МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.12.25

Ц.Элбэгдорж: Төр буруу байвал тэр баялагийг буруу л ашиглах болно

ТВ9 телевизийн "Ярилцах цаг" нэвтрүүлэгт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо.

- Том төрөөс ухаалаг төр лүү гэсэн энэ өргөн ойлголтыг та үзэгчиддээ маш энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

Бидний ардчиллын нэг гол зарчим бол зовлонгоо хуваалцаж, алдаагаа олж харж, хамтдаа асуудлаа шийддэг байя гэсэн зарчим. Ардчилал өрнөөд 24 жил болоход бүтсэн нь ч байна, бүтээгүй нь ч байна. Харин одоо бүтээгүйгээ засах цаг боллоо. Бүтээгүй байгаа зүйлсийн нэг нь бол том төрийн асуудал юм.

Том төр байгаа эсэхийг тухайн орон олсон орлогынхоо хэдэн хувийг төрийн байгууллагад зарцуулж буйгаар мэддэг. Зарим орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувийг төрийн ажилд зарцуулдаг байхад Монгол төсвийн мөнгөнөөс гадна Чингис бонд, хөгжлийн банкны мөнгөтэй нийлүүлээд 60 гаруй хувийг төрийн байгууллагад зарцуулж байна.

Олсноосоо ийм ихийг зарцуулаад байх юм бол улс орон яаж хөгжих юм бэ? Манай төрийг хүнтэй зүйрлэвэл 60 кило жинтэй байх хүн 180 кило хүртэл таргалчихаад байна. Ийм хүн хөгжих эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ төрийг цомхон болгоё гэсэн санаа.

Хүмүүс төрийн албанд орж байж, дарга болж байж мөнгө олдог, өөр үгээр хэлбэл төр аж ахуйн үйл ажиллагаандаа хэтэрхий оролцдог учраас томорч байна.

- Та том төртэй холбогдуулаад шүүхийн шинэчлэлийн асуудлаар бас ярьж байсан.

(2-р хэсэг)

Би анх 2009 онд Ерөнхийлөгч болохдоо Монголын баялгийг яаж зүй зохистой ашиглах талаар ярьж байлаа. Төр буруу байвал тэр баялагийг буруу л ашиглах болно. Тийм учраас хууль, шүүхийн байгууллагаа өөрчлөх ажлыг эхлүүлсэн юм.

Дөрвөн жилийн өмнө намайг хууль шударга ёсны тухай зөвлөгөөн хийж байх үед хүмүүсийн хүлээж авч байсан байдал, өнөөдрийн байдал хоёр өөр байна. Тэр үед зургаан хууль батлуулахаар УИХ-д оруулж байхад их хэцүү байлаа. Харин одоо зургаа, зургаагаар нь 30 хууль оруулах тухай ярьж байхад дөрвөн жилийн өмнө гарч байсан эсэргүүцэл ажиглагдахгүй байна.

Өнөөдөр бид зөвхөн шүүхийн байгууллагыг өөрчлөөд зогсохгүй төрийг бүхэлд нь шинэчлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтийг хийлээ. Төрийн авилгал, хүнд суртлыг төр өөрөө арилгахгүй бол энэ асуудлууд хууль, шүүхийн байгууллагад очсон хэвээр л байх болно. Тэгэхээр энэ хоёр ажлыг давхар хийгээд явах болно. Хуулийн байгууллагууд юу хийхээ ойлгочихсон байна. Одоо харин томоос нь барьж авч, муу муухайн эх булгийг цэвэрлэх хэрэгтэй болчихоод байна.

- Та том төрийн асуудлаар хэвлэл, бизнесийн салбарынхантай ярилцаж байсан. Тэр үед авилгалтай тэмцэх нэрийн дор тооны ардаас хэтэрхий хөөцөлдөж, үүгээрээ улсын баялгийн 80 хувийг бүтээдэг хувийн хэвшлийнхэнд улам дарамт учруулж байна гэсэн  асуудал яригдсан санагдаж байна. Эдгээр хүмүүст олгох төрийн боломж юу байж болох вэ?

Авилгатай тэмцэж байгаа хүмүүс байгаа зөв онох хэрэгтэй. Авилгатай тэмцэнэ гэдэг бол төрийн албан тушаалыг ашиглаж мөнгө олж байгаатай тэмцэхийг хэлнэ. Төрийн албан тушаал бүхий 230 орчим мянган хүний хооронд л энэ асуудал яригдах ёстой. Түүнээс биш мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа, хэдэн төгрөг олох гээд зүдэрч яваа хүмүүсийг оролдох хэрэг байхгүй.