Уул уурхайн ассоциацийн 20 жилийн ой тохиож байна
Уул уурхайн үндэсний ассиоцацийн ерөнхийлөгч Д.Дамба
2014.02.05

Уул уурхайн ассоциацийн 20 жилийн ой тохиож байна

Монгол улс зах зээлийн нийгэмд дэвшин орсон цагаас хойш  уул уурхайн салбарт мэргэжлийн  голлох үйл ажиллагаа явуулж ирсэн  томоохон төрийн бус байгууллагуудын нэг болох  Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/  үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна.

Тус ассоциаци 1994 онд байгуулагдсан цагаасаа гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайж, эрдэс баялгийн салбарын талаарх хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж иржээ.

Асоциацийн зүгээс зохион байгуулж ирсэн томоохон арга хэмжээнүүдийн нэг нь “Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт. Дэлхийн уул уурхайн салбарын томчууд  чухамдаа энэхүү чуулганд оролцож,  Монголын төдийгүй олон улсын  уул уурхай, эдийн засгийн  чиг хандлага, өрнөл, хөгжлийн  шинэ хандлагуудыг тодорхойлох олон сонирхолтой илтгэж тавьж, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулдаг уламжлалыг нэгэнт тогтоосон юм.   “Дисковер Монголиа” чуулган  энэ жил 12 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Түүнээс гадна уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, ханган нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг компаниудын “Mine Tech” үзэсгэлэн яармагийг  МУУҮА  жил бүр зохион байгуулж ирсэн ба энэ жил долоо дахь удаагаа  болно. 

МУУҮА түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээндээ ихээхэн ач холбогдол өгч, гишүүн байгууллагууддаа мэдээллээ хүргэж эхэлжээ

МУУҮА түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээндээ ихээхэн ач холбогдол өгч,  гишүүн байгууллагууддаа  мэдээллээ хүргэж эхэлжээ. Ирэх тавдугаар сард болох баярын арга хэмжээг угтан Онол, практикийн бага хурал, ассоциацийн үе үеийн удирдлагуудын уулзалтыг зохион байгуулахаас гадна Монголын уул уурхайн өнгөрсөн ба ирээдүйн 20 жилийн түүхийг өгүүлсэн баримтат кино, нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэж, ойн ном хэвлүүлэх гээд  цөөнгүй  ажил өрнүүлээд байна.

Монгол улсын  болон олон улсын хайгуул, олборлолтын компани, корпорациуд, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, үйлчилгээ үзүүлэгчид, банк санхүү, даатгалын болон боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувь хүмүүс Ассоциацийн гишүүнчлэлд багтдаг. 

2013 оны байдлаар МУУҮА-ийн гишүүнээр 155 аж ахуйн нэгж, байгууллага элссэнээс үндсэн гишүүн 59, гишүүн 66, төрийн бус байгууллага 30, хувь гишүүн 6 байгаа аж.

Хэдийгээр  өнгөрсөн нэг, хоёр жилд уул уурхайн салбар хүндхэн зам мөрийг туулж ирсэн ч МУУҮА  2013 оныг чамгүй олон бүтээлч ажлаар үджээ. Тухайлбал, “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалтыг “Прайм инфо” ХХК-ийн хамтаар /сүүлийн хэдэн  жил хамтран зохион байгуулж байгаа/, “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал, Монгол, Хятадын нүүрсний форум, Монгол Хятадын уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэнг Эрээн хотод, оюутны эрдэм шинжилгээний бага хурал зэрэг арга хэмжээ, түүнчлэн  гишүүн байгууллагуудынхаа дунд “Ассоциацийн өдөр”-ийг тогтмол    зохион байгуулж иржээ.

2013 оны хувьд МУУҮА нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ашигт малтмалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох” нь шилдэг бүтээлийн уралдааныг анх удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд зарласан нь шинэлэг алхам болсон юм.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, тэр дундаа Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүдэд  МУУҮА гишүүдээсээ санал авч, тусгуулахад идэвхтэй ажиллаж ирснийг дурдах хэрэгтэй байх.