Г.Баярсайхан: Нууц хулгайн сүлжээгээ хадгалах гэсэн нөхдүүд эсэргүүцээд байна уу гэдэг хардлага төрж байна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-УИХ-аар Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж байгаа. Танай бүлгийн дарга жижиг намуудыг татан буулгах хэрэгтэй гэж хэлснээс болоод асуудал үүсэх шиг боллоо. Та ямар бодолтой байгаа вэ?
-Өнөөдрийн нийгэм олон намын тогтолцоон дээр оршин тогтнож байгаа. Хэрэв сонгуульд оролцсон ч парламентад суудалгүй болчихсон намуудыг татан буулгана гэвэл түүн шиг шударга бус зүйл байхгүй. Түүнээс биш бүлгийн даргын хэлсэн ярьсныг би дүгнэдэг хүн биш л дээ.
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл гишүүдийн дунд нэлээд маргаан дагуулах юм шиг байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хууль нэрээ өөрчлөөд ороод ирсэн нь үнэн. Намрын чуулганаар батлагдах ёстой байсан юм. Гэвч улстөржөөд уначих- сан л даа. Ер нь уул уурхайн салбарт төрийн нэгдсэн бодлого байх ёстой. Улс төрийн намууд өөрсдийн байр сууриар асуудалд хандах боловч төрийн бодлого байх хэрэгтэй. Ашигт малтмалыг ашиглах тал дээр улс төрийн намууд нэгдсэн байр суурьтай байна гэдэг дээр зарчмын хувьд нэгдсэн байх. Тэгээд ч алтаа Монгол банкиндаа авч үлдье дээ.
Тэгэхгүй бол хамаг алт гадагшаа гараад дууслаа. Өнгөрсөн жил манай эдийн засаг хүндэрлээ. Валютын ханшийг тогтоон барих шаардлага ч тулгарлаа. Энэ бүхнийг хангах зүйл нь ердөө алт байна. Алтны маш их нөөцтэй гэсэн мөртөө олборлосон бүтээгдэхүүнээ дотооддоо үлдээж чадахгүй бол эдийн засаг улам л савлана. Олборлосон алтаа дотооддоо хадгалж, дэлхийн зах зээл дээр үнэд орсон үед нь худалдвал манайд ирэх үр дүн их л дээ. Энэ утгаараа уг хуулийн төслийг дэмжээд байгаа юм.
-Алт олборлолт нэмэгдэнэ гэж үзээд байгаа...
Алт олборлогчид Монголд илүү таатай орчин бүрдүүлэхийн төлөө явах ёстой биз дээ.
-Тийм шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед Монгол Улсын өрсөлдөх чадвар буураад байна гэж ярьж байна. Тэгвэл үүнийг нэмэгдүүлэх зүйл нь ердөө алтаа дотооддоо хадгалах юм. Алт олборлогчид Монголд илүү таатай орчин бүрдүүлэхийн төлөө явах ёстой биз дээ. Дотоодын банк нь алтаа хадгалаад ирвэл олон улсад бизнесийн орчин нь таатай, баталгаатай гэдэг мэдээлэл очно.
-Гэхдээ алтны компаниудын лоббигоор ийм хууль гаргах гээд байна хардлага бий?
-Ямар ч байдлаар хэлж болно. Хардах эрх хэнд ч нээлттэй. Гэхдээ тэр хардлага нь үндэслэлтэй байх ёстой. Алт олборлолтыг нэмэгдүүлээд Монгол банкинд тушаах асуудлыг захиргааны .бус эдийн засгийн аргаар хэрэгжүүлэх гэж оролдсон хууль шүү дээ. Бүх алтаа Монголдоо тушаа. Тэгвэл татварыг чинь хөнгөлж өгье. Харин хилээр алт нууж гаргахгүй шүү гэдэг санааг л хууль болгох гээд байгаа юм.
Гэвч улс төр хийе гэж гар нь загатнасан нөхдүүд л янз бүрээр хардаж сэрдээд байгаа болохоос уг нь муу юм санаж оруулж ирсэн хууль биш юм. Тэгээд ч Монголбанк чинь Ардчилсан намынх биш биз дээ. Монгол Улсын мөнгөний авдар. Тиймээс бодлогоор дэмжиж, мөнгөний авдартаа алтаа хадгалъя. Тэгж байж эдийн засгаа сайжруулж, валютаа тогтворжуулна. Бага чулуугаар их чулуу цохиж ашигтай байх үүднээс энэ хуулийн төслийг оруулаад байгаа юм.
-Шороон ордын нөөц дууссан учраас алтны олборлолт багассан гэж зарим хүмүүс үзээд байх шиг байна лээ?
-Хоёр гурван жилийн дараа нөөц нь дуусах юм шиг байна. Гэхдээ үндсэн ордуудын олборлолт эхэлж байгаа шүү дээ. Дээрээс нь зөвхөн гадны компаниудад зориулж ийм хууль гаргах гээд байгаа ч юм биш. Хэрэв энэ хууль батлагдсаны дараа Оюу толгой манайд алтаа тушаадаг болно. Оюу толгойн 1800 тонн алтыг авч үлдвэл бидэнд л сайн биз дээ. Алтаа дотооддоо хуримтлуулах гэхээр эсэргүүцээд байх юм. Тэгэхээр одоо яах ёстой юм бэ. Эсэргүүцээд байгаа хүмүүс тэгвэл алтны хулгайг дэмжээд байгаа хэрэг үү.
Нууц хулгайн мафийн сүлжээгээ хадгалах гэсэн нөхдүүд энэ хуулийг эсэргүүцээд байна гэж эргүүлээд хардахад хүрч байна л даа. Монгол Улс одоо уул уурхайн салбартаа зөв бодлого явуулах гэж байна. Буруу бодлого явуулж ирсний үр дүнд өнөөдөр уул уурхайн салбар элгээрээ хэвтэж, ашиг орлого орж ирэхээ байчихлаа шүү дээ. Дэлхийн жишиг ч ийм байсаар ирсэн. Улс орнууд татварын бодлогоо уян болгосны үндсэн дээр уул уурхайгаасаа ашиг олсон. Дагаад эдийн засаг нь сайжирч, хөгжил нь ахисан. Ямар ч байсан энэ хуулийг батлагдах сургаар валютын ханш бууна гэж харж байгаа шүү.