МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тус компанийн ажилтнуудтай уулзлаа
2013.10.17

МҮЭХ Автобус-3 компанийн ажилтнуудтай дахин уулзахаар боллоо

Автобус-3 компанийн захиргаа, ажилтнуудын хооронд хамтын маргаан үүсээд 10 сар болж байгаа аж. Шалтгаан нь ҮЭ-ийн гишүүдийн татварыг бэлэн бусаар авсан атлаа төвлөрүүлэлгүй тус хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсоны улмаас дээрх маргаан үүссэн байна.

Хөдөлмөрийн арбитраас тэдэнд зөвлөмж өгсөн ч эс биелүүлж иржээ. Тиймээс МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тус компанийн ажилтнуудтай уулзаж, тэдний нийгмийн хамгаалал, цалин хөлс, тулгамдаж буй асуудалтай танилцахаар өчигдөр /2013.10.15/ Автобус-3 компанийн байранд очсон байна.

Гэвч жолооч, кондукторуудыг хуралд оролцуулахгүй, гэрээт хамгаалагчид Тээвэр, холбоо, газрын тосны ҮЭ-ийн холбооны ажилтнууд, мөн 10 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг дотогш оруулаагүйгээс мөргөлдөөн үүсч багагүй цаг алджээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ТХГТАҮЭХ-ны дарга Б.Рагчаа, ҮЭ-ийн хорооны дарга нарт компанийн захирал Н.Цэвээн-Очир санхүүгийн албаны хүмүүстэйгээ байлцан гишүүдийн татварыг ойрын хугацаанд шилжүүлж Арбитрын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр болж.

Автобус-3 компанийн жолооч нарын үндсэн цалин 430 мянга, кондукторууд 330 мянган төгрөгийн цалинтай. Нийслэлийн тээврийн газраас өгсөн цаг, орлогын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд богино хугацаанд олон рэйс хийх, зорчигчдын тоог хэтрүүлэх байдалд хүрдэг. Энэ нь нийтийн тээврийн жолооч нарыг осол аваар гаргах, нэр хүнд унах шалтгаан болж байна гэдгийг хэлэх хүн олон байсан.

Мөн тэд шатахууны төлбөрт унадаг, нийгмийн хамгаалал төдийлөн сайн биш, удирдлагуудаас ирдэг дарамт их, цалин хүрэлцэхгүй байгаа тухайгаа ҮЭ-д уламжилдаг боловч зааланд суусан захиргааны хүмүүсээс эмээгээд хэлж чадсангүй.

Тиймээс МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Автобус-3 компанийн нийт ажилчидтай дахин хуралдаж тулгамдсан асуудлаа хэлэлцэх, арбитрын зөвлөмжийн хэрэгжилтэд бүх гишүүдээрээ хяналт тавих, хурлаас гарсан шийдвэрийг албан тоотоор салбарын ҮЭ-ийн холбоондоо ирүүлэхийг хорооны даргад нь үүрэг болгосон байна.