"Валютыг бий болгох нь чухал"
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ өнөөдөр /өнгөрсөн баасан гариг/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хууль хэрэгжсэнээр Монголбанкинд алтаа тушаасан аж ахуйн нэгж, хувь хүнд 2.5 хувийн татвар ногдуулах болж байна. Энэ нь эргээд эдийн засгийг хэр тэтгэх бол. Хуулийн гол зорилго нь валютын ханшийг тогтворжуулж, нөөц бүрдүүлэхэд чиглэж байгаа?
-Валютын нөөц бүрдүүлэхэд алтны татвар нөлөө үзүүлэх байх. Гэхдээ алтгүй орон яаж валютын нөөц бүрдүүлээд байна вэ гэдгийг маш сайн бодох ёстой. Өөрөөр хэлбэл, алттай байхаас илүү валютыг бий болгодог байх нь чухал. Валют байвал алтыг хаанаас ч худалдаж авч болно, Лондонгийн биржээс цэвэршүүлсэн алт худалдаад авч болно шүү дээ. Тэгэхээр алтаа худалдаад авах валютын эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой гэсэн үг. Жишээ авъя, томоохон хөрөнгө оруулалттай гадаадын аж ахуйн нэгж 10 тонн алт олборлоод Монголбанкинд тушаалаа гэж бодъё.
Төв банк алтыг нь худалдаж аваад төгрөг гаргаад өглөө. Гэтэл тухайн компани төгрөгөө доллар болгох шаардлага үүсвэл яах вэ, долларын хангамж Монголд байна уу гэдгийг зөв харах ёстой. Хоёрдугаарт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн нэг метал дээр хөдөлгөх нь буруу жишиг. Цаашдаа бусад металын татварыг бууруулахаар барьцвал яах вэ. Зэс, нүүрс гээд. Татварын тогтворгүй орчин ийм л юмнаас үүсдэг.
-Тэгвэл валютын нөөцийг найдвартай бүрдүүлэх гол эх үүсвэр нь юу вэ. Таны хэлснээр Лондонгийн биржээс алт худалдаад авчих хэмжээний валюттай орон болохын тулд цаашдаа яах ёстой вэ?
Монгол орны хувьд валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр болсон экспортын орлогууд сүүлийн хоёр жилд унасан.
-Макро эдийн засгийн онолоор валютын нөөцийг юунаас бүрдүүлдэг вэ гэхээр нэгдүгээрт, тухайн орон экспорт хийж байж валютын нөөцөө бүрдүүлдэг. Хоёрт нь, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар дамжуулж, гуравт нь зээл тусламжийн эх үүсвэрээр, энэ нь доллараар авдаг учраас валютын нөөц бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг юм.
Монгол орны хувьд валютын нөөц бүрдүүлэх гол эх үүсвэр болсон экспортын орлогууд сүүлийн хоёр жилд унасан. Яагаад экспортын орлого уначихсан бэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүнүүд маань өрсөлдөх чадваргүй болчихсонтой холбоотой.
-Гэхдээ Засгийн газар “Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан нь экспортын орлогод сөрөг нөлөө үзүүлсэн” гэж тайлбарладаг шүү дээ?
-Зөвхөн дэлхийн эдийн засгийн сааралтаас болоод уул уурхайн экспортын орлого буурсан хэрэг биш, сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбар дахь экспортыг дэмжих бодлого тодорхой бус байсантай холбоотой. Мөн би сая хэллээ, уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүд өрсөлдөх чадваргүй болсон нь нөлөөлсөн гэж. Өрсөлдөх чадваргүй байна гэдэг нь төмөр замаа тавих нь чухал гэсэн үг. Дэлхий дээр өнөөдөр авто замаар нүүрсээ экспортолдог орон байхгүй. Тийм учраас дэд бүтцээ тавих чиглэлд анхаарах ёстой.
Нөгөө талаас гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хоёр жилд унасан. Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсын аль салбарт түлхүү орж ирж байна вэ гэхээр зөвхөн эрдэс баялгийн салбарт голлодог. Экспорт хаана байна вэ гэхээр мөн л уул уурхайн салбарт хамаардаг. Үндсэндээ 100 ам.доллар экспортод гаргахад 90 ам.долларыг нь уул уурхайгаас гаргаж байх жишээтэй. Монгол руу ирж байгаа хөрөнгө оруулалтын урсгалыг харвал 100 ам.долларынх нь 90 ам.доллар нь эрдэс баялгийн салбарт орох жишээний.
Энэ нь Монголын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хамааралтай болчихсоныг харуулж байгаа. Тийм учраас уул уурхайн хэт хамаарлыг багасгах, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн экспортыг бий болгох нь чухал юм. Дээр нь төмөр замыг нэн яаралтай барьж дуусгах. Тэр цагт Монголын уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Яагаад гэвэл Монголын нүүрс Австрали, Индонези, ОХУ-ын нүүрстэй Хятадын зах зээл дээр өрсөлдөж байгаа гэдгийг мартаж болохгүй.
-Ярианы сэдвээ өөрчилье, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед та “Нийгмийн даатгалын санг шинээр харахгүй бол 2015 оноос тэтгэвэрт гарах эмэгтэй, 2020 оноос тэтгэвэрт гарах эрэгтэйчүүдийн хувьд одоогийн 180 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нөхцөл үүсчихээд байна” гэж анхааруулсан. Яагаад ийм байдал үүсчих вэ. Үүнээс яаж гарах вэ. Судалгаа хийж үзэв үү?
-УИХ-аар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, малчдыг Нийгмийн даатгалд сайн дураар хамрагдах тэр тогтолцоог уян хатан болгох ёстой гэж үзэж, хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлчихсэн байгаа. Нэгэнтээ УИХ-аар тэтгэвэр авагчдынхаа асуудлыг хэлэлцэж эхэлсэн болохоор цөөнхийн бүлгийн гишүүдийн санаачилсан төслийг мөн УИХ-аар хамтад нь хэлэлцээд явах нь зөв болно гэж бид үзсэн.
Төслүүдийг хамт хэлэлцэх ёстой гэсэн байр суурь барьж байгаагийн цаад шалтгаан нь Монгол Улсад өнөөдөр үйлчилж байгаа тэтгэврийн даатгалын тогтолцоог шинээр харах цаг нь болж. Яагаад гэвэл тэтгэврийн даатгалын санд мөнгө алга. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Нэрийн дансны тогтолцоо үйлчилдэг. Сар бүр Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлдөг иргэд нэрийн дансанд нь хуримтлал үүсч байгаа гэж боддог. Харамсалтай нь, хуримтлал үүсээгүй.
Уг сан нь өөрөө мөнгөгүй болчихсон учраас тэр. Төр гэх үү, Засгийн газар гэх үү төсвийн цоорхойг нөхөхийн тулд олон жилийн турш тус сангийн мөнгийг ашиглаж ирсэн. Нийт таван их наяд төгрөгийн өр үүсчихсэн юм билээ. Нэрийн дансны тухай хуулиар 1960 оноос хойш төрсөн эмэгтэйчүүд 2015 оноос, эрэгтэйчүүд 2020 оноос тэтгэвэр тогтоолгох харилцаа үүснэ.
Гэтэл тэтгэврээ тогтоолгоход одоогийн 180 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нөхцөл үүсчихсэн байна. Тэгэхээр Хамтын тэтгэврийн тухай асуудлыг шийдэх хүрээнд энэ асуудлыг ч авч үзэж, шимтгэл төлсөн иргэдээ хохироохгүй байх талаас арга хэмжээ авах ёстой. Нэг үгээр хэлбэл, эхлээд НДС-г янзалж мөнгөтэй болгож, цаашдаа ямар хэмжээний ачаалал даах вэ гэдэг тогтолцооны шинэчлэл хийх ёстой болж байгаа юм.
Хоёрдугаарт, Хамтын тэтгэврийн даатгалд 76 мянган иргэн хамрагдана, 20 жил ажиллаад, 10-аас дээш хамт амьдарсан нөхцөлд тэтгэврийг нь өвлүүлнэ гэж байна. Гэтэл 76 мянган иргэн гэдэг нь 38 мянган өрх гэсэн үг. Цаана нь Монгол Улсад өнөөдөр 320 мянган тэтгэвэр авч байгаа иргэд бий. Тэдний олонхи нь 20 жил НДШ төлчихсөн, 10 жилээс дээш хамт амьдарсан атлаа нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд ганцаараа үлдсэн ахмадууд бий. Тэднийг энэ хуулийн үйлчлэлд хамруулах асуудлыг яаж шийдэх вэ. Хууль иргэндээ тэгш үйлчлэх ёстой.
-Танай бүлгийн зүгээс зөвхөн малчин, албан бус секторт ажиллагсдын НДШ-ийн тогтолцоог уян хатан болгох ёстой гэж үзсэн нь эргээд халамжийг бий болгочих вий гэх хардлага үүсгээд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
Өнөөдрийн байдлаар албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй 500 гаруй мянган иргэн бий, тэдний 170 мянга нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид бол 340 мянга нь малчид.
-Малчид, албан бус секторт ажиллагсад нь сайн дураар НДШ төлнө гэж хуульчилснаараа нэг талаар Монголын төр 400 мянга гаруй иргэнийхээ асуудлыг анхаарлын гадна үлдээсэн байгаа юм. Тэр хэрээр 400 мянган иргэн ирээдүйд тэтгэвэр авах харилцаа үүсэхгүй болж ирж байна, одоо цаг алдахгүй хэмжээ авахгүй бол ирээдүй нь бүрхэг болно.
Өнөөдрийн байдлаар албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй 500 гаруй мянган иргэн бий, тэдний 170 мянга нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид бол 340 мянга нь малчид. Одоогийн үйлчилж байгаа хуулиар тэд сар тутамд хамгийн багадаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг сар бүхэн 20 жилийн турш сайн дураар төлж тэтгэвэр авах эрх үүснэ. Тэднээс хэд нь сайн дураар шимтгэл төлж байна вэ гэдгийг харахаар 500 мянга гаруй иргэнээс 20 орчим хувь нь сайн дураар НДШ төлдөг.
Тухайлбал, малчдаас ердөө 25 мянган малчин буюу зургаан хувь НДШ-ээ сайн дураар төлөх жишээний. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр өнөөдрийн НДШ-ийн тогтолцоо НДШ-ийн хэмжээ, НДШ төлөх хуваариуд нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого, ажил хөдөлмөр эрхлэлтийнх нь онцлогтой зохицохгүй байгааг харуулж байгаа юм, өөрчилөхөөс аргагүй. Яагаад гэвэл малчид ч тэр, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд тогтмол орлогогүй улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэгтэй холбоотой.
Жишээ нь хавар болохоор ноос, ноолуур, өвөл болохоор мах, арьс ширээ худалдаж малчид орлоготой болдог. Газар тариалангийн салбарт ажиллагсад зөвхөн намар тариа будаа, ногоогоо, хурааж орлоготой болдог. Хэрвээ боломжтой үедээ, орлоготой үедээ улирлаар, эсвэл жилдээ нэг удаа НДШ-ээ төлчихдөг болбол НДС-д хамрагдах иргэдийн тоо өснө. Мөн төрөөс урамшуулдаг байх ёстой. Нэг жилийнхээ НДШ-ийг шимтгэлийг төлчихвөл төлсөн шимтгэлийг нь 1.6 жилээр тооцъё гэх юм уу. Ийм боломж олговол хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд хамтын тэтгэвэрт мөн хамрагдах боломж гарч ирнэ шүү дээ. Үүнийг нийгмийн халамж гэж ойлгож болохгүй.
-Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдад таалагдах гээд байгаа юм биш үү?
-Иргэдээ НД-д хамруулдаг болох нь төрийн үүрэг. 400 гаруй мянган иргэн ирээдүйд тэтгэвэр авах бололцоогүй болно гэдэг улсын нийгэм, эдийн засагт маш их сөрөг үр дагавар дагуулна. Маш том ядуучуудын арми бий болох эрсдэлтэй. Тийм байдал үүссэн нөхцөлд хүссэн хүсээгүй нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхээс аргагүй болно. Тэгэхээр одооноос эхэлж уян хатан бодлогоор НД-д хамруулах нь ирээдүйд үүсэх их эрсдлийг бууруулна гэж үзэж байгаа хэрэг. Түүнээс малчид хийгээд хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд таалагдах гэж ийм төсөл санаачилсан юм биш.
Үүнийг зөвөөр ойлгох ёстой. Төлөх шимтгэлийн хувь хэмжээг нь уян хатан болгоод төлсөн шимтгэлд нь урамшуулал өгөөд ирвэл хамрагдалт ихэснэ. Сайн дураар өнөөдөр 25 мянган малчин НДШ төлж байгаа бол 50 мянга, цаашлаад 100 мянгад хүрвэл НДС-ийн хөрөнгө арвижна. Энэ бол ямар нэг популист гэдэг юм уу, хэсэг бүлэг хүмүүст зориулсан акци биш, нийгмийн захиалга гэж ойлгох хэрэгтэй. Хүн амын хөгжлийн сайд С.Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр эл төслийг дэмжиж байна гэсэн. Одоо Засгийн газрын хуралдаанаар төслийг хэлэлцээд саналаа УИХ-д ирүүлчих нь чухал байна.
-Та дээр “Төр таван их наяд төгрөгийг НДС-д төлөх ёстой” гэж хэлсэн. Энэ өрөө төлчихвөл сан арвижна гэсэн үг үү. Энэ их хөрөнгийг ямар байдлаар зарцуулбал, сан илүү ашигтай болох вэ?
-Таван их наяд төгрөгийн асуудлыг даруй шийдэх ёстой. НДС томоохон хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллах эрх зүйн орчинг УИХ-аас нээгээд өгчихсөн, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар. Хөгжсөн улс орнуудад тэтгэврийн даатгал хамгийн том хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сан болсон байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ. НДС-д бид сар тутамд10 хувийн шимтгэл төлдөг, үүн дээр ажил олгогч мөн 10 хувийг төлдөг. Харамсалтай нь, нэрийн дансны хуулгаа аваад үзэхээр 0 байгаа. Ийм хадгаламж байж болохгүй, НДШ-ийг яах гэж төлдөг юм, ирээдүйдээ хэрэглэхийн тулд шүү дээ.
Тийм учраас цаашдаа Нийгмийн даатгалын тогтолцоог хагас хуримтлал, бүтэн хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх ёстой. Иргэд маань НДШ төлсөн хувь хэмжээгээр тэтгэврээ аваад, дээр нь сайн дурын нийгмийн даатгалд хамрагддаг болчихвөл тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна гэдэг өнөөдрийн проблем ирээдүйд шийдэгдэх боломжтой болно.
Зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг биш, хувь хүн өөрөө хуримтлалтай байх ёстой, хувийн тэтгэврийн сангууд бий болох ёстой. Багш, эмч нар салбарын тэтгэврийн сан бий болгож болно. Бусад улс орнуудад хамгийн том сан нь эрүүл мэнд, боловсролын салбарынхны бий болгосон тэтгэврийн сан байдаг. Үүнтэй адилхан тэтгэврийн олон тогтолцоонд шилжих ёстой.
-НДС-ийн мөнгийг төр маш бага хүүтэйгээр төрийн санд байршуулдаг гэх яриа бий. Хүү өндөр өгөх газар байршуулж болдоггүй юм байхдаа?
-Төрийн санд байршуулаад, Төрийн сан нь арилжааны банкууд дээр маш бага хүүтэй хадгалуулдаг. Иргэдийн банкин дахь хадгаламжийн жилийн дундаж хүү 12-15 хувь байгаа. Гэтэл тэр хэмжээнд хүрэхгүй сарын 0.1 хувийн хүүтэйгээр НДС-ын хөрөнгийг хадгалуулах нь эргээд иргэд маань НДС-д итгэх итгэл нь буурч байгаа л даа. Энэ нь сайн дураар НДШ-д хамрагдах сонирхолыг төрүүлэхгүй.
Тийм учраас эдийн засгийн хөшүүргийг хийж өгөх ёстой гэж би хувьдаа үздэг. Ингэхийн тулд НДС-д мөнгө нь орж ирээд Хөрөнгийн бирж ажиллавал өгөөж нь хадгаламжид хийснээс илүү өндөр тусна. Тэр хэрээр өндөр тэтгэвэр авах нь гэдэг хүлээлт бий болгож НДС-д хамрагдах иргэдийн тоо өсөх бололцоо бий. Энэ тогтолцоог бий болгох ёстой.