“Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгоё
Уул уурхайн салбарын онцлох 15 ажил: 2014 оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгоё
1. Оюутолгой төслийн ил уурхай ашиглалтад орж бүтээгдэхүүнээ экспортолж байна
Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгой төслийг амжилттай үргэлжлүүлэхэд чиглэсэн олон ажил хийсэн. Тухайлбал, Оюутолгойн гэрээнд заасан Ажлын байнгын хорооны болон Хувь нийлүүлэгчдийн хурлыг тогтмолжуулж, баяжуулах уйлдвэрийг ашиглалтанд оруулах, баяжмалыг экспортлохтой холбогдсон монголын талаас шийдвэрлэвэл зохих асуудлуудыг зохицуулж, хоёр талын хооронд тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсан зарим асуудал нааштайгаар шийдэгдэж байна.
Энэ оны долдугаар сараас Оюутолгой ХХК зэсийн баяжмалаа экспортлож эхэлсэн. Ингэснээр Монгол Улсад үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувь, нийт экспортыг 30-40 хувь, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүнийг 20 хувиар тус тус нэмэгдүүлж, манай улс зэс олборлогч 50 гаруй орноос эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болно. Тус орд нь 2014 онд Эрдэнэт үйлдвэрээс 30 хувиар илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоо бий.
2014 оны эхний хагас жилд Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдэнэ. 2014 оны хөрөнгө оруулалтын зардлыг 1,3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2,6 тэрбум ам.доллар байхаар тооцтой байна.
2. Тавантолгойн ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байна
Шинэчлэлийн Засгийн газар Тавантолгой төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ.
Шинэчлэлийн Засгийн газар Тавантолгой төслийн үнэ цэнийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах тухай БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулах, компанийн удирдлагын болон нэгж бутээгдэхүүний олборлох өртөг зардлыг бууруулах, гүнийн гааль байгуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нүүрсний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, Цанхийн баруун хэсгийг ашиглалтад бэлтгэх, 3 дахь зах зээлд нүүрс гаргах бэлтгэлийг хангуулах, эх орны нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг бодлогын чанартай асуудлуудад гол анхаарлаа хандуулан ажиллаа.
Тавантолгой ордын дэд бүтэц ялангуяа төмөр замын болон цахилгаан станцын бүтээн байгуулалтад шаардлагатай зардлын тодорхой хэсгийг бондын зээлээс санхүүжүүлэхээр болсон. Мөн Засгийн газраас тээвэр болон шилжүүлэн ачилтын зардлыг бууруулах зорилгоор Гашуун сухайт, Шивээ хүрэн зэрэг хилийн боомтын талбайд төмөр зам барих шийдвэр гаргалаа.
Энэ оны хоёрдугаар сараас Тавантолгойн ордын Цанхийн баруун хэсэгт хөрс хуулалтын ажлыг эхлүүлж, Цанхийн зүүн ба баруун хэсэг дэх уурхайнууд зэрэг ажиллах болсон.
Мөн УИХ-ын шийдвэрийн дагуу олон улсын тавцанд нэр хүнд бүхий оператор компанийг сонгон шалгаруулах судалгааг эхлүүлээд байна.
3. Газрын тос боловсруулах үйлдвэртэй болно
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор жилд 2 сая тн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, мөн Японы “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барьж байгуулахаар техникийн зураг төслийг үндсэндээ хийж дуусаад байна.
Энэ үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний бензин, шатахууныг 70 гаруй хувь, битум, мазатыг 100 хувь тус тус хангах болно. Тус үйлдвэрийн түүхий эдийн хангалтын асуудлыг хэд хэдэн хувилбараар судалж байна. Тухайлбал, өөрийн улсад олборлосон тосны хэмжээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд худалдааны SWAP нөхцлийг хэрэглэх, мөн Японы Марубэни корпорацийн Оросын Роснефть компаниас худалдан авдаг хэмжээн дээр өөрийн хэрэгцээг нэмж авах зэрэг асуудлаар холбогдох талуудтай яриа хэлэлцээ явуулж байна. Дээрхи үйлдвэр баригдсанаар нэмүү өртгөөр гадагш чиглэсэн мөнгөний урсгал 700 орчим сая. ам. доллараар буурах болно.
Мөн Петрожамп ХХК Швейцарийн Ганвор компанитай хамтран газрын тос боловсруулах бага оврын үйлдвэрийг мөн Дархан хотод барьж байгуулахаар ажиллаж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 15 сая ам.доллар гэж төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Тус үйлдвэр нь Евро-3 стандартын АИ-92, 95 автобензин үйлдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд А-80, ДТ үйлдвэрлэх боломжтой. Хүчин чадлын хувьд сардаа 830-1330 тонн шатахуун үйлдвэрлэх ба өргөтгөл хийснээр үйлдвэрийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх боломжтой юм.
Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох Монголын алт корпораци, М-Си-Эс, Цэцэнс майнинг, Монголын аж үйлдвэрийн корпораци зэрэг компаниуд дотоодын нүүрсний эх үүсвэртээ тулгуурлан нүүрснээс шингэн болон хийн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр судалгаа шинжилгээний ажлаа дуусган төслийг хэрэгжүүлэх шатандаа орж байна. М-Си-Эс компанийн боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжсэн ба Монголын алт корпорацийн ТЭЗҮ-ийн хувьд шинжээчдийн баг томилон хөндлөнгийн экспертиз хийлгэж байна.
Газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслүүдийг дэмжих зорилгоор технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2013 оны 6 дугаар сард батлууллаа.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлснээр цаашид Монголын улс газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон болох боломж бүрдэж байна.
4. Хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа
Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой болж байна.
Эрдэнэтийн овооны орд орчимд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнд хэтийн төлөв өндөртэй болох нь тогтоогдсон 6 талбайг улсын нөөцөд авах саналыг Уул уурхайн яамнаас Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой болж байна. Мөн хууль зөрчиж олгогдсон Багануурын нүүрсний орд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож төр өөрийн мэдэлд авснаар ордын нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9.9 их наяд төгрөгийн нөөц нэмэгдэж уурхайн ашиглалтын хугацаа 40-45 жилээр уртсах боломжтой болж байна.
5. Уул уурхайн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болж байна
Өнгөрсөн олон жилийн турш яригдсаар ирсэн “Төрөөс эрдэс баялгийн талаар 2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг” болон “Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, мөн шинэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, олборлох, байгаль орчны нөхөн сэргээлт зэрэг харилцаатай холбогдсон эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрх нэмэгдүүлэх зорилгоор “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөл болон “Урт нэртэй хууль”-ийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг тус тус УУЯ-наас боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна.
Түүнчлэн стратегийн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүний импортын худалдаанд нэгдсэн бодлогыг баримтлах, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” болон “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд, улмаар “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай”, Газрын тос боловсруулах, нүүрс болон занаараас шингэн тулш гаргах зэрэг үйлдвэрүүдийн технологийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гааль, нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулиуд батлагдан гарлаа.
Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах болон улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чухал ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, угааж баяжуулсан нүүрсийг эцсийн бүтээгдэхүүнд тооцож экспортолж байгаа нүүрсэнд НӨАТ ногдуулахгүй байх, нүүрсний ангилал бий болгож өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж урд хөршид боловсруулах газрын тосыг энэ боомтоор экспортлох, Шивээ хүрэн боомтын төмөр зам, туузан дамжуургын бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, газрын тосны олборлолтын хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан хоолойгоор тээвэрлэх зэрэг асуудалд анхаарал тавин ажиллаж ирлээ.
6. Зарим ордыг стратегийн ордод хамруулах саналыг УИХ-д өргөн барилаа
Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг эрчимжүүлэх. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтад оруулж, Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд давуу эрхийн хувьцаа олгоно” гэсэн заалтын дагуу Уул уурхайн сайдын тушаалаар Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хилийн заагийг шинэчлэн тогтоох, шинээр хамруулах ордуудын талаар санал бэлтгэх Ажлын хэсэг ажиллаж байна.
Эхний ээлжинд Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувийг нэгтгэн, корпорацийн зохион байгуулалтанд оруулах зорилтын хүрээнд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 100 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ тогтоолд заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн монголын талын хувь, “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна.
7. Газрын тос олборлолтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30.7 хувиар өсчээ
Энэ оны эхний 11 сарын байдлаар 4.8 сая баррель буюу 680 мянган тонн түүхий газрын тос олборлон экспортлож улсын төсөвт нийт 190 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Өмнөх онтой харьцуулахад олборлолтын хэмжээг 30.7 хувиар нэмэгдүүлэв.
8. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ, хангамж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ
Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэг компаниас хараат байдалтай байсныг өөрчилж, нийт импортын 50 орчим хувийг бусад эх үүсвэрээс худалдан авдаг боллоо.
Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд нэг компаниас хараат байдалтай байсныг өөрчилж, нийт импортын 50 орчим хувийг бусад эх үүсвэрээс худалдан авдаг боллоо. Мөн өмнөд хөршид экспортолж буй түүхий газрын тосныхоо оронд сард 10 мянган тонн хүртэлх газрын тосны бүтээгдэхүүнийг авахаар болсон. Ингэхдээ бензин, шатахууны хилийн үнийг түүхий тосны биржийн үнтэй уялдуулан тооцдог олон улсын худалдааны үнэ тогтоох аргачлалаар хийсэн нь том амжилт байлаа.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлдэг шатахууны үнэ Роснефтиэс гадаадын бусад оронд нийлүүлдэг үнээс тонн тутамдаа 300 гаруй ам.доллараар өндөр байсан. Дээр дурьдсан олон улсын худалдааны үнэ тогтоох аргачлалаар хийх асуудлаар 2 тал тохирч чадсанаар энэ үнийг шатахууны төрлөөс хамааруулан150-260 ам. доллараар бууруулж чадсан. Мөн Монголбанктай хамтран жижиглэнгийн шатахууны үнийг тогтворжуулах төсөл хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардлыг 2 дахин бууруулж, валютын ханшны эрсдлээс шатахуун импортлогч компаниудыг 2 сарын хугацаанд хамгаалдаг болсон.
Хилийн үнийг ийнхүү бууруулж олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулж чадсан төдийгүй, 2013 оны 6 сард шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүр дээр нь 50 төгрөгөөр бууруулсан.
Хэрэв ийм арга хэмжээг авч хэрэгжуулж чадаагүй бол 2012 оны тегсгел, 2013 оны эхний улиралд шатахууны жижиглэнгийн үнэ төрөл тус бүр дээрээ 325 төгрөгөөр нэмэгдэхээр байсан билээ. Хөтөлбөрийг эхлүүлсэн 2012 оны 10 сартай харьцуулахад газрын тосны бүтээгдэхүүний нөөц 2.5 дахин нэмэгдсэн байна.
Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн чиглэлээр хийгдсэн нэг том ажил бол эх орны минь газрын тос Евро-2 стандартад дүйцэх чаран бүхий “MGL-93” бэлэн бүтээгдэхүүн болон монголын хэрэглэгчдэд очсон явдал юм. Монгол Улсад олборлон экспортлогдож буй газрын тосны үнэ Сингапурын хөрөнгийн бирж дээр “Дачин-33” нэрээр борлогддог. Манай газрын тосны үнэнд суурилан “MGL-93” шатахууны үнэ тогтоогдож байгаа.
9. Геологийн судалгаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгө оруулалтыг 7.3 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлж, 1:50,000 масштабын геологийн зураглалын ажлаар Монгол улсын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамруулан, 111 илрэлийг шинээр бүртгээд байна.
Хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын дүнд алт 11 тонн, холимог металл 16,950 тонн, зэс 260,000 тонн, гянтболд 288 тонн, мөнгө 64 тонн, цайр137,000 тонн, нүүрс 1.7 тэрбум тонн, хайлуур жонш 1.1 сая тонн, шохойн чулуу 285 сая тонн, гөлтгөнө 2.4 сая м3, элс-хайрга-шавар 11 сая м3 –аар тус тус нөөц нь нэмэгдэж, нийт 82 ордын нөөцийг улсын бүртгэлд бүртгэж, Монгол Улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижууллаа.
“Монгол Улсын хатуу ашигт малтмалын ордын нөөц, эрдсийн баялгийн ангилал”-ыг олон улсын нөөцийн ангиллын жишиг стандартад ойртуулан боловсронгуй болгож, ашигт малтмалыг эрэх, хайх үйл ажиллагааны журмыг мөн шинэчлэн найруулж батлуулсан.
Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын байгууллага (CRIRSCO)-ын албан ёсны гишүүн болох, Монгол улсын “Ашигт малтмалын нөөц, баялгийн ангилал”-ыг олон улсын жишигт нийцүүлж, Монголын геологчдыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна.
Ашигт малтмалын газрын бүтэц, бүрэлдэхүүнд байгуулсан Геологийн албыг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлж монголын орны геологийн судалгааг хийх, үр дүнг боловсруулах, нэгдсэн сан бий болгох, үндэсний геологчдын шинэ залгамж халааг бэлтгэх, газрын хэвлийд орших эрдэс баялгийн нөөцөд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий Үндэсний Геологийн албыг байгуулахаар ажиллаж байна.
Геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг, дэв олгох асуудлыг ТББ-д шилжүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гаргуулж, ЭБМЗ-ийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоод, ТББ, ШУ-ны байгууллагын төлөөлөлийг өргөнөөр оролцуулсан бүтцийг бий болгон ажиллаж байна. Энэхүү ЭБМЗ-өөр нийтдээ 162 орчим ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж хүлээн авсан байна.
10. Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллаж байна
Уул уурхайн яам нь мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр олон ажил хийж байна. Үүний дотор олон нийтэд геологи, уул уурхай, газрын тосны салбарын талаарх мэдээллийг тухай бүр нь хүргэх зорилго бүхий “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг сар бүр тогтмол зохион байгуулж хэвшүүлээд байна. Мөн яамнаас боловсруулж буй бодлого болон цаг үеийн тулгамдсан асуудлын талаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хийх 2 талын болон олон талт уулзалтыг идэвхижүүлж тэдний санал бодлыг анхааралтай сонсч, яамны бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллаж байна.
Мөн АМГ-ын алба, хэлтсүүд дээр хийгдэж буй салбарын үйл ажиллагаатай холбоотой бүртгэл, статистик мэдээлэлд судалгаа хийн, судалгааны үр дүнд үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ба талбай, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, экспорт, улсын болон хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажил, төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээг сар бүр шинэчлэн гаргаж товхимол хэлбэрээр бэлтгэн 2013 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэглэгчдэд хүргэж байна.Түүнчлэн яам, агентлагын зүгээс баялаг бүтээгчдэд үйлчлэх үйлчилгээний чанар, хурд, хүртээмжийг сайжруулах зорилгоор угтах буюу "нэг цэгийн уйлчилгээ"-г нэвтрүүлэн ажиллалаа. Яамны цахим танилцуулгыг бэлтгэн, түүнийг тогтмол шинэ мэдээ, мэдээллээр баяжуулж ажиллагааг нь тогтмолжууллаа.
11. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж байна
Уул уурхайн яам Шинэчлэлийн Засгийн газраас нүүрс, алт, төмөр, жоншны салбарт дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжлийн холбоодын оролцоог хангах, олон нийтэд салбарын талаарх үнэн зөв, бодитой мэдээллийг түгээх, харилцан мэдээлэл солилцох, холбогдох асуудлаар хамтран ажиллах зорилго бүхий хамтын ажиллагааны Санамж бичгүүдийг байгуулж байна.
Тухайлбал, “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо”, “Монгол нүүрс ассоциаци”, “Жонш олборлогч, үйлдвэрлэгч, экспортлогчдын холбоо” болон “Монголын улсын хайлуур жонш олборлогч, судлаачдын холбоо”, “Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо” зэрэг мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулаад байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Хариуцлагатай уул уурхай”-н үндсэн 8 зарчим болох олон талын оролцоог хангах, ил тод нээлттэй байх, хуулийг сахин дээдлэх, байгаль орчин, хүний аюулгуй байдлын өмнө хариуцлага хүлээх, ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, үр өгөөжтэй байх, хүмүүнлэг, ёс зүйтэй байх, дэвшилтэт технологид суурилсан байх зэргийг мөрдлөг болгон ажиллаж байна.
12. Хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Өөрөөр хэлбэл, жилд өнөөдрийн ханшаар 1 тэрбум орчим ам.долларын үнэ бүхий хүрэн нүүрсийг ашиглах юм. Мөн энэ хэмжээний үйлдвэр болон түүний салбар аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 20 мянга орчим хүн ажлын байраар хангагдана.
Монгол Улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү шатах хийн 10 орчим хувиар Улаанбаатар хотын гэр хорооллыг түлш, дулаанаар хангах боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлэх зорилго бүхий 2 талын ажлын хэсгийн эхний уулзалт 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө.
13. Салбарын гадаад, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байна
Уул уурхайн яам өөрийн орны давуу талын нэг болох эрдэс баялагт суурилсан гадаад бодлого буюу “mining diplomacy”-г хэрэгжүүлэх замаар Монгол Улсын гадаад эдийн засгийн харилцаанд зохих ёсоор хувь нэмэр оруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хоёр хөрш болох ОХУ, БНХАУ, уул уурхай өндөр хөгжсөн буюу эрчимтэй хамтын ажиллагаа хөгжүүлж буй орнууд болох Канад, Австрали, Америк, Япон, Өмнөд Солонгос болон Европын холбооны улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй өрнөлөө.
Тухайлбал, ОХУ-ын хувьд хамтарсан үйлдвэрүүдийн үр өгөөжийг дээшлүүлэх, Асгатын мөнгөний орд дээр хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үнийг зах зээлтэй уялдуулах, түүхий газрын тос нийлүүлэх, геологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр ахиц гарсан. Харин БНХАУ-ын хувьд хүрэн нүүрсийг хийжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, коксжих нүүрсийг урт хугацааны туршид тогтвортой нийлүүлэх, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидтай харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх зэрэг чиглэлээр зохих амжилтад хүрсэн.
Уул уурхайн сайд Европын холбооны улсаас Монгол Улсад суугаа 25 улсын Элчин сайд нарыг уламжлал ёсоор хүлээн авч уулзан Монгол Улсын геологи, уул уурхай, газрын тосны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн төлөв, хууль эрх зүйн орчны шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь чухал ач холбогдолтой болсон.
Японы хувьд газрын тос боловсруулах үйлдвэр барих, нүүрсний мастер төлөвөлөгөө боловсруулах, нүүрсийг боловсруулах, боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.
14. 174 ажлын хэсэг ажиллаж байна
Шинэчлэлийн Засгийн газрын геологи, уул уурхай, газрын тосны салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах, бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор Уул уурхайн яаманд 62 албан хаагч ажиллаж байна. Дээр дурдсан зорилт болоод тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Уул уурхайн сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 174 ажлыг хэсэг байгуулагдсанаас 79 ажлын хэсгийн дүгнэлт гарч, шийдвэрийн төслөө бэлэн болгоод байна. Одоогоор 96 ажлын хэсэг ажиллаж байна.
15. Нүүрсний олборлолт оны эхний 11 сарын байдлаар 28.6 сая тонн байна
Уул уурхайн салбар нь аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 61 хувь, улсын нэгдсэн төсвийн 19.1 хувь, экспортын 81 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.6 хувийг тус тус эзэлж байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 712 мян.тн буюу 82 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 3.412 тн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80.6 хувьтай байна.
Нүүрсний олборлолт 28.6 сая.тн буюу 92.8 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байна. Энэ нь 2013 онд нүүрсний үнэ дунжаар 40 хувийн уналттай байсантай холбоотой.
Газрын тосны үйлдвэрлэл 4.827.8 мян.бар буюу 115.9 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 102 хувьтай,
Алт олборлолт 7615.2 кг-ийг олборлож 141.8 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 173.2 хувьтай байна.
Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөсөн хэмжээнээсээ давж 120.8 мян.тн буюу 238.5 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого 234.9 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ашигт малтмалын газар улсын төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого оруулж 89.9 хувийн биелэлттэй, Газрын тосны газар нийт 154.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 105 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Ашигт малтмалын газар, Газрын тосны газар нь нийт жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 104 хувийн биелэлттэй гарах төлөвтэй байна.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдснаас хойш 37 уурхай, уулын үйлдвэрийг улсын комисс ашиглалтанд хүлээж авсан байна.