Их жанжны төрсөн өдрийг угтаж “Түүх, соёлоо хамгаалъя” уулзалт, хэлэлцүүлэг хийлээ
Дамдины Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын удирдлага, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд хамтран “Түүх, соёлоо хамгаалъя” сэдэвт нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.
Уулзалтад өнгөрсөн түүхийн нэг хэсгийг бүтээлцсэн ахмадууд,түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид оролцсон юм. Уулзалт, хэлэлцүүлгийг нээж Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлсэн бөгөөд тэрбээр эрх баригчид улс төрийн зорилгоор түүхийг гуйвуулж байгааг Монгол Ардын Нам эрс эсэргүүцэж байгааг тэмдэглэлээ. Тус намынхан ард түмнээ сонсож явахад ч эрх баригчдын бусармаг үйл ажиллагаанд олон түмэн эмзэглэж байгаа нь мэдрэгдсэн байна.
Тиймээс түүх, соёлоо хамгаална гэдэг зөвхөн Ардын намын бус ард түмний эрх ашгийн асуудал болохыг хэллээ. 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш эрх баригчдын дур зоргын авир хэрээс хэтэрч, түүхийг хүртэл өөрийнхөөрөө тайлбарлаж, түүхийн дурсгалуудыг нурааж, сүйтгэж эхэлсэн. 1921 оны Ардын хувьсгалын дараахь бүтээн байгуулалтын он жилүүдэд барьж байгуулсан Сүхбаатарын талбайн нэрийг сольж, Чингисийн талбай болгосон.
Бүгд найрамдах улсаа байгуулан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны баяр болгон тэмдэглэдэг байсан Улс тунхагласны баярыг үгүй болгосон. Удахгүй Сүхбаатарын хөшөөг нураах асуудлыг нууцаар ярьсан гэх яриа ч тархсан. Тиймээс их жанжны төрсөн өдрийг угтан энэ долоо хоногийг Монгол Ардын Нам түүх соёлоо хамгаалах долоо хоног болгон зарлаж буй аж. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай санал бодлоо солилцох, маргааш буюу пүрэв гаригт эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулах, улмаар энэ бүх санал бодлыг нэгтгэсэн зөвлөмж, шаардлагыг ҮАБЗ-д хүргүүлэхээр төлөвлөжээ.
Түүний үеийн түүхчид ч өнгөрсөн зууны түүхийг үнэнээр бичиж үлдээхийг эрмэлзсээр иржээ.
Уулзалт, хэлэлцүүлэгт илтгэл тавьсан ШУА-ны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, профессор, академич Ж.Болдбаатар XX зууны түүхийн үнэр аваагүй шинэ цагийн түүхч нэр зүүсэн залуучууд түүхийг гуйвуулан бичиж байгаад эмзэглэж байгаагаа хэллээ. Өнгөрсөнд алдаа, оноо аль аль нь байдаг, тэр түүхийг яг үнэнээр нь бичиж үлдээх нь түүхчдийн үүрэг гэж тэр онцлов.
Түүний үеийн түүхчид ч өнгөрсөн зууны түүхийг үнэнээр бичиж үлдээхийг эрмэлзсээр иржээ. Гэтэл зарим залуу түүхчид улс төрчдийн үзэмжээр түүх бичлэгт алдаа гаргаж байгаа нь аюултай гэдгийг сануулав. Мөн УИХ-ын гишүүн, түүхийн шинжлэх ухааны доктор Ё.Отгонбаяр үнэн түүхийг сонирхолтой хэлбэрээр бичих эрэлт, хэрэгцээ урган гарч байгааг анзаарснаа хэлж, өөрөө энэ ажлыг санаачлан эхлүүлээд явж байгаагаа дуулгалаа.
Төвдийн Буддын шашны нэг Ренбүүчий түүнд “Би Улаантнуудад дургүй.Гэхдээ танай Монгол Улаантантай нөхцөөд ч болов улсаа аварч үлдсэн нь том гавьяа” гэж хэлснийг зориуд дурсаж, ялангуяа XX зууны түүхийг үнэн зөвөөр бичж үлдээх талаар хаанаа хаанаа онцгой анхаарах ёстойг хэллээ. Хэлэлцүүлэгт мөн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, профессор Г.Шагдаржав тэргүүтэй түүх, соёлын нэрт эрдэмтэд хүрэлцэн ирж илтгэл тавьж, үзэл бодлоо илэрхийллээ.