"Шинэчлэлийн баатрууд"-ын санаачилсан ажлууд олон хүнд өгөөж өгч байна
Санаачилсан ажил, бүтээсэн амжилтаараа үлгэр жишээ болж буй “Шинэчлэлийн баатрууд”-тай Ерөнхий сайд Н.Алтанхуяг оройн зоог барьж, ажил үйлсийнх нь талаар ярилцлаа.
Шинэчлэлийн баатар Алтангэрэлийн ЛХАГВАДОРЖ:
Шинэчлэлийн баатар Алтангэрэлийн ЛХАГВАДОРЖ
Хөдөөгийн ногоочдыг хотын зах зээлтэй холбосон менежментийн гүүр тавьснаараа тэр “Шинэчлэлийн баатар”-аар нэрлэгдлээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хүнсний ногоо борлуулах 28 цэг байгуулан орон нутгийн ногоочдыг түрээсгүй ажиллуулсан чухал ажлыг тэр гардан хийсэн юм. Скай худалдааны төвийн өмнө жил бүр ногоочдыг зохион байгуулж борлуулалт хийлгэдэг байсан туршлагадаа тулгуурласнаас гадна Ерөнхий сайдын хэлдгээр “сэтгэл гаргаж” ажилласнаа тэрбээр хэлж байна.
Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ үгийг сонсдог төдийгүй шинэлэг, бүтээлч санаачилгыг нь дэмждэг. Бидэнд борлуулалтын цэг байгуулж өгөөч гэсэн саналыг Сэлэнгийн ногоочин н.Энхцэцэг анх хэлж байсан бол нийслэлийн иргэн А.Лхагвадорж ийнхүү бодит ажил болгосон юм. Үр дүнд нь Сэлэнгийн төдийгүй Монголын 63 мянган ногоочин ургацаа борлуулж, ахуй амьдралаа залгуулжээ.
Шинэчлэлийн баатар Намбаралын ЭРДЭНЭБАЯР:
Шинэчлэлийн баатар Намбаралын ЭРДЭНЭБАЯР
Өдөр өдрөөр хотжиж буй өнөө цагийн хүүхдүүдэд монгол ахуй соёл, өв уламжлалаа шинэ хэлбэрээр зааж өгөх хэрэгтэй байна гэсэн санал хэлж, цагаан сарын өмнө тэр анх Ерөнхий сайдтай уулзжээ.
Зурагт ном бүтээх түүний санаачилгыг Ерөнхий сайд дэмжиж, "Бумбардай" хэмээх 108 цуврал ботийн эхний дугааруудыг санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр зураач Н.Эрдэнэбаяр зургаан жилийн мөрөөдлөө ажил болгож эхэлжээ. Өнөөдөр түүний удирдлагад 7 зохиолч, 15 зураач ажиллаж байна. Тэд "Бумбардай" зурагт номын хоёр дахь дугаарыг ирэх долоо хоногт гаргахаар бэлтгэж байна.
Шинэчлэлийн баатар Отгонбаярын ЭНХМӨНХ:
Шинэчлэлийн баатар Отгонбаярын ЭНХМӨНХ
Дэлхийн улс орнууд төрийн үйлчилгээндээ ашигладаг цахим машиныг эх орондоо нэвтрүүлэх талаар Ерөнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн зөвлөлийнхөн өнгөрсөн оны 10 дугаар сард санал гаргаж байлаа. Үүнийг бодит ажил болгож хэрэгжүүлье гэж тус зөвлөлийн гишүүн О.Энхмөнх өөрийн хүсэлтээр үүрэг авч байв.
Программыг нь бичих, машиныг нь хийлгэх гээд олон ажлыг хариуцаж ажиллаад, Төрийн үйлчилгээний цахим машинуудыг энэ оны 6 дугаар сарын 19-нээс эхлэн ашиглалтад оруулсан юм. Нийслэлд байрлуулсан 17 машинаар одоогийн байдлаар иргэд 70 мянган удаа үйлчлүүлж, 800 сая төгрөгөө хэмнэжээ. Иргэдийн зарцуулах байсан унааны, бичиг цаасны зардлыг тусгай аргачлалаар тооцоолоход ийм хэмжээний хөрөнгө болсон байна.
Системийн инженер О.Энхмөнхийн ажил дуусаагүй. Төрийн ямар үйлчилгээ хаана түгжирч саатаад байгааг судалж, ТҮЦ машинд дараа дараагийн үйлчилгээг нэмэхээр хөгжүүлэлт хийж байна.
Шинэчлэлийн баатар Батчулууны АНХБОЛД:
Шинэчлэлийн баатар Батчулууны АНХБОЛД
Уулзварын өргөтгөлд өөрийн эзэмшлийн 310 метр газрыг чөлөөлөн өгч, иргэний ухамсарт үйлдлээрээ хөгжилд хувь нэмэр оруулсан Б.Анхболдыг Засгийн газрын тэргүүн онцлон тодотгож байна. Нийслэлийн хамгийн ачаалалтай хэсэг болох Халдвартын уулзварт “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөл хийхэд худалдаа үйлчилгээний төвийнхөө талбайгаас гаргаж өгснөөр одоо ажлынх нь дэргэдэх уулзвар дээр жолооч нар өдөр шөнөгүй дуут дохио хангинуулан бухимдахаа больсон гэнэ. Сэтгэл гаргаж дэмжсэн ажил нь олон түмэнд тустай байгааг харах, бас тэр уулзвар нь "Дарханминжийн уулзвар" гэж нэрлэгддэг болсонд сэтгэл хангалуун яваагаа тэр хэллээ.
"Шинэчлэлийн баатрууд"-ын эдгээр бүтээлч ажил олон мянган хүнд үр өгөөж өгснийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд, шинэчлэлд сэтгэл зүрхээ зориулсанд нь талархал илэрхийллээ. Шинэчлэлийн баатрууд тодорсоор байна