Ц.Даваасүрэн: Би АН-д элсэхгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.01.06

Ц.Даваасүрэн: Би АН-д элсэхгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд оны өмнө хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа билээ.

Учир нь Ардчилсан нам Төсвийн байнгын хороог өөрсдөө авах саналтай байгаагаа илэрхийлсэн ч бие даагч гишүүн Ц.Даваасүрэн үүнийг эсэргүүцсэн байна. Мөн Ц.Даваасүрэн гишүүнийг Төсвийн байнгын хорооны даргын суудалдаа үлдэхийн тулд АН-д элсэх гэж байгаа мэдээллүүд гараад байгаа юм.

Тиймээс энэ талаар Ц.Даваасүрэн гишүүнээс тодруулахад “Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэнэ. АН-д элсэх гэж байгаа, байнгын хорооны даргын ажлаа өг гэж АН шантаажилсан мэтээр ярьж байгаа нь худлаа мэдээлэл. Би Төсвийн байнгын хорооны даргын ажлаа үргэлжлүүлэн хийх байх” гэлээ. Оны өмнө найман байнгын хорооны даргыг шинэчлэх байсан ч Төсвийн байнгын хорооны даргаас бусдыг нь шинэчилсэн билээ.

Тэгвэл энэ долоо хоногт Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг ганцааранг нь үлдээсэн юм. Яагаад ганц Төсвийн байнгын хорооны даргын асуудлыг хэвээр үлдээсэн нь тодорхойгүй байсан ч АН энэ байнгын хороогоо явах саналтай байгаагаа илэрхийлсэн байна.  Төсвийн байнгын хороо маргааш хуралдах ч байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэхгүй юм байна.