Л.Энх-Амгалангийн Биелүүлсэн даалгаварт тавьсан дүн
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2014.02.07

Л.Энх-Амгалангийн Биелүүлсэн даалгаварт тавьсан дүн

Хүн амын тоогоороо улсдаа дээгүүр орох Хөвсгөл аймаг бол улс төрийн сонгуулийн томоохон тойрог. Тиймдээ ч шат шатны сонгуульд улстөрийн намууд Хөвсгөлийг анхаарлын төвдөө авдаг.

Арга ч үгүй юм. Сонгуулийн холимог системтэй болсон өнөө үед 120 мянган хүний санал гэдэг дан ганц нэр дэвшигч бус намын жагсаалтад ихээхэн нэмэртэй. Сонгуулийн шинэ хуулиар Хөвсгөл аймаг хоёр мандаттай болж, өмнөх суудлыг нь 50 хувиар бууруулсан. Ардчилсан намаас хуучин хоёр гишүүнээ дэвшүүлсэн бөгөөд, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар мэдээж нутгаасаа даага хөтлөхийг бодсон. Намынхан нь ч ихээхэн найдвар тавьж байсан гэдэг.

Харин МАН-аас МСS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар МАН-ын гишүүн Ө.Энхтүвшин энэ удаад намынхаа жагсаалтад багтаж, Ц.Даваасүрэн бие даасан. Учир нь Ц.Даваасүрэнд нам мандат олгоогүй.

Харин сонгуулийн үр дүнгээр Хөвсгөлийн хоёр суудлын нэг нь хуучин кадр Ц. Даваасүрэнгийнх болсон бол нөгөөг нь “битүү морь” гэгдэж байсан Л.Энх-Амгалан авсан. Тэрбээр 24 мянга гаруй хүний саналаар тойрогтоо л нэгээрээ сонгогдсон нь хашир туршлагатай Ц.Сэдванчиг, дархад ястнуудын дунд бараг дархлагдаад байсан Л.Гүндалай нараас хөвсгөлчүүд залхсаныг батлах мэт.

Л.Энх-Амгалан гишүүний хувьд УИХ-д анх сонгогдсон шигээ улстөрд ч шинэ хун. 1996-2012 онд Юнител групп, МСS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, МСS групп-ын тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашиж байсан. Чадварлаг бизнесмэн төрийн түшээ болоод харин юу хийв. Түүний хувьд УИХ- ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагддаг. Тиймдээ ч санхүү эдийн засаг, төсөв мөнгө, татварын орчинтой холбоотой хуулийн төслүүдийг санаачилдаг. Мөн ихэвчлэн энэ чиглэлийн хуулийн ажлын хэсгүүдэд орж ажилладаг.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх хугацааныхаа талыг туулсан түүнд тойргийнх нь сонгогчид харин ямар дүн тавьж буйг сонирхлоо.

У.Ганчимэг: Ашиглахгүй байгаа үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авахгүй болгож өгөөч гэж хүссэн

-Би Хөвсгөл аймгийн уугуул иргэн. Барилгын материалын хувийн дэлгүүр ажиллуулаад 20 гаруй жил болж байна. Өөрийн  хөрөнгөөр дэлгүүрийн зориулалттай дөрвөн давхар барилга барьсан ч түрээс өндөр гээд түрээслэгчид олдохгүй байна. Уг нь энэ дэлгүүрээ босгох гэж нөхөр бид хоёр олон жил зүтгэсэн. Тийм болохоор тодорхой хэмжээгээр үнэлмээр байдаг. Гэтэл ашиглахгүй байгаа ч үл хөдлөх хөрөнгөөс улс татвар авдаг болохоор их хүндрэлтэй юм. Бид Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүнд энэ байдлаа танилцуулсан.

Тэр хүнээр уламжилсан бидний үг төрд хүрнэ гэж итгэж байна. Бизнес хийж байгаа хүмүүсийг төрөөс дэмжээсэй л гэж хүсэх юм. Бид хүнээс бэлэн юм гуйгаагүй. Өөрсдийн хүчээр амьдралаа өөд татах гэж хичээж яваа улс. Тиймээс биднийг татвар, тайлан блансаар дарамтлах биш аль болох дэмжиж өгөөсэй л гэж боддог. Энэ онд манай аймагт бүтээн байгуулалт их хийгдэх юм билээ. Сэтгэл их өндөр байна. Ер нь манай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд орон нутагтаа их зүйл хийдэг.

 Д.Төмөрхуяг: 20 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмснээс больсон нь дээр

Ах нь улсад 40 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. 183 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Өдөр ирэх бүр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд тэтгэвэр хэдэн төгрөг маань амьдралд хүрэлцэхээ байсан. Л.Энх-Амгалан гишүүн аймагтаа их ирдэг. Би өөрөө ч хоёр, гурван удаа уулзаж асуудал, бэрхшээлээ хэлж байсан.

Одоо надад нэг санал байна. Энэ онд тэтгэвэр нэмэгдэх ч 6-8 хувиар л өсөх юм билээ. Тэгэхээр миний тэтгэвэр 20-иод мянган төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. 20-хон мянган төгрөгөөр тэтгэвэр нэмж байхаар хэвэнд нь байлгаж байвал таарна. Нэмэх сураг гараад л бүх юмны үнэ гэрлийн хурдаар өснө. Ер нь төр ард иргэдийгээ бодсон шийдвэр л гаргах хэрэгтэй.

Л.Баатар: Сайхан орон сууц бариад өгвөл зээлээр ч бол авна 

Энэ онд манай аймагт "Шинэ мөрөн" хороолол баригдаж эхлэх юм билээ. 1000 айлын орон сууц сургууль, цэцэрлэгийг нь шийдээд их л сайхан хороололтой болно гэсэн. Л.Энх-Амгалан гишүүн аймгийн удирдлагуудаар газрыг нь шийдүүлээд хувийн компаниар бариулж, иргэдэд зээлээр авах боломж олгож байгаа гэнэ билээ. Үүнд сэтгэл их өндөр байгаа. Манай аймаг эх орны хоймор, аялал жуучлалын бүс гэсэн утгаараа сайхан хөгжих хэрэгтэй. Ах нь төсвийн байгууллагын ажилтан. Сайхан орон сууц бариад өгвөл зээлээр ч болтугай авна. Хөдөө орон нутгийн иргэд ч гэсэн тохитой сайхан амьдрахыг хүсч байна.

Д.Баасансүрэн: Хүүхдийн маань сургалтын төлбөрий төлсөн

-Л .Энх-Амгалан гишүүн УИХ-д сонгогдсоноосоо хойш Хөвсгөлийн оюутнуудын сургалтын төлбөрийг цалингаараа төлдөг болсон. 2013 онд л гэхэд сурлагаараа тэргүүлж байгаа 100 оюутанд сургалтын төлбөрийг нь өгсөн. Манай хүүхэд МУИС-ийн III дамжааны оюутан. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт нь хамрагдаж нэг жилийн сургалтын төлбөрөө даалгасан. Төсвийн цалинтай бидэнд хүүхдийн минь нэг жилийн сургалтын төлбөрийг төлөөд өгнө гэдэг их том тус.

Манай аймгийн иргэдийн дийлэнх хувь нь гэр хороололд, байшинд амьдардаг. Энэ онд 200 гаруй гэр хорооллын айлыг төвийн шугамд холбож цэвэр, бохир ус, халаалттай болгоно гэсэн. Мөн сүүлийн жилүүдэд аймгийн төв их утаатай болж байгаа. Тиймээс утаагүй зуухыг айлуудад хөнгөлөлттэй үнээр олгож эхлээд байна. Эх орны хоймор болсон сайхан нутаг минь утаагүй, хөгжил дэвшил нь өөдөө байвал ганц хөвсгөлчүүдийн биш Монгол Улсын нэр гарна шүү дээ.

С.Банзрагч: Архины тухай хууль баталж өгөөч 

-Манай аймгаас УИХ-д сонгогдсон Л.Энх-Амгалан гишүүн тойрогтоо байнга ирж, ард иргэдтэйгээ уулздаг. Азаар манай аймгийн     иргэд тойрогтоо ажил хийдэг наашаа сэтгэлтэй хүмүүсийг өөрсдийн төлөөлөл болгон гаргадаг гэж би боддог. Хөдөө орон нутагт архидалт их байна. Тамхины тухай хууль гэж баталсан шигээ архины хуулийг ч гэсэн баталмаар байна.

Тамхины хууль батлагдсанаар залуучууд олон нийтийн газар тамхи татах нь багассан. Архины хууль ч батлагдвал бага ч гэсэн үр дүн гарна гэж би бодож байна. Тэр хуульдаа хэдэн аймгийн дунд хичнээн архины үйлдвэртэй байх ёстой гэсэн зүйл заалт оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл архины үйлдвэрүүдийг цөөлөх нь зүйтэй.