“Удирдагч” сэтгүүл Хотын даргыг онцоллоо
“Удирдагч” сэтгүүл
2013.12.30

“Удирдагч” сэтгүүл Хотын даргыг онцоллоо

Нийгэм, улстөрийн “Удирдагч” сэтгүүлийн ээлжит шинэ дугаар хэвлэгдэн гарчээ. 2013 оны сүүлийн дугаартаа тус сэтгүүл өнгөрч буй оны бүтээн байгуулалтын ажлуудыг онцлон нэрлэсэн байна.

Үндэсний бүтээн байгуулалтаас улс орны хөгжил дэвшлийн учиг хөвөрнө. Тиймээс хэн их бүтээн босгоно, тэр аж ахуйн нэгж, төрийн зүтгэлтэн  улс орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь  нэмэр оруулж байна гэсэн үг. Ийм ч учраас “Удирдагч” сэтгүүл жил бүрийн арванхоёрдугаар сард Үндэсний бүтээн байгуулагчдыг нэрлэж байхаар болжээ.

Салхины хүчээр эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн Салхитын цахилгаан станц, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, эмнэлгийн шинэ байрууд зэргийг өнгөрсөн оны бүтээн байгуулагчаар нэрлэсэн байна. Тус сэтгүүл мөн “Улсын нийслэлийг шинээр бүтээж байгаа Үүл баатар” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг онцолсон байна.

Ингэхдээ Э.Бат-Үүлийн 25 жилийн улстөрийн тэмцлийн тухай өгүүлж, улсын нийслэлийг хэрхэн шинээр бүтээж байгаа тухай өгүүлсэн байна. Үнэхээр ч түүний өнгөн дээр нийслэл зүс царай орж, гол нь иргэдийн оролцоотой олон асуудал шийдэгдсээр байгаа нь ийнхүү онцлох хүн болгожээ.