УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2014.01.24

Б.Бат-Эрдэнэ: МАХН-д орох талаар ямар ч яриа байхгүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МАХН-д өнөөдөр элсэнэ гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Б.Бат-Эрдэнэ “Намайг МАХН-д элссэн хэмээх мэдээлэл гаргасан нь гүтгэлэг. Одоо гүжир гүтгэлгээ зогсоо. Элдэв худал мэдээлэлд битгий итгээрэй. Миний хувьд МАХН-д орох талаар  ямар ч яриа байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Үүнээс гадна чуулганы үдээс өмнөх хуралдаанаар батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн талаар нэлээд бухимдалтай байлаа. "МАН-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэдэн жилээр дарж, хэлэлцүүлдэггүй. Тэгсэн атлаа Ардчилсан намынхан Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг зүтгүүлсээр баталчихсан. Үндсэндээ Оюутолгойд гурван тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлэх хууль баталчихлаа” гэсэн юм.