Д.Батцогт: Бэлгээ тэврээд гэр рүүгээ жирийлгэчихдэг хүү байлаа
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга болохоор нэр дэвшсэн гишүүн Д.Батцогтын ажлын өрөөнд хэсэгхэн саатаж, “Өрөөнд нь” булангаа бэлтгэлээ.
-Юуны өмнө шинэ оны босгон дээр Байнгын хорооны дарга болсонд тань баяр хүргэе. Танд илүү их ажил, хариуцлага нэмэгдлээ?
-Баярлалаа. Байнгын хороогоор л дэмжигдсэн болохоос нэгдсэн чуулганаар эцэслэн шийдэгдээгүй. Тиймээс “дарга” гэж хэлэх нь эрт байна. Ер нь бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо олон салбар хариуцдаг.
Энэ байнгын хороонд харьяалагдаж байгаа салбаруудад шинэчлэл, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарцаагүй үүсээд байгаа. Эрүүл мэндийн салбарт л гэхэд иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчилж шинэчлэх шаардлага байна.
Ер нь эрүүл мэндийн салбарт цогц өөрчлөлт хийх ёстой гэж боддог хүний нэг. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хууль эрхзүйн шинэчлэл, өөрчлөлт хийх, салбар хариуцсан яамдтай уялдаатай ажиллах гээд ажлын ачаалал, хариуцлага нэмэгдэх байх. Гишүүн байснаас хамаагүй их завгүй байна байх. Залуу хүний хувьд хичээн зүтгэж ажиллана гэж бодож байгаа.
-Шинэ он гарахад цөөхөн хоног үлдэж байна. Төрийн ордонд ч баярын уур амьсгал орчихож. Танд ч баярын урилга цөөнгүй ирсэн байх?
-Урилга олон ирдэг л дээ. Тэр болгонд ороод байх цаг зав бага байх юм. Өнөөдрийн байдлаар гурван шинэ жилийн баярт оролцоод байна. УИХ-ын гишүүнийхээ хажуугаар “Монголын усны түншлэл” төрийн бус байгууллагын тэргүүний ажил хийдэг. Монголд усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй байгууллага нэгдээд ус түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах төрийн бус байгууллага байгуулсан.
Миний хувьд УИХ-ын гишүүдээс ганцаархнаа усны инженер мэргэжилтэй юм байна билээ. Тэгээд надад ерөнхийлөгчөөр нь ажиллах хүсэлтийг мэргэжлийн хүмүүс хамтран тавьсан юм. Ингээд бид энэ жил “Цэнхэр алт” нэртэй шинэ жилийн үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа. Мөн Ховд нутгийнхаа шинэ жилийн баярт оролцлоо. Харин өчигдөр /уржигдар/ УИХ-ын гишүүдийн шинэ жилд орлоо.
-Шинэ жил гэр бүлийн хувьд том баяр байдаг. Гэртээ шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ. Он солигдох яаж өнгөрүүлдэг вэ?
Би эхнэр гурван охинтойгоо оргилуун дарсаа буудуулаад, бялуугаа хувааж идээд л шинэ жилээ угтана.
-Би эхнэр гурван охинтойгоо оргилуун дарсаа буудуулаад, бялуугаа хувааж идээд л шинэ жилээ угтана. Аав руугаа хамгийн түрүүнд ярьж мэндчилгээ дэвшүүлдэг. Мэдээж ах дүү, найз нөхөд, ойр дотны хүмүүс рүүгээ мэнд хүргэж утсаар ярина. Ийм л энгийн байдлаар өнгөрүүлэх дуртай даа. За тэгээд, он солигдох торгон мөчид цонхоороо баярын салют харна даа.
-Шинэ жилийг бэлэггүйгээр төсөөлөх аргагүй. Та ямар бэлэг авах дуртай вэ. Хүүхдүүддээ ямар бэлэг өгдөг вэ. Арай өвлийн өвгөн аав болдог юм биш биз?
-Хүүхэд байхад өвлийн өвгөн аавын бэлэг гэдэг чинь гайхалтай сайхан зүйлийн нэг байлаа шүү дээ. Онц сурсан хүүхдэд өвлийн өвгөн аав бэлэг өгдөг байлаа. Тэр бэлгийг т 'йэлээд хэдэн жил авсан. Намайг хүүхэд байхад одоогийнх шиг элбэг дэлбэг байсангүй.
Алим, мандарин энэ тэрхэн л байлаа шүү дээ. Дээр нь тухайн үеийн хамгийн чухал амттанд тооцогддог банкя печень байдаг байсан юм. Бэлгээ ангийнхаа хүүхдүүдээс харамлаад, тэврээд л гэр рүүгээ жирийлгэчихдэг хүү байлаа. Ах дүү олуулаа болохоор тэдэнтэйгээ хуваалцаж магтаалын үгийг нь сонсох гэсэн бяцхан хүсэл байж дээ. Тэгээд л ах, эгч, дүү нартайгаа хуваагаад идэх маань маш том аз жаргал байжээ. Одоо хэдийгээр аав болоод нас нэлээд хэвийж байгаа ч гэсэн өнөөх л өвлийн өвгөн аавын бэлэг хамгийн сайхан хэвээр байна. Гэтэл өчигдөр өвлийн өвгөн ааваас бэлэг авлаа.
УИХ-ын дарга, С.Ганбаатар, А.Бакей гишүүн бид дөрөв авсан. Өвлийн өвгөн аав надад бэлэг өгөхдөө “УИХ-ын гишүүдээс хамгийн олон ажлын хэсэгт орж ажилласан нэг хүү байна” гэж хэлсэн. Би өөрөө тоолоогүй юм. Гэтэл нийтдээ 19 ажлын хэсэгт орж ажиллаад “Ажилчин зөгий” болсон юм билээ. Үүнээс би ирэх жил улам сайн ажиллах эрч хүч авч их бэлэгшээж байгаа. Хүүхдүүддээ мэдээж мод засч өгдөг. Ингээд хүүхдүүдийнхээ дуртай зүйлсээр бэлэг боогоод сүлд модных нь дор үлдээдэг. Хүүхдүүд маань бэлгээ аваад задлаад, баярлаад л. Ер нь манайх энгийн дулаахан уур амьсгалтай айл.
Намайг идэвхитэй болохоор ажлын хэсэгт оруулчихдаг байх
-Хамгийн олон ажлын хэсэгт орж ажилласан гэж байна. Та өөрөө хөөцөлдөж яваад орчихдог юм уу эсвэл таныг шахаад оруулаад байдаг юм уу?
-Би Төрийн байгуулалт, Эдийн засаг, Хууль зүйн гэсэн гурван том Байнгын хороонд харьяалагддаг. Би болж өгвөл аль болох л бүх хуралд суух юмсан, ажлын хэсэгт нь орж ажиллах юмсан гэж боддог. Гэхдээ заавал намайг оруул гэж явдаггүй л дээ.
Намайг идэвхитэй болохоор оруулдаг байж магадгүй юм. Гэхдээ ажлын хэсэгт орж ажилласнаар өөрийн санал, бодлыг хуулийн төсөлд оруулах боломжтой болдог. Мөн хэлэлцэж буй хуулийнхаа талаар өргөн мэдлэгтэй болно. Хүн гэдэг насаараа суралцдаг. Надад их том сургууль гэж бодож дуртайяа ажлаа хийдэг.
-Гишүүдийн идэвхи гэснээс хуралдаанд сууж, санал хэлэх нь бүү хэл бараа нь харагддаггүй хүн цөөнгүй байдаг шүү дээ. Уг нь УИХ-ын гишүүн бол төрд ард түмний дуу хоолой болохоор сонгогдсон хүн. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Олон жил гишүүн байсан хүмүүсийн ярианаас сонсч байхад үеийн үед УИХ-ыг идэвхитэй 20 гаруй хүн л авч явдаг гэдэг юм билээ. Ядаж тэр тоонд нь орох юмсан гэж боддог юм. Зарим нь “Хэтэрхий идэвхитэй байна, унана шүү” гэж л байдаг юм. “Сайн байна” гэх хүн ч байдаг. Гэхдээ энэ бол миний хийх ёстой ажил.
-Таны хувьд ажлын хэсэгт орж ажиллахаас гадна цөөнгүй удаа ахалсан санагдаж байна. Ажлын хэсэг ахална гэдэг тийм ч амаргүй ажил байх?
-Амаргүй юм байна. Сая УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Мөрдөх албаны тухай хуулийн төслийг боловсруулах 13 гишүүнтэй ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Ажлын хэсгүүд ихэвчлэн 5-6 гишүүнтэй байдаг. Нам, намын төлөөллөөс гадна сэтгүүлч, хуульч, эдийн засагч гээд олон төрлийн мэргэжилтэй, олон жил парламентад суусан хүмүүсийг удирдаж ажиллана гэдэг амаргүй л байдаг юм байна.
Надад итгэж найдаж энэ ажлыг даалгасан болохоор чадах чинээгээрээ ажилласан даа. Сэтгэл хангалуун байгаа. Мөн олны анхаарлын төвд байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн ажлЫн хэсгийг ахалж байна. Уул уурхай гэдэг угаасаа манай орны хувьд хөгжиж байгаа салбар болохоор бас л хянуур байхыг шаардаж байна.
Ажилсаг, халамжтай гэргий минь намайг муу зан сургасан
-Таны өрөө их эмх цэгцтэй юм. Ер нь та өөрөө хэр цэгцтэй хүн бэ. “Эмх цэгц бол тэнгэрийн хууль юм” гэсэн мэргэн үг байдаг. Цэгцтэй хүн ажилдаа, амьдралдаа ч тэр байдлаараа ханддаг даа?
-Хувь хүнийхээ хувьд тийм ч цэгцтэй хүн биш. Ажилсаг халамжтай эхнэр маань намайг муу зан сургасан. Гэр орон ахуйн чиглэлийн бүхнийг эхнэр маань л мэддэг. Хүүхдүүд маань ч намайг дуурайсан. Тэгээд ээж нь үглэж л харагддаг юм. Ажил хийхдээ сэтгэлээсээ хандаж, үр дүнтэй ажиллах юмсан гэж боддог.
Түүнээс биш нягт нямбай, цэвэрч, хямгатай хүн би биш ээ. Эхнэр маань бүхнийг зохицуулдаг болохоор юу өмсөх, юу идэхээ мэдэхгүй л тууж явдаг гэх үү дээ. Тийм ч учраас ар тийшээ санаа зовохгүй хуулиудаа харсан шигээ сэтгэл амар явдаг.
-Ширээний номтой юу. Ер нь ном уншдаг уу?
-Ном унших дуртай. Сүүлийн үед улстөрчдийн хөрөг зохиол уншиж байгаа. Хамгийн сүүлд Солонгосны сэргэн мандалтын үеийн Ерөнхийлөгч, одоогийн Ерөнхийлөгчийн аав Пак Юнхыйн намтрыг уншиж байна.
Үүний өмнө түүний охин одоогийн Солонгосын Ерөнхийлөгч Пак Гынхегийн номыг уншсан. Черчиль, Сталин зэрэг олон нэр алдартай, улс төрийн зүтгэлтнүүдийн намтар номыг уншдаг. Ширээн дээрээ уншаагүй номнуудаа өрж тавьчихаад л зав гарвал эргүүлж суух дуртай. Нэг ном уншаад дуусахад нэг их ажил бүтээчихсэн мэт эргэцүүлж бодох их зүйлтэй, кайфтай сайхан болдог шүү.
-Өврийн дэвтэр бий юу. Олон жилийн дараа гаргаад харахад сонин байдаг шүү дээ?
-Тэмдэглэл хөтөлдөггүй. Тэмдэглэл их өндөр зохион байгуулалттай, амьдралын зөв хэвшилтэй хүний хийх ажил юм шиг санагддаг. Яг үнэнийг хэлэхэд өдөрт нь ажилдаа түүртээд чадахгүй юм. Гэхдээ бичээд явбал дараа нь хүүхдүүдэд маань хэрэгтэй юм болов уу гэж боддог л юм. Цаашид тэмдэглэл бичье гэж бодож л байгаа.
-Та бид хоёр нэгэнт л энгийн сайхан яриа өрнүүлж байгаа учраас хоббийг тань асуухгүй өнгөрч болохгүй байх. Ер нь та яг ямар хоббитой вэ?
-Зав л гарвал найзуудтайгаа билльярд тоглох дуртай. Сүүлийн үед цаг зав бага гардаг болсон болохоор тэр бүр тоглоод байж чадахгүй байна. Уг нь билльярд тоглох чинь эрүүл мэндэд ч хэрэгтэй. Нэг цаг тоглоход 10 км алхсантай тэнцдэг гэдэг юм билээ.
Энэ утгаараа жингээ хэвийн хэмжээнд барихад ч хэрэгтэй байдаг. Сүүлийн үед суудал ихдээд, дээрээс нь цай уугаад нэлээд жин нэмж байгаа. Тиймээс он гараад эрчимтэйгээр фитнест явж, биеийн тамираар хичээллээд жингээ хасна гэж бодож байгаа.
-Энэ хананд байгаа хивсний талаар сонирхуулаач. Захиалж хийлгэсэн үү?
-Манай Ховд аймагт тал дунд байдаг Баатар хайрхан. Нисэх онгоцны буудлын дэргэд харагддаг. Манлай баатар Дамдинсүрэн, хатан баатар Магсаржав нар Ховд хотыг чөлөөлөхөд энэ уулан дээр түүдэг гал асаан дохио өгч байсан гэдэг юм билээ. Манай Ховдынхны шүтэж дээдэлдэг уулуудын нэг. Энэ хисвийг Ховд аймгийн ойн баяраар нутгийн удирдлагууд захиалж хийлгэсэн юм билээ. Тэгээд надад нэгийг бэлэглэж байсан юм.
- “МҮАН”-ын товчлолыг уйгаржин монгол бичгээр бичсэн байна. Үүнийг танд хэн өгч байв. Ер нь та монгол бичиг хэр сайн мэдэх вэ?
-Манай Г.Уянга гишүүн санаачилж намынхаа удирдах зөвлөл, бүгд хурлын гишүүддээ багш хөлсөлж монгол бичиг заалгасан. Харамсалтай нь ажлын цаг зав бололгүй байсаар сууж амжаагүй. Өмнө нь намайг оюутан байх үед дунд сургуульд монгол бичиг зааж эхэлсэн юм.
Ингээд л завсарт нь сайхан монгол бичгээ сурч чадалгүй үлдчихсэндээ харамсч явдаг. Гэхдээ ямар ч гэсэн сурах юмсан гэж боддог. Энэ жаазтай бичмэлийг би намын шинэ жилийн арга хэмжээнд оролцох үеэрээ дуудлага худалдаагаар авч байсан юм.
-Нууц биш бол хэдээр авч байв?
-200 мянгаар авсан байх шүү.
-Таны шог зураг бас байна. Хэн таныг ингэж шоглов. “Амлалт” гэсэн дарцаг бариулчихаж?
-Шог зураач Бат-Эрдэнэ УИХ-ын 76 гишүүнийг зурж цомог хийсэн юм билээ. Тэгээд надад бэлэглэсэн.
-Таалагдсан уу?
-Яах вэ, дажгүй. Их бодитой зураг санагдсан. “Амлалт” гэсэн туг бариулчихсан. Ер нь миний нэлээд хэдэн нөхөрсөг шог зураг байдаг. Би чинь Ховдын уяачдын холбооны тэргүүн шүү дээ. Тэр хусуур утгаар надад морины бариулчихсан нэг зураг бий.
Ганц ч даагагүй уяачдын холбооны тэргүүн дээ, би
-Ховдын уяачдын холбооны дарга гэсэн. Морь сайн унана биз. Морь уядаг бил үү?
-Хүүхэд байхаасаа эмээ дээрээ очоод морь унаж өссөн. Гэхдээ би одоо морь уядаггүй, нэг ширхэг ч даага байхгүй хэрнээ Уяачдын холбооны тэргүүн гэдэг ажил хийдэг. Уяачдынхаа эрх ашгийг хамгаалах гээд ажил бий бий.
Өнөөх даахгүй нохой булуу хураана гэдэг шиг олон төрийн бус байгууллагын тэргүүн шүү дээ. Монголын махны холбооны тэргүүн, Монгол ус түншлэл төрийн бус байгууллагын тэргүүн, Уяачдын холбооны, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн. Түүнээс гадна “Ховдын ирээдүй” сангийн тэргүүн.
-Энэ зургийн талаар ярьж өгөөч. Гарын үсгийг нь харахад Төрийн шагналт зураач Ц.Цэгмид гуайн зураг бололтой. Ямар замаар таньд ирэв?
-Тийм ээ, энэ бол манай авьяаслаг зураач Төрийн шагналт Ц.Цэгмид гуайн зураг. Одоогоос долоон жилийн өмнө найзаасаа худалдаж авсан. Монгол төрийн далбаан дээр монгол баатруудыг дүрсэлсэн сайхан бүтээл. Морины наана дүрсэлсэн тамганууд бол Монгол овог аймгуудын хэрэглэж ирсэн тамгууд юм билээ. Тиймээс би бэлэгшээж хаана л ажлын өрөө байна тэндээ авч явдаг юм.
-Урлагийн ямар төрөлд дуртай вэ. Дуулдаг уу?
-Өөрийнхөө хэмжээнд дуулна. Караокед дуулдаг. Гэхдээ караоке гэдэг зүйл чинь их муу зан сургадаг юм байна. Бодоод байхад бүтэн мэддэг дууны үг гэж алга. Бага байхад манай гэрт шугамын радиогоо баганаасаа хүлчихсэн байдаг байлаа. Шинэ дуу гарах юм бол баганынхаа дэргэд зогсч ганцхан сонсоод л үгийг нь сурчихдаг байсан. Тэгээд л дуулаад явдаг байсан. Гэтэл одоо мэдээллийн урсгал, техник технологийн хөгжлийн дүнд бүх зүйлийг л бэлэнчилдэг болж дээ. Уртын дуунд их дуртай. Ажлын ачаалалтай, стресстэй үед маш их тайвширлыг өгдөг.
За тэгээд зохиолын дуу, рок поп гээд сонсоно оо. Сонгодог урлаг тэр дундаа дуурийн дуу сонсох их дуртай. Театрт нь очоод дуурь үзээд байхгүй ч гэсэн дуурийн дуучид, тэдний уран бүтээлүүдийг шимтдэг шүү. Миний найз гавьяат П.Ганбат гээд гайхалтай сайхан дуурийн дуучин байлаа.
Харамсалтай нь найз маань залуугаараа тэнгэрийн оронд очсон. Тэр хүн намайг дуурийн урлагтай холбож өгсөн. Түүнийхээ дууг одоо би машиндаа байнга сонсдог. Найзынхаа дууг машиндаа чанга тавьчихаад хөдөө давхиж явахад сэтгэл гэгэлзээд л. Урлаг гэдэг угаасаа их агуу зүйл. Өөрөө авьяастай биш ч түүнийг мэдэрч сонсоно гэдэг сайхан.
УИХ-ын гишүүн Д.Батцогт
Амлалт нэхэх холбоо зорилгоо биелүүлсэн
-Ер нь бол таныг “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”-ий тэргүүнээр чинь, талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулсан тэр үеэс нь мэддэг болсон?
-2008 оны сонгуульд би УИХ-д нэр дэвшсэн. Тухайн үед Монголын үндэсний шинэ нам дөнгөж байгуулагдаж байлаа. Тухайн үед Ховдынхон намайг маш их дэмжиж байлаа. Гэтэл яг сонгуулийн үеэр хоёр том нам хачин том амлалтууд өгөөд л гараад ирсэн. Ард түмний амьдрал хүнд байгаа болохоор тэр амлалтуудыг сонсоод савлаж эхэлсэн. Тухайн үедээ би “Ийм популист, биелшгүй амлалтууд өгөх нь буруу. Жаахан олсон мөнгөө хуваагаад тараачихна гэдэг байж болохгүй” гэдгийг хэлж байсан. Гэвч ард түмэн бэлэн мөнгөний амлалтад итгэж тэднийг сонгосон.
Сонгуулийн дараа би амлалтаа биелүүлэх эсэхийг нь харлаа. Гэтэл биелүүлэх нь бүү хэл мартах шинжтэй. Тэгэхээр нь “Амлалт нэхэх ард түмний холбоо”-гоо байгуулаад өнөөх бүтэхгүй амлалтуудыг нь нэхэж эхэлсэн. Ард түмэн дэмжиж, зөв зүйл ярилаа гээд таатай хүлээж авсан. Гэтэл нэг л мэдсэн чинь Монгол Улсыг хоёр тойрчихсон байсан. Ард түмний дэмжлэг гэдэг хүнийг маш их хөглөдөг юм билээ. Тэгээд л тэднээсээ урам аваад зөв үйл хийж байгаа болохоор улам өргөтгөж сүүлдээ төв талбайд жагсаал хийсэн. Бүр өлсгөлөн ч зарласан.
-Та зорьж тэмүүлж байсан үр дүндээ хүрч чадав уу. УИХ-д ороод алга боллоо, амаа үдүүллээ гэх шүүмжлэл явж л байх юм?
-Угаасаа тэр үеийн амлалтууд биелэхгүй байсан юм. Тэгэхээр миний хувьд цаашид улс төрийн намууд бэлэн мөнгөний амлалт өгөх нь буруу юм аа, зогсоох ёстой гэдгийг ард түмэнд төдийгүй улстөрчдөд, намуудад ойлгуулах зорилт тавьсан. Тэр зорилгодоо хүрсэн. Тийм ч учраас ямар ч нам сая сонгуулиудаар бэлэн мөнгө амласангүй.
Түүнээс гадна бид амласан мөнгөнийх нь тодорхой хэсгийг шаардаж, шахаж байж өгүүлсэн. Амлалт нэхэх холбоо монголчуудын өмнө үүргээ биелүүлсэн гэж боддог. Хүмүүс амлалт нэхдэг юм чинь одоо ч жагсах ёстой гэж яриад байгаа юм. Аливаа тэмцэл, хөдөлгөөн тухайн цаг үедээ л болоод өнгөрдөг шүү дээ. Одоо Г.Уянга бид УИХ-д орчихоод жагсаал хийгээд байвал юу болох вэ. Одоо бол ‘Та нар бидний төлөө тэмцсэн.
Одоо аливаа асуудалд шударга байр сууринаас хандаж, хууль, төрийн бодлогод оруулах талдаа анхаарч ажилла” гэсэн даалгавартай гэж ойлгож байгаа. Шударга, зөв байна гэдэг бүгдийг эсэргүүцээд, тэмцээд байхын нэр биш. Тиймээс аливаа асуудалд бүтээлч байдлаар хандаж, хариуцсан ажилдаа идэвхи, санаачилгатай байх ёстой гэж зүтгэж байна.
Телевизийн камер болгоны өмнө гарч шүүмжлээд, шүлсээ үсэргээд байж хэн ч чадна. Хамгийн гол нь энэ улсад зөв бодлого, хууль гаргах хэрэгтэй байна. Болохгүй байгаа зүйлсийг засахын төлөө явах ёстой. Үүнд нь өөрийн хувь нэмрийг оруулах ёстой гэж бодож явна.
-Таны хувьд жагсаал, цуглаан гэдэг зүйл дахиж байхгүй нь, тийм үү. Цаана чинь ард түмний амьдрал хүнд байна, эдийн засаг уруудаж байна гээд л сайд нараа эхнээс огцруулах ёстой гээд байна шүү дээ?
-Үнэхээр улс орон, ард түмний эрх ашиг хохироод, явах ёстой замаасаа хазайх юм бол мэдээж тэмцэнэ. Яг одоохондоо тийм зүйл алга. Болж бүтэхгүй зүйл мэдээж байгаа. Түүнийг засахын төлөө явахаас бус шүүмжлэл, популизм хэрээс хэтэрвэл аюултай. Эдийн засгаас эхлээд амаргүй асуудалд олон байгааг харж, хүлээн зөвшөөрч байгаа.
Гэхдээ бас эдийн засгийн нэн тааламжтай үе Шинэчлэлийн Засгийн газарт тохиосонгүй. Үүнээс сайн ажиллаж чадах байсан уу гэвэл би “чадах байсан” гэнэ. Гайхамшигтай сайн ажиллалаа гэж хэлэхгүй. Харин ч шүүмжлэлтэй талдаа зогсоно.
Гэхдээ юм хийх гэж оролдож, эдийн засаг хүнд байхад бүсээ чангалаад, явдал суудлаа хасаад, зүгээр суух биш мөнгө олоод эдийн засгаа тэлээд явж байгааг дэмжиж байгаа. Тэр өр ширний тухайд бол ямар ч ажил хийж байгаа хувь хүн, бизнесийн байгууллага зээл авдаг. Хамгийн гол нь үр ашигтай зарцуулах ёстой. Яах вэ, “Чингис” бондын мөнгийг босгосон ч бэлэн төсөл, төлөвлөгөө байгаагүй нь алдаа байсан нь үнэн. Харин энэ мэт алдаануудаа дор бүр нь хурдан засаад урагшлах л чухал байна.