Ц.Элбэгдорж: Бүтээгчдээ, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж Монгол Улс хөгжинө
Монголд анх удаа “Экобус” ХХК автомашины үйлдвэр байгуулж байгаль орчинд ээлтэй Евро-4 стандарт бүхий том оврын автобус үйлдвэрлэж эхэллээ. Тус үйлдвэрийн нээлт өнөөдөр болов.
“Экобус” ХХК-г “Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Уг автомашины үйлдвэрт үндэсний стандартын шаардлага хангасан Евро-4 стандартын байгаль орчинд ээлтэй J-800 цувралын эко дизель хөдөлгүүртэй утаагүй автобусыг үйлдвэрлэж эхлээд байна. Автобусны урд хаалганы хэсэгт төлбөрийн цахим карт унших боломжийг шийдэж өгчээ. Үйлдвэр жилдээ 120 ширхэг автобус үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.
“Экобус” ХХК-ийн автомашины үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр нар оролцлоо.
Автомашины үйлдвэрийн нээлтэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Би ойрын хэдэн жил мундаг ажил хийсэн дүр эсгэж тууз хайчилсангүй. Харин энэ үйлдвэрийн нээлтэд ирье гэж бодож ирлээ. Яагаад ингэж бодсон бэ гэвэл монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байж, хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж байж хөгжилд хүрнэ. Энэ бол эцсийн үнэн юм.
Бид хувцас хунар, идэж уухаасаа авахуулаад хэрэглэдэг бүх зүйлээ гаднаас авна гэсэн сэтгэхүйтэй байсан. Гэтэл Монголдоо үйлдвэрлэх, Монголдоо угсрах боломж байгаа юм. Энд нэг зүйлийг хэлэхэд дэлхийн өндөр нэр хүндтэй автомашины үйлдвэрүүд эхлэхдээ үүнээс багаар, зүгээр л гаражид, хоёр гурван хүнтэй ажлаа эхэлж байсан байдаг. Тэгээд дэлхийн брэнд болтлоо цаашаа явсан байдаг юм. Өнөөдрийн энэ түвшин, автобусыг үйлдвэрлээд, угсраад гаргаж байгаа байдлыг үзэхэд монголчуудад наад зах нь хот суурин газраа явах автобусыг хэд хэдэн төрлөөр нь угсарч үйлвэрлэх боломж байгаа юм.
ийм автобус угсарна гэдэг бол цаанаа маш олон ажлын байрыг бий болгож байдаг.
Энд би нэг сайхан мэдээ дуулгахад нэг газар ийм автобус угсарна гэдэг бол цаанаа маш олон ажлын байрыг бий болгож байдаг. Энэ автобусанд орох дулаалга, шил, цонх гээд ажлын байрууд гарч ирнэ. Миний авч байгаа мэдээллээр ирэх жил энэ автобусыг үйлдвэрлэх, угсрахад Монголын 20-иод үйлдвэр оролцох юм байна.
Бид шилийг нь хийдэг болчихно. Бидэнд мотороос бусдыг нь хийх боломж байгаа. Төмрийнхөө нөөцийг ашиглаад сайн чанарын төмөр эндээ гаргаж чадах юм бол, сайн чанарын хуванцар, хатуу материал гаргаж чадах юм бол энэ автобусны өчүүхэн бага, үнэхээр шаардлагатай хэсгийг л гаднаас аваад бусдыг нь бүгдийг дотооддоо үйлдвэрлэх боломж байна. Ингэж Монголын үйлдвэрлэл цаашаа явах юм.
Хэдэн жилийн өмнө Цахилгаан тээвэр компани троллейбус үйлдвэрлэж байна гэж ярьдаг байсан. Яг иймэрхүү маягаар бидний үйл ажиллагаа шат шатаар цаашаа ахиж явах ёстой. Машин үйлдвэрлэлийн салбарт өнөөдөр гараагаа эхэлж байгаа, тодорхой хэмжээгээр угсралт явуулах гэж оролдож байгаа цөөн тооны компани гарч ирж байна. Эдгээр компаниуд чанар, үр ашгаараа уралдаад гарч ирэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн автобус, машиныг гаднаас өндөр үнээр худалдаж авдаг биш, эх нутагтаа үйлдвэрлээд нийлүүлэхэд өрсөлдөх чадвартай болно. Энэ боломжийг бид Монголын төрийн бодлогоор дэмжих ёстой.
Саяхан би Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй ярьж байсан. Одоо бол бид гаднаас оруулж ирж байгаа том оврын автобусыг татвараас чөлөөлж өгч байгаа. Тэгвэл автобус угсрахад шаардлагатай, гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөөд өгөх юм бол дотооддоо үйлдвэрлэж байгаа автобусны үнэ өрсөлдөх чадвартай болж гарч ирэх юм.
Монголд өөрийн хийсэн МОНЭЛ компьютерийг аль 1990 онд угсарч байсан. Одоо өөрийн хийсэн, Монголдоо угсарсан цахилгаан бараа, техник хэрэгслийг хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Үүнийг төрийн бодлогын зүгээс, Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, Засгийн газар нь, УИХ нь, ард нийтээрээ, бүгдээрээ дэмжих шаардлагатай. Энэ дэмжлэгийг харуулж, ийм дэмжлэг байх ёстой гэдгийг үзүүлэх гэж өнөөдөр би энд ирээд байна.
Сайн сайхан зам дээр гарна гэж бодож байна.
Бид бүтээгчдээ дэмжиж байж, үйлдвэрлэгчдээ дэмжиж байж л Монгол Улс хөгжинө. Сайн сайхан зам дээр гарна гэж бодож байна. Дотооддоо юмаа үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг хангая. Болж өгвөл экспортод гаргая. Гаднаас хүний хийсэн юмыг худалдаж авахад хамаг валют, хамаг улсынхаа баялгийг зардгаа больё. Энэ үйлдвэр үүнийг гаргаж, үзүүлж байгаа анхны эхлэл болж гарч ирж байгаа нь бүр сайн. Манай инженерүүд үүнд оролцоод, гаргаж байгаа утаа, гаргадаг хорт бодис нь гаднаас оруулж ирж байгаа бусад автобуснаас бага байхаар зохион байгуулж байгаа бол бүр сайн.
Монголын өвлийн хүйтэн, замын түгжрэл хүнд шүү дээ. Энэ бүхэнд нийцсэн шатахуун бага зарцуулдаг, гаргадаг хог хаягдал нь бага байдаг талаас нь авч үзвэл зүгээр. Дараа нь автобусны засвар үйлчилгээг Монголдоо хийх боломжтой болно гэж бодож байгаа. Ямар нэг эвдрэл, хүндрэл үүснэ гэж бодоход Монголдоо засварлаад явах боломж бүрдэх юм. Энэ боломж бүхнийг бид дэмжих ёстой.
Ийм санаачилга гаргаж, ийм үйлвэрлэл, ийм бүтээн байгуулалт хийж байгаа хүн бүхнийг, аж ахуйн нэгж бүхнийг Монголын төр, ард түмэн, татвар төлөгчид, жирийн иргэд бүгдээрээ дэмжих ёстой гэдгийг энд би хэлэх гэсэн юм. Саяхан Засгийн газраас сайхан шийдвэр гарсан. Монголын төрийн нэрээр, Засгийн газрын нэрээр авч байгаа янз бүрийн зээл, босгож байгаа бонд бүхнийг үйлдвэрлэлд зориулъя гэсэн.
Удахгүй УИХ-аар Өрийн удирдлагын тухай хууль хэлэлцэнэ. Оруулж ирж байгаа зээл, мөнгөө юунд зарцуулах юм бэ гэдгээ тохирч авъя гэж байгаа юм. Бид аль жилийн өмнө л ҮАБЗ дээр ярьж шийдсэн. УИХ энэ асуудлыг завсарлахаасаа өмнө ярих байх гэж найдаж байгаа.
Миний ганцхан шаардаж байгаа шаардлага бол олон улсын хэмжээнд хүрсэн, банкнаас, санхүүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, ТЭЗҮ нь бүрэн гарсан, ашигтай гэдэг нь ойлгомжтой байгаа ийм үйлвэрлэлийг дэмжихэд л Монголын Засгийн газар авч байгаа бондоо, зээл, хөнгөлөлттэй мөнгөө аж ахуйн нэгжүүдэд өгөх хэрэгтэй. Үндэснийхээ аж ахуйн нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Цаашдаа янз бүрийн нэрээр тэр бондыг нэрлэх шаардлагагүй. Сая Засгийн газраас шийдвэр гарсан. Одоо “Чингис”, “Самуурай” гэж нэрлэхгүй.
Үйлдвэрийг дэмжих, үйлдвэржилтийн бонд гэдэг нэртэй болж байгаа. Тэр мөнгийг цаашдаа зөвхөн үйлдвэр, үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалт, баялаг бүтээж байгаа зүйлд л зарцуулъя. Төрийн нэрээр, ард түмний нэрээр л авч байгаа, ард түмэн эргэж төлөх л мөнгө шүү дээ. Иймэрхүү байдлаар манай улсын бодлого, төр, засгийн бодлого зөв болж явах юм бол Монгол Улс хөгжиж дэвжихэд бэлэн байна.
Ингээд энэ үйл ажиллагаанд оролцсон нийт хамт олон, энэ санаачлагыг гаргаж байгаа аж ахуйн нэгж, үүн дээр ажиллаж байгаа манай залуучууд, гаднын мэргэжилтнүүд, энэ бүхнийг бий болгоход оролцсон та бүхэнд баяр хүргэе. Та бүхний алтан шар зам, ажил үйлс өөдрөг байх болтугай. Та бүхэнтэй Монголын төр байнга хамт байх болно гэдгийг хэлье. Баярлалаа” гэв.