Амьдралд ойрхон хэрэглээ –Цөмийн энерги
Цөмийн технологи Монголд нэвтрээд хагас зуун жил болж байна. танил биш танил энэ технологи нийгмийн бараг бүх салбарт хэдийнэ нэвтэрчээ.
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр:
Сүүлийн жилүүдэд цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж хэрэглэдэг хүмүүсийн тоо даруй тав дахин нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой улс орон хурдан хөгжихийн хэрээр цөмийн технологийг хэрэглэдэг, ололтуудыг хэрэглэдэг юм.
Цацрагтай ажиллагсдын цацраг авах тунгийн хэмжээ олон улсын атомын энергийн агентлагаас тогтоосон стандартаар бол жилд 20 мЗв. Сүүлийн 20 жилд цацрагтай ажилладаг тогтоосон хэмжээнээс давсан тун авсан тохиолдол монгол улсад нэг ч бүртгэгдээгүй байна. Өнөөдөр 160 гаруй эмнэлэгт рентген аппаратыг хоёр чиглэлээс хэрэглэж байгааг үзвэл цөмийн технологи анагаах ухааны салбарын салшгүй нэг хэрэгсэл болж байна.
Монгол улсад жилд дунджаар 6200 цөмийн оношилгоо хийлгэж бамбай булчирхай, элэгний хорт хавдар зэрэг өвчтэй 250 хүн цөмийн эмчилгээ хийлгэж байна.
Жилд 5000 хүн хорт хавдартай гэж шинээр онош тогтоолгодгоос 700-800-д нь туяаны эмчилгээ хийдэг байна.
Хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод мөн цөмийн технологийг өргөн хэрэглэж байгаа. 2006 оноос эхлэн цөмийн цацрагийн үүсгэврийн хууль бус хөдөлгөөнийг хязгаарлах хяналтын төхөөрөмжийг АНУ-ын эрчим хүчний яамтай хамтран хилийн боомтуудад суурилуулаад байгаа юм.
Монгол улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар мөн л цөмийн технологийг ашиглаж байна. Технологийн хөгжил цөмийн технологийн салбарт хамгийн хурдацтай нэвтэрч жилээс жилд судалгаа шинжилгээний аппаратын цацрагийн алдагдал багасч байна. Геологийн төв лаборатори 2014 оноос чулуулгийн үнэмлэхүй нас тодорхойлох шинжилгээг хийж эхлэх гэж байна. Геологийн төв лабораторийн дэргэдэх Оюу толгойн хөндлөнгийн лабораторид зэсийн баяжмалыг шинжилж зөвхөн зэс, алт мөнгөнөөс гадна 40 төрлийн элемент баяжмалд агуулагдаж байгааг тогтоосон.
Оюутолгойгоос гадна Эрдэнэтийн зэсийн баяжмалыг экспортод гаргахад зэстэй хамт дагалдан экспортод гарсан бүтээгдэхүүнийг цөмийн технологи ашиглан тодорхойлдог байна.
Рентген аппарат нь цөмийн технологиор хүнийг оношилдог шиг металлын цуцалтыг цөмийн технологи ашиглан оношилж байна.
МИАТ компани жилдээ 2-3 онгоцонд хүнд хэлбэрийн техник үйлчилгээ хийдгийн дотор үл эвдэх сорилын ажлууд багтдаг.
Аж үйлдвэрийн салбарт цөмийн технологийн хэрэглээ нисэх онгоцны салбараар дуусаагүй. Өндөр барилга ган хийц, эрчим хүчний станцын зуух, шатахуун хадгалах сав, төмөр замын холболтууд гээд энэ бүх эдлэлийг тодорхой хугацаагаар ашигласны дараа эвдрэл үүссэн эсэхийг металлын үл эвдэх сорилоор тодорхойлж байна.
Өнөөдөр Монгол улс 240 гаруй цөмийн физикчийг бэлтгээд байна. үүн дээр 190 орчим цөмийн технологийн мэргэжилтэн бэлтгэсэн гэж бодоход энэ салбарт нийт 400 гаруй мэргэжилтэн бэлтгэгдээд байна. Түүнчлэн гадаадын их дээд сургуульд 20 гаруй мэргэжилтэн сурч ажиллаж байгаагийн зэрэгцээ жил бүр 10 гаруй мэргэжилтэн Оросын Холбооны улсад цөмийн энергийн талаарх мэдлэг чадвараа дээшлүүлж байна.