Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллалаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллалаа.
2013.11.20

Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон эхэлсэн ажлуудтай танилцаж, бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзалт хийсэн юм.

“Сайншанд-2” шинэ суурьшлын бүс     

Шинэ суурьшлын бүс нь аймгийн төвөөс гурван км зайтай бөгөөд орон нутгийн төсвөөр цахилгааны шугам болон хатуу хучилттай авто замын ажил дуусчээ.

Сайншанд сумын нэгдүгээр багийн нутагт аймгийн Засаг даргын захирамжаар 11,4 га газрыг “Шинэ Сайншанд” орон сууцны хороолол шинэ суурьшлын бүс байгуулах тухай газар эзэмшүүлэх захирамж гарч зарим ажил хийгдээд байна.

Шинэ суурьшлын бүс нь аймгийн төвөөс гурван км зайтай бөгөөд орон нутгийн төсвөөр цахилгааны шугам болон хатуу хучилттай авто замын ажил дуусчээ. Энд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төвийг цогцоор нь байгуулах юм.

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 8,4 мВт-ын дулааны станц, цэвэр болон бохир усны шугам зэрэг дэд бүтцийн ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

“Архи бидний сонголт биш” залуучуудын хэлэлцүүлэгт оролцов

Дорноговь аймгийн нийт хүн амын 41,8 хувийг залуучууд эзэлдэг харьцангуй залуу хүн амтай аймаг юм.  Залуучуудын дунд архины хэрэглээг багасган, архигүй ирээдүйг бүтээх хүсэлтэй залуус нийлэн “Архи бидний сонголт биш” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Дорноговь аймгийн нийт хүн амын 41,8 хувийг залуучууд эзэлдэг.

Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, ийм эрүүл зөв үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн төр биш олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. 

Ерөнхий сайд  телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож иргэдийн асуултад хариуллаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сайншанд хотын иргэдтэй телевизийн шууд ярилцлага хийлээ. Шууд ярилцлагын үеэр иргэд утсаар асуулт, саналаа хэлж, Ерөнхий сайд болоод холбогдох яам, агентлагийн удирдлагууд  хариулт өгсөн юм.

Шууд ярилцлагын үеэр иргэд утсаар асуулт, саналаа хэлж, Ерөнхий сайд болоод холбогдох яам, агентлагийн удирдлагууд хариулт өглөө.

Жижиг дунд үйлдвэрүүд нээж орон нутагт ажлын байр бий болгох, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах, төрийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд ил тод, нээлттэй болгох гэх мэт нийтлэг асуудлыг  хөндөж, эрүүл мэнд, боловсрол, уул уурхайн салбарын үйл ажиллагааны талаар олон асуулт тавилаа.

Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлснээр аймгууд  өмнө байгаагүй их мөнгийг өөрсдөө мэдэж зарцуулах болсон. Орон нутгийн хөгжлийн сангийн энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулахад иргэн бүр санал, дуу хоолойгоо орон нутгийн удирдлагууддаа хүргэх ёстой гэж Ерөнхий сайд  хэллээ.

Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барихдаа цаашид гарах урсгал зардлыг хэрхэн шийдэхээ сайтар бодолцох ёстой гэдгийг  анхаарууллаа.