С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын нөлөөн дор би хүний эрх гэдэг ямар чухал болохыг ойлгосон юм
25-р суваг телевизийн "Ам нээвэл" хөрөг ярилцлагын энэ удаагийн дугаарт Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ оролцлоо.
Содномзундуйн Эрдэнэ нь 1963 онд Улаанбаатар хотноо төржээ. 1983 онд цэргийн нэгдсэн дээд сургуулийг командын мэргэжлээр төгсч, 1989 онд Багануурын зөвлөлтийн барилгын байгууллагад эвлэлийн хорооны даргаар ажилласан, 1990 онд Багануурын Ардчилсан Намын дарга, нийслэлийн Ардчилсан Намын улс төрийн зөвлөлийн гишүүн, 1991 онд нэгдсэн намын Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.
1992 оноос МҮАН-ын олон нийт хариуцсан нарийн бичгийн дарга, 1992-1995 онд “Молор Эрдэнэ” компаний захирал, 1995 онд Баянгол дүүргийн Ардчилсан Намын дарга, 1996-2000 онд Баянгол дүүргийн Засаг Дарга, 1999 онд Отгонтэнгэр дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2001 оноос нийслэлийн Ардчилсан Намын дэд даргын албыг хашиж, 2002 онд Удирдлагын Академид хууль зүйн ухааны магистр хамгаалжээ.
2003-2007 онд МоАХ-ны дарга, 2004-2011 онд нийслэлийн Ардчилсан Намын дарга, 2008 оноос УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, 2012 оноос Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байна. 2013 онд Удирдлагын Академид удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Тань руу залгахад “Хонхны дуу” гэсэн дууны ая байнга явдаг. Та энэ аяыг солилгүй хэдэн жил болсныг бодоход солихгүй байх шалтгаан байгаа юм шиг.
1989 оноос өрнөсөн Ардчилсан хувьсгалын үеэс эхлээд “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхантай үерхэж эхэлсэн юм. Долоо наймуулаа бид найзалдаг байлаа. Утасны аяаа сольдоггүй маань үүнтэй холбоотой.
Ардчилсан хувьсгал гарахад өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийн дотор та байсан уу?
Би зохион байгуулж байсан хүмүүсийн дотор байсан юм. Юунд хүрэх нь тодорхойгүй хүнд үе байсан юм. Ямар ч гэсэн бид тэмцэж, зорьсондоо хүрнэ гэсэн бодолтой байлаа. Гэхдээ тэр үеийн төр засагт ухаантай хүмүүс олон байж ирж яваа цагийг мэдэрч, буулт хийх цаг болсон гэдгийг ойлгосон учраас Монголын ардчилсан хувьсгал тайван замаар өрнөсөн гэж боддог.
Тэр үе та ямар мэргэжилтэй байв? Яагаад гэнэт улс төрлүү орох болов?
Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ
Би тэгэхэд Багануурт эвлэлийн ажил хийж байсан юм. Өөрчлөлт шинэчлэлтийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байлаа. Нэг хэсэг нь жаахан айдастай байхад нөгөө хэсэг нь өөрчлөлтөд уриалан дуудаж, зарим нь улс төр гэдгээс холхон байхыг боддог байв. Нэлээдгүй хүмүүс 30-аад оны хэлмэгдүүлэлтийг санаад түгшүүртэй хүлээж авч байлаа. Миний хувьд гэвэл ямар ч гэсэн өөрчлөх ёстой гэсэн бодолтой байж, энэ үйл хэрэгт гар бие оролцсон юм. МУИС-ын байранд болдог байсан хурлуудад оролцдог болсноор олон шинэ юмыг мэдэж авч, хүний эрх гэдэг ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгосон доо.
Та хэдэн настай байсан бэ?
Би 26-тай байв. Харин С.Зориг 27-той байсан юм. Э.Бат-үүл надаас таван насаар ах. Ер нь бол ардчилсан хувьсгалыг хийсэн залуус тийм их насны зөрөөтэй байгаагүй.
Эцэг, эх тань юу хэлж байв?
Аав, ээж маань их болгоомжилж байна. Нэг өдөр аав маань бие тааруу байна хүрээд ир гэж утсаар ярилаа. Хүрээд ирсэн чинь аав маань зүв зүгээр зогсож байх юм. Чамтай ярих юм байна гэж суулгаад чи юунд оролцоод, юунд хүрэх гээд яваад байгаагаа мэдэж байна уу гэж асуусан юм. Сүүлд сонсохноо аав маань нийслэлийн тухайн үеийн МАХН-ын товчооны гишүүн байсан юм билээ.