Н.Алтанхуяг: Яагаад Чингэс хот болгож байгааг би ч ойлгоогүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.11.22

Н.Алтанхуяг: Яагаад Чингэс хот болгож байгааг би ч ойлгоогүй

“Ерөнхий сайдын 30 минут ” уулзалт ярилцлага өчигдөр болж Н.Алтанхуяг сайд мэдээлэл хийлээ. Тэрээр хоёр улсыг холбосон хатуу хучилттай замтай болсныг тэмдэглээд төсөв батлагдсантай холбоотой зарим тайлбар мэдээллийг өгсөн. Ингээд уулзалт ярилцлагын үеэр дурдагдсан мэдээллийг тоймлон хүргэе.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Яагаад өсөн нэмэгдэх роялтын татварыг багасгах гээд байгаа юм бол?

-Засгийн газраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ер нь алтны олборлолтод татвар, хориг саад их тавих хэрэггүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Өндөр татвар тавих нь валютын нөөцөд нөлөөлдөг.

Засгийн газар хуулийн төслийг санаачлахдаа татварын хэмжээг бууруулах асуудлыг ярьсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) хуучин таван хувь байсныг 2.5 болгож бууруулах л хуулийн төсөл юм. Ингэхгүй бол алтны олборлолт эрс багасч, олсноо нууж байна.

-УИХ-ын гишүүн М.Зоригт 2015 оноос буруу талдаа хүрдтэй машиныг импортоор оруулахгүй байх хуулийн төсөл санаачилсан. Үүнийг яаж харж байна?

-Одоохондоо энэ асуудлыг Засгийн газар дэмжихгүй. Өнгөрсөн жил нийслэлээс бас ийм санал гараад дэмжигдээгүй.

-Хэнтий аймгийн төв Өндөрхаан сумыг Чингис хот болгочихсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Би ч бас сайн ойлгохгүй байна. Хуулиа харах ёстой болов уу.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гадаад өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх асуудал дэмжигдээгүй. Одоо гаднаас авахаар тооцсон зээлээ хэрхэх вэ?

-Өрийн хэмжээг нэмэгдүүлнэ, гэхдээ 60 хувиас хэтрэхгүй байхад боломжтой гэж байсан. Зээл нэмэгдэхгүй бол бүтээн байгуулалт энэ жилийнх шиг урагштай явахгүй л дээ.

Монгол Улс өртэй болох нь гэж наанаа матрын нулимс унагаж байгаа цөөн хүнд бүтээн байгуулалт хийлгэхгүй байх сонирхол байх шиг байна.