Б.Болд-Эрдэнэ: Төрийн зүгээс цахим орчныг хянана гэдэг бүтэшгүй
МУИС-ын сэтгүүл зүйн тэнхимийн багш профессор Б.Болд-Эрдэнэтэй цахим технологийн эринд сэтгүүл зүй хэрхэн өөрчлөгдөж буй тухай ярилцлаа.
- Хүн төрөлхтөн ном хэвлэл, радио, телевиз гэсэн мэдээлэл харилцааны хэрэгслийн үе шатыг туулаад эдүгээ интернетийн буюу сүлжээний харилцааны эрин үед шилжлээ гэж судлаачид үзэж байна. Интернет хэмээх цоо шинэ зүйл хүмүүсийн амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж, ирээдүйд юунд хүргэх талаар та судлаачийн хувьд үзэл бодлоо хэлнэ үү?
Өнөөдрийн нийгмийг эрдэмтэд мэдээллийн нийгэм, аж үйлдвэржсэний дараах нийгэм гэх мэт янз бүрээр тодорхойлдог. Аливаа соёл иргэншсэн нийгмийг эдийн засгийн хэв маяг тодорхойлдог. Өмнөх нийгмийн тогтолцоонуудаас харвал баялагийн эх үүсвэр нь анхандаа түүхий эд байсан. Тухайлбал соёлжсон нийгмийн хамгийн анхны эрин үед хятадууд шаазан, торго үйлдвэрлэлээр, Европын орнууд үр тариагаар баялаг бүтээдэг байв. Дараа нь машинт үйлдвэрлэлийн эрин үе эхэлж эрчим хүч, технологиор баялагийг гаргадаг болсон.
Харин мэдээллийн нийгмийн гол оцнлог бол баялагийг түүхий эд, эрчим хүч, технологи гэхээсээ илүү цэвэр мэдлэгээр бүтээдэг явдал. Эдийн засгийн утгаар нь мэдээллийн технологит суурилсан баялагийн үйлдвэрлэл гэж томьёолдог. Түүнчлэн инноваци буюу мэдлэгт суурилсан эдийн засаг ч гэж ярьдаг. Мэдээллийн нийгэм амьдралын өөр хэв маяг, үнэт зүйлсийг бий болгож байна. Мэдээллийн нийгмийг тодорхойлогч гол хүчин зүйлс бол мэдээлэл болон мэдээллийн технологи.
АНУ дахь "Цахиуртын хөндийд" 380 000 мэдээллийн технологийн мэргэжилтэн ажилладаг.
Мэдээлэл харилцааны хэрэгслийн хурдацтай тархалтын нууц шинжлэх ухаан, технологийн дэвшлээс илүүтэй нийгмийн хэрэгцээ, хүмүүсийн хэрэглээнд оршдог. Өнөөгийн дэвшлийг онолын хувьд 1970-аад онд эрдэмтэд урьдчилаад харчихсан байсан юм. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд зөвхөн процесс явагдсаны үр дүнд өнөөгийн технологийн тэсрэлт бий болсон.
Шинэ нийгэм шинэ хэрэглээг үүсгэж эхэллээ. Эдгээр хэрэглээний нэг нь нийгмийн сүлжээ. Өмнө нь эрх мэдэл мөнгөнд суурилдаг байсан бол эдүгээ сүлжээнд оршиж байна. Сүлжээг өөрийн улс төрийн болоод эдийн засгийн үйл ажиллагаанд хамгийн үр дүнтэй ашиглаж чадсан нь эрх мэдэлтэй. Э.Тофлер өөрийн “Эрх мэдлийн огцом өөрчлөлт” гэсэн номондоо энэ тухай тодорхой бичсэн. Эртний үед эрх мэдлийн хэрэгсэл ташуур байсан, капитализмын эринд мөнгөөр эрх мэдлийг олдог байсан. Харин одоо мэдлэгийн ээлж ирлээ.
Мэдлэг дотроо хэрэглээний мэдлэгийг эзэмшсэн хүн амжилтанд хүрч байна. Манайхны ярьдаг шиг шинэ санаа, судалгаа чухал бус тэдгээрийн гүйцэтгэл нь чухал. Үнэндээ “Силикон хөндий” гэдэг бол шинэ санаа биш, аль хэдийнэ бий болсон санааны гүйцэтгэл төдий. Тэртэй тэргүй интернетийн сүлжээ үй түмэн судалгаа, шийдэл, төлөвлөлтүүдээр дүүрэн. Үүнийг яаж ашиглах вэ гэдэг нь бидний анхаарах зүйл. Хэрэгцээг тодорхойлдог хэрэглээ, хэрэглээг үүсгэгч нийгмийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн тогтолцоо зэрэг нь манайд хөгжөөгүй учраас мэдээллийн нийгэм бүрэн утгаараа төлөвшөөгүй. Үнэндээ бид интернетийг хэрэглэх бус түүний нөлөөнд автаж байна. Өөрөөр хэлбэл жинхэнэ утгаар нь ашиглаж чаддаггүй.
Бид даган дуурайж байна. Япон шиг хөгжинө гэвэл бид япон л болно. Харин монгол хүний онцлогт тохируулаад интернетийн олгосон боломжийг яаж ашиглах талаар л бодох хэрэгтэй.
- Тэгвэл монгол дүр төрхөө авч үлдэхийн зэрэгцээ мэдээлийн нийгмийг хөгжүүлээд явах арга зам байна уу?
Нэгдүгээрт яаж хөгжихийг заасан жор байхгүй. Хоёрдугаарт нийгмийн хөгжлийг эртнээс төлөвлөх нь хүмүүсийн сэтгэлгээг хайрцаглаж явцуу болгодог. Хэзээ ч биелдэггүй. Социализм, коммунизм, фашизм гээд үүнийг гэрчлэх жишээ түүхэнд олон. “Монгол хүн 2020” гэж ярьж байгаа маань ч улс төрийн сурталчилгаанд ашигтай болохоос бодит амьдралд нийцэхгүй. Хөгжлийн нууц хүндээ л байдаг. Монгол хүн бие даасан, өрсөлдөх чадвартай, өрсөлдөөд гараад ирсэнийг нь дэмждэг нийгмийн харилцааны соёл үгүйлэгдэж байна.
Гэтэл өнөөдөр хүмүүст үнэгүй мөнгө тарааж халамжийн аргаар улс орныг удирдахыг оролдож байгаа нь инээдтэй. Хувь хүн өөрөө зүтгээд, давуу талаа олоод амжилтанд хүрье гэсэн хүсэл эрмэлзэл алга.
Мэдээллийн технологийг ашигладаг хүмүүсийн олонхи үнэтэй утас барьж, сүлжээгээр кино үзэх, бие биедээ зурвас илгээхээс хэтрэхгүй байна. Үүнийг жинхэнэ хэрэглээ гэж хэлэхэд хэцүү.
- Интернетийн сүлжээ зарим нэг сөрөг талтай. Нэгдүгээрт хүн хоорондоо бус техниктэй илүү харьцдагаас болж мөн чанар нь өөрчлөгдөж байна гэж судлаачид үздэг. Түүнчлэн даяарчлалын уршгаар олон соёл мартагдаж байна гэж ярьдаг. Та энэ тухай юу хэлэх вэ?
Сөрөг тал мэдээж бий. Гэхдээ би үүнийг тийм муухай зүйл гэж бодохгүй байна. Түүхийн аль ч үед ноёрхогч соёлын нөлөө байсаар ирсэн. Өнөөдөр дэлхий ертөнц барууны соёлын нөлөөнд амьдарч байна. Энэ соёлын нэг хэсэг бол интернет.
Харин хүний мөн чанарт өөрчлөгдөж буй тал бий. “Их хотын дундах ганцаардмал хүн” гэсэн нэр томьёо ч гарсан. Гэхдээ бас л айгаад байх зүйл биш. Хүн заавал хамт олон дундаа байж аз жаргалтай болох албагүй. Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл хамтач зарчмаар хөгжиж ирсэн. Хамтач ёсны төөрөлдсөн хэлбэр нь социализм, коммунизм. Харин өнөөдөр хувь хүн гэдэг ойлголт газар авлаа.
- Бидэнд ойрхон асуудал руу шилжие гэж бодлоо. Сэтгүүл зүйн салбар интернет орчинд хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Сүлжээний эрин үед сэтгүүл зүйн шинэ төрөл жанрууд, сэтгүүлчийн шинэ мэргэшил бий боллоо гэж зарим судлаачид үздэг. Таны бодлоор сэтгүүл зүй ирээдүйд яаж өөрчлөгдөх вэ?
Олон чиг хандлага ажиглагдаж байна. Нэгдүгээрт сэтгүүл зүйн хөгжлийг технологи тодорхойлж байна. Технологийн ачаар сэтгүүл зүйд интернетийн гол онцлог болох эргэх холбоо гэдэг зүйл гарч ирлээ. Уламжлалт сэтгүүл зүйд мэдээлэл сэтгүүлчээс уншигч руу чиглэсэн нэг талын урсгалтай байсан. Уншигч эргээд сэтгүүлчтэй холбогдох, нөлөөлөх боломж бараг байгаагүй. Гэтэл интернетийн орон зайд уншигч, үзэгч, сонсогчид сэтгүүлчтэй идэвхтэй харилцаанд орж, зарим тохиолдолд өөрөө сэтгүүлч болдог.
Хоёрдугаарт мултимедиа (multimedia) буюу тоон технологид суурилсан тэмдэгтийн, тоног төхөөрөмжийн, түгээлт дамжуулалтын нэгдмэл сүлжээ бий боллоо. Өөрөөр хэлбэл текст, дуу, дүрс бичлэг бүгд цахим хэлбэрт шилжлээ. Энэ нь мэдээллийн тархалт, хурд, багтаамжид маш том хувьслыг авчирсан. Үүний нэг илрэл нь сэтгүүл зүйн төрөл жанруудын өөрчлөлт. Мэдээллийн хэрэглээнд хүртэл хувьсал гарсан. Хүн мэдээллийг хайдаг, хүлээдэг байсан бол одоо мэдээлэл хүнийг олж очдог боллоо. Интернет орчинд мэдээллийг боловсруулж, түгээхээсээ илүүтэй эрэмбэлж өгөх ёстой. Хэрэгтэй мэдээллийг хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй цагт нь хүргэдэг сүлжээний хэрэглээний орчинг бий болгох нь мэдээллийн сайтуудын гол зорилго.
Интернет сэтгүүл зүйн уг хоёр онцлогийг харилцааны талаас аваад үзье. Хүн төрөлхтний харилцааны анхны хэлбэр бодит харилцаа буюу амьд харилцаа байсан. Ном, сонин, радио, телевиз гарч ирж харилцагчдын хооронд хэрэгсэл бий болсноор харилцаа зохиомол, хяналтлгүй болсон. Харин интернет хяналттай тодорхой болгож өгсөн. Мэдээлэл түгээгч сайтынхаа тусламжтай хичнээн хүн уншсаныг мэдэж, уншигч нь эргээд түгээгчтэй шууд харилцаанд орж санал бодлоо хэлэх боломжтой.
Эдүгээ дэлхийн томоохон сонинуудын цахим хувилбар цаасан хувилбараасаа дутахгүй орлого олж байна.
Ирээдүйн сэтгүүл зүйн гол онцлог бол хэрэглэгчдийн хүсэл эрмэлзэлд тулгуурласан контентын үйлдвэрлэл. Тухайлбал: телевизийн сувгийг агуулгаар нь ангилж эхэллээ. Цаашид технологи хөгжвөл үзэгч телевизээр гарч буй шоунд оролцдог болно. Эсвэл үзэгчийн хүсэлтээр киноны үйл явдал өрнөхийг ч үгүйсгэхгүй. Ирээдүйн ухаалаг телевиз ийм болно гэж бодож байна. Энэ бүхнийг шийдэх боломжийг технологи олгоно.
Үүгээрээ интернет сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүйгээс тэс өөр. Ялгаа нь өрсөлдөөн дээр ч бас илэрдэг. Сүүлийн үед хүмүүс аналоги гэхээсээ илүү тоон телевизийг сонирхож эхэллээ. Саяхан гаргасан судалгаагаар эфирийн телевизийн үзэгчдийн тоо эрс буурсан байна.
Ирээдүйд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүн болгонд зориулж агуулгаа ширхэгчлэн борлуулдаг болно.
- Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таны ярьсан хувьсал өөрчлөлтийг хэрхэн хүлээж авч байна вэ?
Гурвалсан үйлчилгээ, ухаалаг телевиз гэх мэтээр эхлэл тавигдлаа. Гэхдээ нийгмийн сэтгэлгээ өөрчлөлтийг шууд хүлээж авахад бэлэн бус. Монголын нийгмийн мэдээллийн хэрэгцээг харвал маш ойлгомжгүй зах зээлтэй. Хуучны дуу, хуучны кинонууд эрэлттэй байна гэдэг маань хуучин нийгмийн үнэт зүйлсийг санагалздаг хүмүүс олон байгааг харуулж байна.
Нэг тодорхойлолт хэлье. Монголын нийгэм бол хагас өрнөдийн, хагас дорнодын, хагас хотожсон, хагас хөдөөжсөн, хагас ардчилсан, хагас анархист, хагас капиталист, хагас социалист, хагас буддизмын, хагас христийн гээд бүх юм нь хагас. Энэхүү ойлгомжгүй нөхцөл сэтгүүл зүйд нөлөөлөхгүй байхын аргагүй. Өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг харахад унших үзэх зүйл үнэхээр алга. Үүнийг хэрхэн өөрчлөх нь бидний бодууштай зүйл. Өөрчлөхөд нэг талаас нийгмийн сэтгэлгээ, нөгөө талаас сэтгүүлчдийн ур чадвар өөрчлөгдөх хэрэгтэй.
- Сүлжээнд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйн олон элемент дотроос алийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэх вэ?
Энэ бол интернет сэтгүүл зүйн нэг төвөгтэй асуудал. Сонин, телевиз, радиогоос ялгаатай нь интернет анхнаасаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн зориулалтаар үүсээгүй. Мэдээллийн эрэлт хэрэгцээ интернетэд бага хувийг эзэлдэг. Нэгдүгээрт банкны үйлчилгээ, хоёрдугаарт худалдаа арилжаа, гуравдугаарт хүмүүс хоорондын энгийн харилцаа, дөрөвдүгээрт тоглоом орж байна. Тоглоомын дараа мэдээллийн хэрэгцээ ордог. Тэгэхээр интернет хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш гэдэг нь тодорхой. Гэхдээ олон төрлийн контент дотроос хэвлэл мэдээллийн хэрэгслийн элементүүдийг ялгахад их төвөгтэй.
Уламжлалт сэтгүүл зүйд өөрийн шалгуур бий. Нэгдүгээрт мэдээлэл олон нийтэд зориулагдсан байх ёстой. Хоёрдугаарт нийгмийн асуудлыг хөндсөн байх ёстой. Харин хувь хүний блогууд ийм байж чаддаггүй. Түүнчлэн мэдээллийг мэргэжлийн сэтгүүлч бэлдсэн байх хэрэгтэй. Уг шалгуураар аваад үзвэл мэдээллийг эрэмбэлдэг хайлтын системүүдийг мэдээллийн хэрэгсэлд тооцохгүй.
- Блог, нийгмийн сүлжээнд байрласан хэрэглэгчийн контент хүмүүсийн мэдээллийн хэрэгцээг багагүй хангадаг. Хэрэглэгчийн контентыг иргэний сэтгүүл зүйн эхлэл гэж ойлгож болох уу?
Мэдээллийн ашигтай эх сурвалж болохоос сэтгүүл зүй биш. Учир нь сэтгүүл зүйн бүтээл нийгмийн агуулга, нөлөөлөлтэй байх ёстой. Эдийн засагч хүний хувийн блог, блүүмбэрг телевиз хоёрыг харьцуулж болохгүй ш дээ. Хэрэглэгчийн контент руу хэт хошуурвал сэтгүүл зүй доройтно.
- Цахим орчинд эрх зүйн зохицуулалтыг яаж хийх вэ?
Бас л маргаантай асуудал. Сүлжээ нь нийгмийн харилцаа цоо шинэ хэлбэр учраас Монголд төдийгүй Өрнөдөд энэ тухай их мэтгэлцдэг. Гэхдээ ямар ч тохиолдолд интернет дэх оюуны өмчийг хамгаалах ёстой нь зайлшгүй.
Нэг зүйлийг онцлоход интернетийг төр хянана гэдэг бүтэшгүй. “Виртуал нийгэм” гэсэн тунхаглал ч байдаг. Өнөөдрийн хүн төрөлхтөн дөрвөн янзын ертөнцөд амьдарч байна. Нэгдүгээрт биологийн амьтны хувьд байгальд, хоёрдугаарт нийгэмд, гуравдугаарт хувь хүний ертөнцөд, дөрөвдүгээрт цахим ертөнцөд. Хүн цахим ертөнцөд орохоор бодит амьдрал дээр байдгаас тэс өөрөөр биеэ авч явдаг. Учир нь уг ертөнцөд төр засаг, хуулийн ямар ч хяналт байхгүй.
Өнөөдөр интернетийн тусламжтай нэг хүн нэг гүрний эсрэг зогсож чадаж байна. Америкийн тагнуулын мэдээллийг дэлгэсэн Жулиан Ассанж, Эдвард Сноуден ганцхан компьютер ашиглаад АНУ-ыг сандаргаж байна. АНУ түүхэндээ анх удаа тагнуулын мэдээллээ алдлаа. Тэгэхээр өнөөгийн эрх зүйн тогтолцоогоор цахим ертөнцийг хянах ямар ч боломжгүй.