Д.Батцогт: Гишүүд улстөржилтөө багасгаж, ямар нэгэн талцал хуваагдалгүйгээр хамтарч ажиллах шаардлагатай байна
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.01.08

Д.Батцогт: Гишүүд улстөржилтөө багасгаж, ямар нэгэн талцал хуваагдалгүйгээр хамтарч ажиллах шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын ажлыг аваад удаагүй байна. Ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Нэлээд ажил ихтэй байнгын хороо хүлээж авлаа. Хуучин УИХ-ын гишүүний ачаалалаас нэмэгдэж байгаа. Тэгээд нэлээд шинэчлэл шаардсан байнгын хороо гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Хөдөлмөрийн яамыг байгуулж хөдөлмөрийг дэмжих чиглэлд тусгайлан ажил явуулж байгаа. Ямар ч байсан нийгмийн хүрээнд хамгийн түрүүнд ямар ажил хийх үү гэдгийг газар дээрээс нь үзэж танилцахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл шаардагдаж байгаа.

Энэ хүрээнд Хүн ам, эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх шаардлагатай. Энэ хуулийг шинэчлэх шатандаа явж байгаа. Бүхэлдээ шинэчлэл шаардагдаж байгаа энэ салбарт хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, менежментийн олон шинэчлэлт хийх шаардлага байна. Тэгэхээр үүн дээр бол нэлээд цаг зав зарцуулж ажиллах бодолтой байгаа. Мэдээж боловсролын салбарт бүхэлдээ мөн л янз бүрийн хууль, эрх зүйн орчин хүлээгдэж байгаа.

Их дээд сургууль болон бага, дунд боловсорлын тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Түүнчлэн мөнхий сэдэв болсон бага дунд боловсролын хүрэлцээ зэрэг зүйлүүд байна. Мөн Соёлын салбар байна. Үүн дээр бол одоо хэлэлцэгдэж байгаа асуудал нь Соёлын өвийг хамгаалах хууль байгаа. Монголын уламжлалт соёлоо цаашинд үр хойч үедээ авч үлдэх, дэлхий дахинд сурталчлах шаардлагатай. Хүмүүс хэдэн дуучин, жүжигчнээр хязгаарлаж ойлгоод байдаг.

Энэ бол маш өргөн хүрээтэй. Энэ салбарт хийх зүйлүүд их байна. Дээрээс нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам байна. Үүн дээр даатгалын тогтолцоог боловсронгуй болгох чиглэл дээр хийх ажил их бий. Шинжлэх ухааны салбарт бас томоохон шинэчлэлт хэрэгтэй байна шүү дээ. Ямар ч байсан тухайн салбарт ямар хуулийн төсөл дутагдаж байна гэдгийг харж, шуурхай ажиллах бодолтой байна.

-Өнгөрсөн 2013 оныг улс орны хувьд та хэрхэн дүгнэж байгаа. Эдийн засгийн тааламжгүй олон хүчин зүйлүүд тулгарсан жил байсан шүү дээ?

Эдийн засаг муудахад гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлж байна.

-Эдийн засаг муудахад гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлж байна. Маш олон хүнд сорилтыг монголчууд бид давж байна гэж ойлгож байгаа. Одоо энэ онд ямар ч байсан гадаад, дотоод нөхцлүүд сайжрах байх гэж харж байна. Хамгийн гол нь Засгийн газар зөв оновчтой ажил явуулбал бид нар эдийн засгийн өсөлтийг бий болгож олон зүйлийг бүтээж чадна гэж ойлгож байгаа. Хамгийн гол нь улстөржилтөө багасгаж 2014 оныг бүрэн ашиглаж, ямар нэгэн талцал хуваагдалгүйгээр хамтарч ажиллах шаардлага байна гэж харж байна.

-Оны өмнөхөн хоёр сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгээс тавьсан. Та ямар байр суурьтай байсан бэ. Ер нь хариуцлагагүй сайд нарт хариуцлага хүлээлгэх нь зөв биз дээ?

-Миний хувьд сөрөг хүчин буруу асуудал тавьсан гэж бодохгүй байгаа. Эдийн засаг, төсөв хүнд байна уу байна. Яг асуудал хариуцсан хоёр сайд одоо байгаагаасаа илүү сайн ажиллаж чадах байсан. МАН-ын бүлгийн саналаар хоёр сайдыг огцрууллаа гэхэд оронд ямар хүн тавих уу, нөхцөл байдал ямар болох вэ гэдэг бас л бодох асуудал шүү дээ.

Тэгэхээр би хоёр сайдыг хамгаалах тал дээр хамгаалаад үлдсэн. Ерөнхийдөө бол сөрөг хүчний тавьж байгаа зүйл буруу биш шүү. Та нарт бас нэгэн дохио санамж. Тиймээс ажилдаа анхааралтай, хариуцлагатай байж ажиллах хэрэгтэй гэдгийг бүлэг дээрээ хэлж байсан.

-Энэ онд Монголын хүн ам гурван сая хүрнэ гэж байна. УИХ-аас эх, хүүхдэд чиглэсэн ямар бодлого боловсруулж байгаа вэ?

-Эх, хүүхдэд чиглэсэн гишүүдийн санаачилсан олон хууль байгаа юм билээ. Эхнээс нь харж байна. Монголчууд бид олуулаа болох ёстой. “Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ” гэдэг шиг Монгол Улс хөгжих хэрэгтэй байна. Тиймээс бүх салбарт нь анхаарах хэрэгтэй байна шүү дээ. Нийгмийн бодлогоо зорилтод хэсэг рүү хүрсэн зөв бодлого явуулах ёстой.

Өөрөөр хэлбэл, хавтгайруулсан халамжийн бодлого биш тухайн хүндээ хүрсэн бодлого явуулах ёстой шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зүйлүүд байгаа. Олон зүйл орох байх гэж бодож байна. Хурдан шуурхай чанартай ажиллах тал дээр би байнгын хорооны даргын хувьд ажиллана.