"Сайн ах" сайн хань болжээ
Г.Баярсайхан эхнэрийн хамт
2014.02.14

"Сайн ах" сайн хань болжээ

“Хайр бол бурхнаас өгсөн бэлэг. Түүнийг хэмжишгүй, бас юугаар ч солынгүй” хэмээн УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тодорхойлов.

Бурхны бэлэгтэйгээ тэрбээр АУИС-ийн оюутан байхдаа учирчээ. Сургуулийнхаа номын сан руу орохоор алхаж явсан оюутан залуу шатан дээр зогсож байсан үзэсгэлэнт охиныг анх хараад л дурласан гэнэ. Өөрөөс нь хоёр курсийн дор сурдаг охинтой танилцах сан хэмээн үргэлж боддог болов.

Харж, бодож явсан түүнтэйгээ нэг өдөр харц тулгарч, зог тусахад хамаг биеэр нь хайр дурлалын цахилгаан гүйж байгааг мэдэрчээ.

Түүнтэй танилцахын тулд нэлээд тактиктай үзсэн гэнэ. Өнөөх охины ангийн үүдээр байнга эргэлдээд байх хэцүү болсон тул ангийнх нь 2-3 залуутай найзлав. Ингээд найзуудтайгаа уулзах нэрээр мөрөөдлийн охиноо харах, бүр танилцах боломж бүрдээд иржээ. Тэр үед анагаахын чиглэлийн ном ховор байсан гэнэ. Тиймээс эхэндээ дурласан охиндоо хэрэгтэй номыг нь олж өгдөг “сайн ах” болов.

Номын сангийн шатан дээр харсан охины төрхийг одоо тэрбээр “Үнэхээр сайхан, бас эелдэг даруухан охин байсан” хэмээн дурсаж байна лээ. Номоор дамжуулан танилцсанаас хойш хэсэг хугацааны дараа охиныг болзоонд урив. Зургадугаар сургуулийн арын цэцэрлэгт залуус болзжээ. Хөөрч догдолсон залуу болзооны цагаасаа түрүүлж ирчихээд л хүлээгээд байдаг. Гэтэл уулзахаар товлосон цаг нь ч өнгөрч. Хүлээсээр итгэл алдраад “За за, ирэхгүй юм байна” гэж бодоод явахаар булан тойртол дурласан охин нь хамаг хурдаараа өөдөөс нь гүйж явав. Тэр мөчид түүнд анхны найдлага төрсөн гэх. “Ямар ч гэсэн намайг гэх сэтгэл бий юм байна” гэж бодсон гэдэг. Үүнээс хойш тэд болздог болжээ. Эрхэм гишүүн бас шаггүй сэргэлэн, наймаа арилжаа хийчихдэг, тэр хэрээрээ орлоготой, бүр машинтай оюутан явсан юм билээ. Тиймээс дурласан охиноо гэрээс нь авч, сургуульдаа хүргэх болов. Хамтдаа кино, хошин шог үзнэ, гадуур зугаална. “Өөрийн бүсгүйгээ болгохын тулд та хэр удаан араас нь гүйсэн бэ” гэхэд гишүүн Г.Баярсайхан “Жил гаруй болсон шүү” гэж хариулсан.

2008-2012 оны Парламент бүрдээд удаагүй байхад гишүүдийн эхнэрүүд Төрийн ордонд нэг уулзалт хийсэн юм. Тэр дундаас сэтгүүлчид хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр түүний эхнэрийг тодруулсан юм даг. Ирээдүйн УИХ-ын гишүүнийг араасаа жил гаруй гүйлгэсэн бүсгүйг Б.Эрдэнэцэцэг гэдэг, эмч мэргэжилтэй. Хууль тогтоох ид ажлынхаа хажуугаар эрхэм гишүүн ханьдаа гэнэтийн бэлэг барихаа мартдаггүй. Зөвхөн баяр ёслол гэлтгүй бэлэг барьж, сонирхсон зүйлийг нь авч өгдөг аж. “Өнөөдөр эхнэрээ яаж баярлуулах вэ” гэсэн асуултад “Жижигхэн гэнэтийн бэлэг бэлдсэн байгаа” гээд нууцаа задлахыг хүссэнгүй. Тэдний хайрын дундаас хөөрхөн хүү мэндэлжээ. Г.Баярсайхан гишүүний гэр бүлд аз жаргал хүсье.