Т.Бямбаа: Тууз хайчилсан л бол маргаашаас нь арчлах ёстой
Монголын авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа
2014.01.13

Т.Бямбаа: Тууз хайчилсан л бол маргаашаас нь арчлах ёстой

Монголын авто замын салбарын өнөөгийн байдлын тухай Замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаатай ярилцлаа.

-Зам дагаж хөгжил гэдэг үгийг та хэр бодитой гэж боддог вэ?

-Хөгжилгүй яахав. Замын бүтээн байгуулалтыг дагаад манай оронд ирэх жуулчдын тоо өсөн нэмэгдэнэ. Яагаад гэвэл, жуулчид аялж, зугаалах гэж буй орон нутгийнхаа зам харилцааг хамгийн түрүүнд судалдаг. Ингээд яриад байвал зам гэдэг хөгжлийн түүчээ юм.

-Мэдээж хатуу хучилттай замын тухайд энэ ойлголт илүү бодит байх биз?

-Замын салбарын маань хөгжилд нэг ийм түүх байдаг юм. 1980-аад оны үед гадныхан зам тавихаар манай улсад ирж судалгаа хийж. Тухайн үед асфальтан хучилт бүхий зам тавих гэтэл манай замын хөдөлгөөний эрчим бага болохоор хөрөнгө мөнгө ч хэмнэх үүднээс Дэлхийн банкны санхүүжилтээр Ховд хүртэлх бартаа ихтэй гэж үзсэн уул нуруу, намаг ч юм уу автомашинаар зорчих боломжоор хомс газруудад хайрган зам барьсан гэдэг. Мөн Өвөрхангайн Хархорин сумаас Архангай хүртэл хайрган зам тавьж.

Гэтэл нөгөө хайрган зам нь бариад 20 хонов уу үгүй юу дэржигнүүр үүсч, элэгдэл хорогдол нь гарч. 20 хоноод замаа дахин хусч шороо, чулуу нэмж нөхөн сэргээж арчилна гэдэг бүүр ч зардал ихтэй болж эхэлж гэнэ. Тэгээд л асфальтан зам хэрэгтэй юм байна гээд тавьж эхэлсэн гэдэг. Тухайн үед асфальтан замын стандарт нь хоёр үеэр, долоон см ч юм уу хийгдэж байсан. Угтаа, асфальтан зам гэдэг дор хаяж дөрвөн үе байх ёстой атал тухайн үед хөдөлгөөний эрчим бага учир замын хучилтыг таван см болгосон байдаг. Тэр стандарт нь одоо хүртэл хэвшил болчихсон. Тиймдээ л өнөөдрийг хүртэл бид тогтсон стандартгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаанд баригдаж зам тавиад байна.

-Хэвшил болчихож гэдэг нь?

-Тийм. Хэвшил болчихоод байгаа юм. Тэр ч байтугай долоон метр өргөнтэй байх замыг зургаан метрээр тавьсан түүх ч бий. Өнөөдөр хөдөлгөөний эрчим, ачаа тээвэр ч ихэссэн. Энэ үед нь шинэ стандартаа яаралтай батлах хэрэгтэй.

-Тухайн үед 30, 40 жилийн дараахыг хараагүй байх л даа?

Наандаж машин тэрэг эвдрэлгүй явах, цаг хугацаа хэмнэх гэх мэтчилэн.

-Хараагүй ч гэж дээ, дэлгүүрийн лангуу хүртэл хоосон байлаа. Юун зам манатай. Одоо бол огт өөр болж. Уул уурхайгаас мөнгө олж байна, улс орон, аялал жуулчлал хөгжсөн, ард иргэдийн амьдрал ч дээшилсэн энэ цаг үед зайлшгүй хатуу хучилттай зам хэрэгтэй. Замаас ашиг олох нь гол биш эргээд эдийн засагт багагүй нөлөөтэй гэдгийг л бодох ёстой. Наандаж машин тэрэг эвдрэлгүй явах, цаг хугацаа хэмнэх гэх мэтчилэн. Жишээ нь, Улаанбаатараас Хэнтий орлоо гэхэд урд нь хэд хонодог байлаа.

Бараг Багануур хүртэл хонож очдог байсан. Гэтэл одоо цаг хүрэхтэй үгүйтэй давхиад л орчихож байна. Машин эвдрэхгүй, бензин тосонд ч хэмнэлттэй. Ер нь, зам гэдэг манайх шиг хөгжиж буй оронд ирээдүйд их ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Тэрнээс биш шууд өнөөдөр бариад маргааш ашгаа өгнө гэж байхгүй.

-Орон нутгийн зам ч тэр нийслэлийн зам ч тэр насжилтын хувьд 10 байтугай жилээ даах нь ховор. Тэгэхээр ард иргэд жил болоод л эвдэрдэг замд мөнгө үрээд хэрэг байна уу гэдэг?

-Хотын замын тухайд, Улаанбаатар хотын хөрс, суурь нь тэр чигтээ намаг байсан юм гэдэг. Тэр үеийн хятадууд хоёр метр хүртэл шавар, намгийг нь ухаж аваад зам тавьж байсан тохиолдол байдаг юм гэсэн. Эвдрэл гэдэг бол дээд хучилтыг хэлээд байгаа юм л даа. Гэтэл, бүтээн байгуулалтын он жилүүдэд хотын замыг хийхдээ сууриар нь засалгүй шавар намган дээр шууд хуччихсан байдаг. Суурь муутай бол мянга үнэтэй, мянга алт тавиад, зузаан байгаад ч нэмэргүй. Дээд эвдрэл гэдэг нь доод суурь, хөрстэйгөө шууд холбоотой эд.

Эхлээд чулуун суурийг нь шинэчлээд дээд талыг нь засах хэрэгтэй. Жишээ нь, хөлдөлтөөс хамгаалах үе гэж байдаг. Хүмүүс хувцас өмсдөгтэй адил хөлдөлтөөс хамгаалсан тусгай орц бүхий үе бий. Мөн суурь үе гэж байна. Тэдгээрийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Тэрнээс биш зүгээр өнгөлж, хучилт хийснээр зам засч, бариад байгаа хэрэг биш. Одоогоос арваад жилийн өмнө хөрөнгө бага байсан учир нөхсөн болоод л орхиж байлаа. Хэмнэлт хийж байгаа нь энэ гээд нэг жилийн настай зам бариад байж болохгүй биз дээ. Гэхдээ чанартай зам байгааг  бас үгүйсгэж болохгүй. Зам барьдаг компаниудын өрсөлдөөн дундаас л чанартай зам баригдана шүү дээ.

2013 онд хийсэн ажлууд өнгөн хучилтыг долоон см-ээр, доод хучилтыг нь 20 см-ээр хийж цементээр бэхжүүлсэн, товчоор боломжийн гэж үнэлэхээр болсон. Замын чанарыг сайжруулъя гэвэл юуны өмнө стандартаа өөрчлөх хэрэгтэй. Стандартаа дагаад үнэ өсөх нь тодорхой. Тэрнээс биш зам тавиад л олон км болж л байвал тухайн Засгийн газрын ч юм уу, тэр үеийн сайд, дарга нар  их ажил хийчихсэн гэсэн үг биш.

Чанартай, стандарттай тэр нь урт настай зам л байх ёстой. Стандартаа шинэчлээд ирэхээр дараа нь хувь хүний асуудал болж хувирна. Тухайн зам дээр ажиллаж буй компани, компанийн ажилтан албан хаагчид, инженер, механизмчин, ажилчин гээд  хүн бүрээс тэр замын чанар, насжилт хамааралтай. Тийм учраас л тогтсон норм, стандартыг бариулж хийлгэдэг  л болох ёстой.

-Үүнийг чинь дагаад нөгөө л боловсон хүчний асуудал сөхөгдөнө. Манайд ер нь замын мэргэжлийн ажилтны хүрэлцээ хэр байна?

Одоо бол зөвшөөрөл олгох анхан шатны бүрдүүлэлт нь манайхаар дамжаад яам руу очдог.

-Боловсон хүчин тааруу шүү. Ойролцоогоор 800-гаад инженер байхад 400-аад компани байна. Тэгэхээр, нэг компанид хоёр инженер байна гэсэн үг.  Гэхдээ тэр бүр нь чанартай гэсэн үг биш. Үүнээс тусгай зөвшөөрлөө хэт замбараагүй олгочихсон нь харагдаж байгаа юм. Одоо бол зөвшөөрөл олгох анхан шатны бүрдүүлэлт нь манайхаар дамжаад яам руу очдог. Бид журамд юу гэж заасан түүгээр л шийднэ. Журамдаа бол харьцангуй гайгүй л дээ. Шинэ компаниуд шууд хэдэн зуун км урт зам тавиад байхгүй.

Гурван км-ээс эхэлнэ, тэгээд тав, арав, арван тав, 25, 50, 50-иас дээш гэхчлэн. Тэрэнд нь заасан тоног төхөөрөмжтэй, шаардлагад нийцсэн ажлын туршлага бүхий инженер техникийн ажилтан,ажилчидтай  байх ёстой. Одоо бол тусгай зөвшөөрлөөрөө энэ нь 30 км, энэ нь таван км зам барих компани гэхчлэн чадавхи, төвшингөөр нь  ангилаад ирнэ.

-Байгалийн шалгарлаараа хасагдаад байна биз?

-Хүмүүс замынхан гэхээр л их хөрөнгөтэй гэж ойлгодог. Энэ жил уул уурхай зогслоо. Уул уурхайнхан зам руу орж л байдаг юм. Гэхдээ зам гэдэг чинь тусгай мэргэжлийн ажил. Жишихэд, эмчтэй л адилхан. Хэн дуртай нь “зүрхэнд” хагалгаа хийгээд байдаг юм биш. Хоёрт, чанар чансаа талаас нь шаардлага тавиад ирэхээр нөгөө компани маш их хөрөнгөөр техник хэрэгсэл авсан ч ажлыг нь хийж чадахгүй дампуурна. Яагаад гэвэл тоног төхөөрөмжийн үнэ өртөг өндөр. Тиймээс нэгэнт замын ажилд гар дүрсэн бол стандартын дагуу, мэргэжлийн хүмүүс л хийх ёстой.

Одоо ажиллаж байгаа компаниудыг харахад Монголын компаниуд хурдтай болсон байна. Бас гайгүй чанартайгаар ажлаа гүйцэтгэж байна. Мэдээж замыг чанаргүй хийвэл хар дансанд ороод зам барихаа болино. Тийм учраас тэр олон техник, тоног төхөөрөмж авч, хөрөнгө оруулалт хийчихээд чанаргүй зам баримааргүй  байна биз дээ. Тэгэхийн тулд ажиллаж байгаа боловсон хүчнийхээ чадавхийг сайжруулах нь ямагт чухал байдаг.  

-Гудамж төсөл дээр үүний жишээ тод харагдсан шүү дээ. Хэлсэн ярьсандаа хийж чадаагүйд нь дахин ажил олгохгүй гэж?

-Энэ жил Гудамж төслийн ажил харьцангуй эрт дууслаа. Олон компани байсан болохоор тэдгээр компанид дахин ажил олгох боломж ч муу. Бүгдээрээ нэг, нэг ажил аваад хийсэн. Шинэ компаниуд ч хийлээ. Гэхдээ шинэ ч бай, хуучин ч бай стандарт технологи гэдгийг яс баримталбал болохгүй юм үгүй.

-Та өөрөө энэ салбарын хүний хувиар гудамж төсөлд дүн тавибал?

-Анх ажил эхэлж байхад би огт танихгүй хүмүүстэй очиж уулзаж байсан. Анх уулзахад Монголын компаниуд зураг хийж чаддаггүй, зам барьж чаддаггүй гэж байлаа. Тэгэхээр нь зураг хийдэг, барьдаг компанитай нь уулзууллаа. Түүний дараахан Монголд анх удаа замын экспо болсон юм. Тэр экспод очиж үзүүлсэн. Ийм ийм компани байна. Тоног төхөөрөмж, технологи гээд хамаг л юмыг нь танилцуулаад монголчууд хийж чадна гэдгийг ойлгуулсан. Тэрнээс хойш Монгол компаниар хийлгэхийг хүлээн зөвшөөрдөг болсон.

Би хувьдаа гудамж төсөлд сайн дүн тавина. Энэ чинь гудамж төсөл шүү дээ. Зарим нь буруу ойлгоод байгаа юм. Нийслэлийн авто замын газар бэлээхэн байхад дахиад нэг юм гараад ирлээ гээд л. Урьд нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэхчлэн хотод зөндөө л зам барьж байсан. Үүнтэй л адил төсөл. Харин энэ төслийг би арай өөр менежменттэй, арай өөр гаргалгаатай гэж харж байгаа. Тийм ч учраас давгүй шүү.

-Дээр дурдсан 800 инженер гэдэг албан ёсны тоо юу?

-Инженер бол албан ёсны тоо. Замын мэргэжлийн боловсон хүчин дотооддоо бэлтгэж эхлээд 23 жил өнгөрч. Инженерүүд нэмэгдэж байгаа. Зам их баригдаад, замд хөрөнгө оруулалт нэмэгдээд ирэхээр энэ ажилд гар дүрэх хүмүүс ч ихэсч байна. Техникийн их сургууль, Техник технологийн коллеж гээд  инженер техникч бэлтгэдэг сургууль байсан бол энэ жил гэхэд тав, зургаан сургууль энэ чиглэлээр анги нээчихсэн. Тэгэхээр боловсон хүчин удахгүй л борооны дараахь мөөг шиг болно. Хамгийн гол нь сайн боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй, тэд нь “Технологи зөрчиж болохгүй, орж байгаа материал яг л заасан хэмжээнд байх ёстой” гэж толгойд нь суулгачихсан мэт тийм л ухамсартай ажиллах ёстой.

-Ухамсар гэснээс зам ярихаар нэг онигоо санаанд ордог юм. Энэ талаас нь манай дарга идсэн тэр талаас нь танай дарга идсэн гэж?

-Наадах чинь Улаанбаатараас Алтанбулагийн чиглэлийн замыг барихад л гарсан хоосон яриа. Яасан гэхээр, манай улсын Кувейтийн сангаас зээлсэн хөрөнгө нь тухайн замыг тавихад хүрэхгүй болчихгүй юу. Хөрөнгө дутсанаас дундаа тасарчих гээд байсныг нь тухайн үеийн дарга нар нь заавал хийх ёстой гээд зарлигдчихаж. Зааврын дагуу хийтэл мөнгө нь хүрэхгүй болчихоор нь ерөнхийд нь зургаан метр хийчихсэн хэрэг. Үүнийг л хүмүүс онигоо болгож ярьсан байгаа юм. Тэрнээс тийм тохиолдол байхгүй. Одоо нэг машин шороо асгасан чиг л хянадаг. Зам барьдаг компани байхад хажууд нь замыг нь хянадаг компани гэж тусдаа байна.

-Зам шинэчлэх, арчлах гэдэг нь шинээр тавьсан шиг чанартай байж чаддаг юм болов уу?

Ер нь бол, зам ашиглалтад орлоо л бол маргаашаас нь арчлах ёстой.

-Ер нь бол, зам ашиглалтад орлоо л бол маргаашаас нь арчлах ёстой. Хүн нүүрээ угаахгүй яваад байвал ямар байх уу. Сорвигүй ч гэлээ нүүрээ угаахгүй яваад байвал халтар л харагдана биз. Тэрний адил хог шороо, чулууг нь тогтмол цэвэрлэж байх ёстой юм. Тэмдэг тэмдэглэгээ байхгүй бол сэргээгээд. Энэ шинэ зам гээд тоохгүй хаях ч юм уу хөрөнгө нь хүрэхгүй нь, мөнгөнд нь тааруулж нөхсөн төдий болоод байвал насжилт нь л богиносно. Уг нь, арчилгаа тордолгоог нормативаар санхүүжүүлнэ гэж байдаг юм.

Нэг км зам засахад тэдэн төгрөг шүү гэхчлэн. Зам барихаасаа арчлалтад илүү анхаарахгүй бол энэ олон зуун км зам бариад байдаг арчлахгүй хаяад байвал нэг л өдөр бүгдээрээ байхгүй болно. Тууз хайчилсан л бол маргаашаас нь арчлах ёстой. Арчлахгүй хаях тусам эргээд зардал ихэснэ. Цас, ус, шороо чулуу өөр юу ч байдаг юм бүгдийг нь цэвэрлэж байх ёстой.

-Шинээр баригдсан замын насжилтыг 15 жилээр тогтоодог гэсэн?

-Ер нь бол их засвар арван жил байдаг юм. Гэхдээ муу муу л гээд байгаагаас манай зарим зам засваргүй арван жил болсон нь ч бий. Жишээ нь, Налайх чиглэлийн зам бүр ч их эвдрэлтэй. Элс хайрга, түлээ нүүрс ачсан машинууд вагон шиг л ар араасаа зорчиж байна. Тэгэхээр нөгөө тавхан см-ийн зузаантай асфальт чинь хагарахаас өөр яах билээ. Цуваагаар яваад цуваагаар ирээд байхаар л зам эвдэрдэг юм. Дугуй нь хагарсан 100 тоннын даацтай, ачаатай тэрэг дугуйгаа солино гээд нөгөө таван см асфальт дээр өдөржин зогсчихоор эвдрэхгүй яах билээ.

-Таны ярьж байгаагаас ойлгоход замаас мөнгө харамлахгүй байх нь зөв байх нь?

-Яг стандартад нь таарсан мөнгийг нь өгөөд стандартын дагуу л ажиллах ёстой. Гэхдээ одоогийн стандарт биш, Монгол орны нөхцөлд тохирсон, орчин үеийн тээврийн хэрэгсэлийн шаардлага хангасан Зам, гүүрийн шинэ хийц бий болгох талаар онцгой анхаарах шаардлагатай байна. Хамгийн гол нь стандарт. Гурил зуурахад ус, гурилын хэмжээг хэрхэн таруулснаас хатуу, шингэн болох нь хамаардаг, үүнтэй л адил. Тогтсон стандарт баталж, түүнийхээ дагуу л барих хэрэгтэй.

-Хоёулаа тэгвэл эргээд стандарт руугаа оръё. Мэдээж мөнгөнд захирагдах нь тодорхой. Гэхдээ орон нутаг, цаг агаар, хөрснөөс хамаараад стандарт ч өөр өөр байх ёстой юу?

-Угаасаа л стандартаа дагаж мөрдөнө. Өөр арга байхгүй. Зузаан нь долоо, ес, арванхоёр гэхчлэн. Стандарт нь юунаас хамаарч өөр байх вэ гэхээр хөдөлгөөний эрчим, хүнд даацын тэрэг хэр их зорчиж байгаагаас шалтгаална. Түүнд нь үндэслэн өргөн, зузаан, техник технологи, стандартыг тогтооно.

-Би Японы Токио хотод зам тавьж байгааг харсан. Хайрган хучилт нь 70 см бол асфальт нь 20-иод см хийгдэж байна билээ. Улаанбаатар хотын замд ямар стандарт мөрдөгддөг юм бол?

-Яг одоо манайд хотын замын стандарт гэж байхгүй. Тийм болохоор яаралтай стандарт батлах л хэрэгтэй. Хоёрт, манайхан муу хийгээд л байна гэдэг. Гэтэл байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж өөр өөр стандарт байна. Хотод ямар байх вэ, Баян-Өлгийд байгалийн тогтоц ямар билээ, өвөл нь хэр хүйтэн, зун нь яаж халах билээ гэхчлэн. Цаг уурын таван бүс байна. Тэдгээр таван бүст таарсан таван өөр стандарт байх ёстой юм. Гэтэл зам барих өртөг Баян-Өлгийд ч, Улаанбаатарт ч, Өмнөговьд ч адилхан байдаг. Тухайн орон нутагт баригдах замыг зураг төслийн дагуу тооцоолон гаргасан үнэ өртгөөр л хийх ёстой. Одоо Оросын стандартыг барьж ажиллаж байна.

“Road Expo Мongolia 2014” авто замын шинэ техник, технологийн олон улсын үзэсгэлэн, конференци хэзээ болох вэ?

-Монголд авто замын  экспог  хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уг экспог Монголын авто замчдын холбоо санаачилсан. Монголын авто замчдын холбоо “Road Expo Мongolia 2014” олон улсын үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, ирэх гуравдугаар сарын 21-24-нд нээнэ.

 -Монголдоо зохион байгуулахаар шинэ техник технологи танилцуулна, хөрөнгө оруулагчид цуглана гээд мэдээж олон давуу талтай байх?

-Дэлхийн шинэ шилдэг технологи, манайхтай ижил цаг ууртай бусад оронд хэрэглэж буй сүүлийн үеийн технологийг Монголд оруулж ирэх, тэдгээр технологийг оруулахад тоног төхөөрөмжүүд нь дагаад орж ирнэ. Монголд тэдгээр шинэ техникүүд ороод ирдэг ч хаана, ямар юм байгааг нь мэддэггүй. Тэр бүхнийг экспо үзэсгэлэнд нэгтгээд харуулах юм. Үүнээс гадна манай үндэсний компаниудыг Монгол улсын хэмжээнд танилцуулах явдал юм.

Манайхан өөрсдөө сайн, мууг нь мэдэхгүй байж “Монголын замын компаниуд муу” л гээд байдаг. Энэ үзэсгэлэнд та бүхэнд хүрэлцэн ирснээр Монголын замын компаниуд гэж ямар хүчин чадалтай, ямар мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай , орчин үеийн техник, технологиор зам барьдгийг харах болно.Мөн авто замын салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэл, төлөвлөлт, цаашид хийх ажлын талаар мэдээллийг эндээс авах боломжтой.