Алтны тухай хууль намрын чуулганы жагсаалтад байгаагүй
“Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг энэ удаад ашигт малтмалын тухай хуульд өөрчлөл оруулах замаар алтны нөөцийн төлбөрийг өөрчлөх асуудлаар ярилцана.
Энэ бол их хуралд нилээн халуун сэдэв болж өрнөж байгаа. Эхлээд алтны ил тод байдлын тухай хууль гэдэг агуулгаар шинэ хууль өргөн баригдсан. Энэ нь хэлэлцүүлгийн явцад их хурлын олонхын дэмжлэг аваагүй учраас буцсан. Эргээд ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж нэрээ өөрчлөн оруулж ирсэн.
Зарим гишүүдийн дургүйцлийг төрүүлж, их хурал, байнгын хороо, чуулганы явцад халуун хэлэлцүүлэг өрнөсөн байгаа. Бидний өнөөдрийн нэвтрүүлэгт тал талын байр суурь илэрхийлэх бололцоотой гишүүд, төрийн бус байгууллагынхан, байгаль орчны чиглэлээр төлөөлөл болдог хүмүүс оролцож байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Өсөн нэмэгдэх нөөц ашигласны татварыг байхгүй болгож байгаа нь буруу
Алт тойрсон хэдэн хуулийг УИХ-д их яригдаж байна. Ээлжит бус чуулган хий байхдаа л зүтгүүлж эхэлсэн. Мөн ээлжит намрын чуулганаар хоёр удаа оруулж ирж байна. Зүсээ хувирган нэрээ өөрчилж дахин оруулж ирсэн. Харин өнөөдөр гишүүдийн санал тэнцүү хуваагдаад дэмжлэг авсангүй. Одоо байнгын хороонд зүтгүүлэх гэж байгаа. Ерөнхийдөө энэ хуулийн үндсэн коцевц бол алт олборлож байгаа бүх компаниудад хөнгөлөлт эдлүүлэх тухай л байгаа.
2012 оны сонгуулийн онцлог бол Оюутолгойн асуудал, эх орныхоо байгалийн баялгийг ярьсан бүх хүмүүсийг ямар нэгэн намын ялгаагүйгээр ард түмэн сонгосон. Гэтэл нөгөө хүсэн хүлээж байсан байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, үр шимийг нь тэгш шударга хуваарилуулах, уул уурхайг хариуцлагатай байлгаж хөгжүүлэх ажлыг хийж чадахгүй байна. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад бидний эсэргүүцэж байсан ганц зүйл бол таван хувийн тогтмол татвар тогтоох нь буруу, 10 хувийн татвар ав. Өсөн нэмэгдэх нөөц ашигласны татварыг байхгүй болгож байгаа нь буруу гэж ярьж байсан.
Гэтэл одоо тогтмол 5 хувийн татварыг 2.5 болгох санал оруулж ирсэн. Ерөөсөө энэ алтанд өсөн нэмэгдэх нөөц ашигласны татвар нилээд л 10 хувь шүү дээ. Хүн болгон 10 хувийн татвараа төлж байхад алт олборлож байгаа компаниуд 2.5 хувийн татвар төлж байгаа. Үүнийг мөн олон удаа зүтгүүлж байна. үүний цаана алтны том компаниудын лобби орж байгаа нь дийлдэхгүй байна гэж харахаас өөр арга байхгүй.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Х.Болорчулуун гишүүн бизнес эрхэлж явсан туршлагатай хүн. Үндсэн орд дээр нөөц тогтоосон алтны хэмжээ тодорхой байхад алтаа авч чадахгүй, авчирч тушаах юм бол татвар хөнгөлнө гэсэн зүйл яриад байгаад ямар саналтай байна?
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Удах тусмаа л Оюутолгой гадныханд ашигтай.
Аливаа хууль судалгаан дээр үндэслэгдэх ёстой. Ялангуяа байгалийн баялагтай холбоотой хуулийг маш сайн судалж байж үр дагавар нь ард түмэнд хүртэх ёстой. Тэгэхгүй гэнэт оруулж ирдэг байдал хардлага төрүүлж байгаа. Алтны тухай хууль намрын чуулганы жагсаалтад байгаагүй. үүнийг бие даагчдын зүгээс эсэргүүцсэн, хаалттай хуралдаан хийсэн. Хуралдаанд хэдэн хүний саналаар унасан. Гэтэл дахиад 10-аад хоногийн дараа нэрийг нь өөрчлөөд оруулаад ирсэн. Ингээд 10 хувийн татварыг 2.5 хувь болгоно гэж байна.
Гадаадад Виза картнаас бэлэн мөнгө авахад шимтгэл нь 3 хувь байдаг. Гэтэл байгалийн нөөц ашигласны татварыг хэтэрхий бага болгож болохгүй. Оюутолгойд 30 жил байгалийн нөөц ашигласны төлбөр 5 хувь байдаг. Өнөөдөр Эрдэнэт 13 хувиар төлж байгаа. 2014 онд Оюутолгойгоос 161 тэрбум төгрөг орж ирнэ. 34 хувиа худалдаж авсан зээлийн хүүгээ төлж чадахгүй болж байгаа юм. Удах тусмаа л Оюутолгой гадныханд ашигтай. Бидний хувьд валютын нөөцийг бүрдүүлнэ. Гадагшаа нууцаар алт худалдаж байгааг арилгах гэм асуудал ярьж байгаа.
Бид хил, гааль бусад хүчний байгууллагаа ашиглаж үнэхээр нууцаар алт гарч байгааг зогсоох ёстой. Тэгэхгүй хэтэрхий татвараа оролдох нь буруу. Татвар бол ард түмний амьдралд хэрэг болно. ярилцаж байгаад шороон ордод 2.5 байг, үндсэн ордод хэвээрээ байя гэсэн санал хүртэл гаргасан. Учир нь үндсэн ордыг хянах боломжтой. Нөөц нь баталгаатай тогтоогдсон, химийн бодисоор ч хянах боломжтой.
Үндсэн ордыг гадныхан түлхүү эзэмшиж байгаа. Гадныхан эзэмшиж байгаа нь алтаа монголбанкинд тушаагаад монгол мөнгөө гадагшаа аваад явахгүй шүү дээ. Монголд байгаа валютын худалдаж авна. Энэ нь ханшийн өсөлт, валютын тогтворгүй байдлыг үүсгэх буруу үр дагавартай.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Хууль батлагдах юм бол долларын ханш буурах боломжтой гэдгийг баталгаатай хэлж чадна.
Хууль их асуудалтай боллоо гэж хэллээ. Өнөөдөр 2.5 хувийг 60-аад гишүүнээс 36 гишүүн дэмжсэн байгаа. Энэ хууль яагаад ач холбогдолтой талаас нь тайлбарлана. Бидний алтан дээр суусан гуйлгачин гэж ярьдаг байсан. өнөөдөр ухсан нүх нь үлдсэн гуйлгачин гэж байна. Долларын ханш хэдэн сарын дотор огцом өсч байгааг засгийн газар хараад сууж болохгүй. Энэ ханшийг тогтвортой бага байлгаж болно. манай улс алт олборлолтын хувь дэлхийд эхний 10-т орж байгаа.
Судалгаагаар татварыг нэмж, захиргааны аргийг хэрэглээд үр дүнд хүрч байгаагүй. Өнөөдөр монгол улсын эдийн засгийн 30 хувь нь далд эдийн засаг байна. Гадаад улсын туршлагыг судлахад нэг тонн алт тушааж байсан улс татвараа багасгаад хуулиа өөрчлөхөд 12 тонн алт тушаагдсан. Алтны үнэ нэмэгдээд боломжтой үед татвараа нэмдэг алтаа авч чаддаггүй, улс оронд үлддэггүй. Татвар бага байх үед Монгол улс жилдээ 24 тонн алт авч байсан.
Энд гурван сонголт байна. хуулийн хуучин орчин байгаа, ганцхан заалт нэмж оруулж ирсэн нь Монгол улсын зөвшөөрөлтэй арилжааны банканд алтаа тушаавал 2.5 хувийн татвар төлнө. Бусад нь байхгүй. Монгол банканд тушаахгүй бол өсөн нэмэгдэх татвар 5 хувь, 900 доллараас дээш бол нэг хүнээс өндөр ашгийн татвар гэж авч байгаа. Монгол хүний хэтэвчинд байгаа төгрөг баталгаажсан байх ёстой. Энэ бол алтаар баталгаажих боломжтой. Хууль батлагдах юм бол долларын ханш буурах боломжтой гэдгийг баталгаатай хэлж чадна.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс ....