УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2014.01.15

Г.Баярсайхан: Их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байх нь зохисгүй гэж үздэг

UBS телевизийн “Тодруулга” буланд УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан оролцож байна.

- Үндсэн хуулийн өдөр болж байгаатай холбоотой үндсэн хуулийг тойрсон асуудлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байна. Таны хувьд  үндсэн хууль амьдралд хэр нийцэж байгаа гэж бодож байна. Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?

Үндсэн хуулийн асуудал бол монголчууд бидний амьдралын суурь болж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Ардчилсан төр байгуулсан хамгийн чухал зүйл бол үндсэн хуулиар баталгаажуулж байгаа. Хувийн өмчийг баталгаажуулж халдашгүй, дархан байхыг баталгаажуулсан. Тэгэхээр хувийн өмч өөрөө хүний үг хэлэх эрх чөлөө бусад бүх эрхийг давхар баталгаажуулж байгаа. Энэ утгаараа манай ардчилсан үндсэн хууль нь ардчилсан нийгмийн баталгаа гэж хардаг. Нөгөө талаар үндсэн хуулийг өөрчлөх асуудал үе үеийн хурал дээр яригддаг.

Миний хувьд бол Үндсэн хууль халдашгүй байна гэдгийг өрөөсгөл гэж боддог. Үндсэн хуулийг цаг үетэй нийцүүлэн өөрчлөх нь зөв зүйтэй гэж бодож байгаа. 20 жилийн өмнөх нөхцөл байдал өнөөдрийнхөөс улам өөр байгаа. Манай Ерөнхийлөгч ухаалаг төр лүү хөтлөх асуудал яригдаж байна. энэ нь төрийг ард иргэдэд илүү нээлттэй тунгалаг, авилгагүй төр байхад чиглэх ёстой гэж бодож байна. Энэ утгаараа үндсэн хуулиа цаг үетэйгээ нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж бодож байна.

- 2000 оны үндсэн хуулийн долоон өөрчлөлтөд хүмүүс олон байр суурьтай байдаг ч дийлэнх нь шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд ямар байр суурьтай байдаг вэ? УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохгүй гэж ярьж байна.

Би үүнтэй санал нэгтэй байдаг. Монгол улсын их хурлын гишүүн хууль сахиулагч. Хуулийг бид өөрсдөө батлаад хэрэгжилтийг өөрсдөө хянаад явж байдаг. Энэ утгаараа өөрөө хуулиа хэрэгжүүлээд, хянаад байж болохгүй шүү дээ. Тиймээс монгол улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн байх нь зохисгүй гэж хувьдаа үзэж байгаа. Монгол улсын их хурал засгийн газраа хянах ёстой. Засгийн газар бие даасан байх ёстой.