээр эмийн ургамлыг үндсээр нь тасдаж ашиглавал удахгүй устчихна.  Манайхан мөнгө болчихоор зүйлийг хайр гамгүй устгаж байгаа жишээ олон байна. Тухайлбал эвэрнээсээ болж бугагүй болсон. Арьснаас нь болж тарвагыг олноор нь хядсан. Хятад улс гэж амаа ангайсан том зах зээл рүү ямар ч зүйл ороод сураггүй алга болдог.

Монголын цөөн тооны амьтад байтугай нутаг дэвсгэр минь тэр чигээрээ ороод алга болохыг үгүйсгэхгүй. Ийм эмгэнэлтэй байдалд хүрэхгүйн

http://mongolnews.mn/i/24831-ээс дэлгэрэнгүй мэдээллийг уншина уу

тулд нөөцөө зөв зохистой ашиглах хэрэгтэй. Хойд Солонгос улс маш жижиг газар нутаг дээр олон зүйлийн эмийн ургамлыг тарьж байна.

Тэдний чихэр өвс манайхаас чанарын хувьд дөрөв дахин муу. Эмийн ургамлаа байгалиас нь авахдаа үр үндсээр нь биш, үндсийг нь үлдээж, таван жилийн зайтай авах хэрэгтэй. Тэгж чадвал хамгаалж чадсан.

Манайхан ухдаг алтнаас, ургуулдаг алт дээр гэсэн үгийг хэн хэн нь  бодож тунгаамаар.

Япончууд нэг удаа бид нарт энэ тухай хэлж байсан. Та нар газар доорхио л ухаад байх юм, газрын хөрсөн дээр чинь өчнөөн алт байна шүү дээ гэсэн нь үнэхээр үнэн. Хүнсний өчнөөн зүйл ургамал байхад дээгүүр нь гишгээд л харахгүй өнгөрч байна.  

 Ярилцсанд баярлалаа.