Төрийн одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулан өглөө
Эрүүл мэндийн салбарынханд шагналын хур буулаа
2013.12.30

Төрийн одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулан өглөө

Эрүүл мэндийн салбарынханд шагналын хур буусан баяр хөөртэй, эерэг сайхан өдөр тохиолоо.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа нар өнөөдөр 10 цагаас эрүүл мэндийн салбарын шинэ гавьяатуудаа хүндэтгэн, хүлээн авч уулзсан юм.

Монгол улсын “Хүний гавьяат эмч” цол хүртсэн ЦЭ-ПҮ эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ч.Цэдэн-Иш, "Бүжинлхам эмнэлэг"-ийн ерөнхий эмч А.Цогзол, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхмийн эрхлэгч Н.Пүрэвжав, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртсэн НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ж.Купул, Эм ханган нийлүүлэх "Чигатуссин" компаний захирал, эм зүйч А.Ламжав, Эмийн үйлдвэрийн ахмад ажилтан Л.Янжин, “Гавьяат багш” цол хүртсэн Ач анагаах ухааны дээд сургуулийн зөвлөх багш Л.Галцог нарт баяр хүргэж, салбарын түүхэнд тэмдэглэн яамны “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулсныг танилцуулсан юм.

Мөн эрүүл мэндийн сайдын зүгээс гавьяатууддаа баяр хүргэж, хүндэт дэвтэрийн гэрчилгээг хүлээлгэн өглөө.

Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 201 дүгээр зарлигаар шагнагдсан хүмүүсийн шагналыг Эрүүл мэндийн сайд гардуулан өгөв.