Д.Батцогт гишүүнээс үлгэр авч яагаад болохгүй гэж
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр хуралдах байсан ч хуралдсангүй.
Учир нь тус байнгын хорооны шинэхэн дарга Д.Батцогт ажлаа урьдчилаад буюу өмнөх өдөр нь хийчихсэн учраас энэ удаад байнгын хороо нь хуралдсангүй.
УИХ-ын гишүүд маань байнгын хорооны шинэхэн дарга шиг ажлаа урьдчилаад хийдэг бол сайхансан. Сүүлийн үед байнга л ингэж ч хурал хойшиллоо, тэгж ч ирц бүрдсэнгүй гэдэг үг хэвлэлийн хуудсанд хөвөрсөөр байгаа.
Тэгвэл гишүүд маань Д.Батцогт гишүүнээс үлгэр авч, ажлаа “умалзуулж” яагаад болохгүй гэж. Эрхэм гишүүд маань ард иргэдийнхээ сайн сайхны төлөө төрд суусан. Тэдний төлөөлөл болно гэж ажиллаж байгаа учраас яагаад шаргуу ажиллаж болохгүй гэж.
Өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилтуудын өнөөгийн байдал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, санхүүжилтийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх Хөдөлмөрийн сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан юм.
Гэсэн ч байнгын хорооны дарга өмнөх өдөр Хөдөлмөрийн яаманд ажиллаж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар мэдээлэл хангалттай авсан гэж үзэн, хуралдаан хийгээгүй юм.