О.Баасанхүү: Хөтөлгөө морио хаяад давхиж болохгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ намрын чуулганыг завсарлуулахын өмнө хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлахаар хэлэлцсэн ч шийдвэрлэх мөчид төсөл дэмжлэг хүлээлгүй унасан. Төслийг унагахад УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг гол үүрэг гүйцэтгэсэн. Төслийг унагах гол шалтгаан нь юу байсан юм бэ?
-МАХН, МҮАН-тай хамтран “Шударга ёс” эвсэл байгуулаад Ардчилсан намтай хамтран 1.6 жилийн хугацаанд Засгийн газрын ажлаас нугалалцлаа. Товчдоо бол хамтарч Засгийн газрыг барьж байгаагийн хувьд хамтарч хуулиудаа санаачилж, амжилт байвал хамтдаа ярьж, алдаа дутагдал гарвал хамтдаа үүрэх ёстой. Харамсалтай нь, Ардчилсан нам арчаагүй зан гаргасан.
Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн нэгдүгээр сард зарлагдсан Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам дангаараа ялсан юм биш. Тэр тусмаа Ардын намын 24 жилийн ноёрхлыг МАХН-тай хамтарч ялсан байтлаа зөвхөн Ардчилсан нам яллаа гэж ярих жишээтэй. Мөн хийж байгаа ажлаа зөвхөн Ардчилсан нам хийлээ гэнэ.
Нөгөө талаасаа УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ нь хэлэлцдэггүй, Засгийн газар нь ч саналаа өгдөггүй, чимээгүй болдог. Тийм учраас УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дэмжилгүй сөрөг кноп дарсан. Өөр шалтгаанууд ч нөлөөлсөн.
-Тэр нь юу билээ?
-Хуулийн төслийг санаачилж байгаа субьект олон, өргөн мэдүүлсэн хууль бүрийг УИХ-аар хэлэлцэж, батлах албагүй. Гэхдээ Засгийн газрыг хамтран барьж байгаа эвслийн бодлогыг УИХ-аар хэлэлцэхгүй байхаар жагсаалтаас хассан шалтгаанаа тайлбарлах ёстой. Түүнээс биш “Шударга ёс” эвслийнхний өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх, батлах болохоор өчнөөн их наяд төгрөг хэрэгтэй гэж ярьж болохгүй.
Тэрэндээ тулбал, УИХ үр дүнгүй, асар их мөнгө шаардсан хуулиудыг баталж байгаа. Сонгодог жишээ нь Тахарын албаны тухай хууль. Тахарын алба нь 500 гаруй ажилтан албан хаагчтай байна, тэр хэрээр орон байр шаардана. Ийм нүсэр бүтэц хэнд хэрэгтэй юм, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяанд хэлтэс байгуулаад шийдээд явчих юмыг заавал агентлаг болгож нүсэр болгоод. Бас болоогүй Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрыг татан буулгах гээд байгаа юм уу. Мөрдөх алба гээд бас нэг агентлаг байгуулъя гэх.
Дээр нь Давхар тэтгэврийн хууль гээд асар их мөнгө шаардсан төслийг Засгийн газрын гишүүн нь санаачлаад УИХ-д мэдүүлсэн. 200 тэрбум гаруй төгрөг шаардах тооцоо гарч байгаа юм билээ, Ардын намынхны тооцоогоор. Мөн Занарын тухай хууль ч гэх шиг өдий төдий тэрбумын татвараас чөлөөлөгдөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтааж байгаа байхгүй юу. Үнэндээ бол олонхи өөрсдөд нь ашигтай, намд нь хандив өгдөг, хатуухан хэлэхэд авлига өгдөг тогтолцоог дэмжээд ард түмнийг бодохгүй байгаа учраас УИХ дахь “Шударга ёс” эвсэл бүлгийн зүгээс сануулга өгч, төслийг дэмжээгүй.
-Гэхдээ олонхид бурууг өгөхөөс илүү Засгийн газарт сайдын алба хашиж байгаа сайдууд тань ажиллахгүй байгаа юм биш үү. Засгийн газрын дэмжсэн төслүүд УИХ-аар хаалтгүй хэлэлцэгдэж батлагддаг шүү дээ. УИХ дахь МАН-ын бүлэгтэй харьцуулахад танай бүлэгт бас ч гэж боломж байна. Бодлогоо ойлгуулах нь зөв юм болов уу?
-Тийм ээ, бид сайд нартаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Намын бодлогоо ярихгүй, “Шударга ёс” эвслийн таван хувьсгалаа ярихгүй, Н.Алтанхуяг сайдын далласан газар ил гарч, далайсан газар нь далд орж явдагаа боль гэдгийг сануулдаг. Эцэстээ ч тэвчээр барж байна.
-Танай бүлгийн зүгээс санаачилсан төслүүд гэхээр юу байна вэ. Тийм олон төслийг хэлэлцэлгүй дарчихсан хэрэг үү?
-Жишээ нь би өнгөрсөн хугацаанд нийт 15 хуулийн төсөл санаачилсан түүнээс хэлэлцэгдсэн нь тав болов уу. Хэлэлцэгдээгүй маш олон төсөл бий. Тухайлбал, Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар татварын хэмжээг гурван хувь болгох санаачлага гаргасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр татвар төлөх ёстой. Та баян учраас, та ядуу учраас татвар төлөхгүй гэж заагаагүй. Тийм учраас тэгш эрхийн зарчим үйлчлэх ёстой.
Гэтэл юу болж байна вэ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын хуулиудын шинэчлэлийг хар л даа, 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол 90 хувийнх нь татварыг буцааж өгнө, орлого нь 50 сая байвал татвар төлөхгүй байя гэх жишээтэй. Мөнгө олсон нь буруу юм уу эсхүл ядуу байгаа нь муу юм уу. Тэгш эрхийн зарчмаар НӨАТ-ыг гурван хувь болгоё гэхэд л хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй байна шүү дээ. УИХ-аар эл төсөл батлагдвал ард түмэнд л хэрэгтэй.
Үүнээс гадна Өршөөлийн хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл гээд олон төсөл байна. УИХ дээр ирээд л гацна. Гацаадаг арга нь их олон нэг бол төслийг хэлэлцэхгүй гээд хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй эс бөгөөс нэг их хуулийн төсөл дээр ажиллах гэж байгаа юм шиг ажлын хэсэг гаргаж ажиллуулах юм болно. Хэлэлцүүлэг нь хийгдэхгүй удаашраад байхаар арга ядаад асууна.
Асуухаар “Тийм юм байл уу, яах ёстой билээ” гэх жишээтэй. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийг гэрлийн хурдаар баталдаг. Баярын өдрөөр тааруулж хамаг л булхайтай төслүүдээ батлахыг нь баталж, хэлэлцүүлгийг нь яаравчлуулна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хараарай, урьдчилсан ашиглалтын лиценз аваагүй бол хайгуулын лицензийг бүтээгдэхүүн гэж тооцохгүйгээр явуулах болж байгаа. Бүтээгдэхүүн гэж тооцоод татвараа авах ёстой.
Хоёрдугаарт, нефть олборлогч компаниуд гадаадын банкаар үйлчлүүлж болно гэж заасан. Гэтэл “Петро чайна дайчин тамсаг“ компани Хонконгд данс нээгээд монголчууд тэндээс нь “идсэн” тухай, Хятадын талынхан ч Засгийн газартаа мэдэгдэлгүй өдий төдий мөнгө “идсэн” тухай хэвлэлээр гарч байгаа. Хоёр улсын Засгийн газар нь гэрээ хийсэн байтлаа хяналт тавьж чаддаггүй. Тэгэхээр газрын тосоо олборлуулж байгаа Монгол яагаад хяналт тавьж болохгүй гэж... Энэ асуудлыг хуульд тусгах ёстой гэхэд л хүлээж аваагүй.
-Намрын чуулган завсарлахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдчих болов уу гэж харж байсан ч ээлжит бус чуулган руу шилжүүлчихлээ. Хуулийн төслийг ээлжит бус чуулган руу шилжүүлсэн нь цаанаа улстөрийн ашиг хонжоо харсантай холбоотой юу. Эсвэл намын бүлгүүд ойлголцсонгүй юу. Төслийг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дэмжиж байгаа юу, тэр дундаа та ямар байр суурьтай байна вэ?
-МАХН-ын албан ёсны байр суурь бол давхар дээлийг тайлах хүсэлтэй байгаа. Би ч хувьдаа Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Учир нь УИХ-ын гишүүн сайд хийхээр Засгийн газрыг хяналтгүй болгодог. Хоёрдугаарт, намаа бодох юм бол давхар дээлнээс татгалзах нь зайлшгүй хэрэгтэй.
-Ерөнхий чиг үүргийн буюу бодлогын яамдын сайдыг УИХ-аас томилдог байх нь зөв юм гэх зарчмын зөрүүтэй санал гарч гишүүдээс дэмжлэг хүлээсэн. Үүнийг та дэмжиж байгаа юу?
-Ерөнхий сайд нь зөвхөн УИХ-аас томилогддог байхад л болно. Бодлого тодорхойлдог яам, бодлого тодорхойлдог сайд гэж хаа ч байхгүй. Засгийн газар ганцхан л үүрэгтэй, хуулийг хэрэгжүүлэх. УИХ нь “Та энэ дүрмээр ажилла” гэж Засгийн газартаа хэлэх ёстой байхгүй юу. Хуульд зааснаар бол УИХ төрийн эрх барих дээд байгууллага буюу бодлого тодорхойлно. Засгийн газар тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хууль санаачлаад яваа нь ч буруу. Засгийн газар УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөл дээр саналаа хэлэх ёстой.
Энэ бол сонгодог жишээ. Гэтэл манайд Засгийн газар нь, Засгийн газрын гишүүн нь хууль санаачлаад “Миний хууль” гээд өмчлөөд байх юм. Сүүлдээ өмчлөөд байдаг зүйл нь утоп болчихсон. УИХ нь зөвхөн Засгийн газрын санаачилсан хуулийн төслийг баталдаг болчихоод байна. Гэтэл Засгийн газар хэрэгжүүлдэг, гүйцэтгэдэг. УИХ яах гэж байнгын хороодтой байдаг юм, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо гээд зорилго нь бодлого тодорхойлсон хуулиудыг батлах гэж тэр шүү дээ.
-Ерөнхий сайдын зүгээс “УИХ-аас тодорхой тооны сайд нарыг томилох нь эргээд Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ” гэж тайлбарлаад байгаа. Нэг талдаа бодууштай юм шиг?
-Засгийн газар тогтвортой байдлаа хангахын тулд сайдуудаа УИХ-аас томилох нь зөв юм аа гэж тайлбарлах нь буруу. Би хэлсэн, Ерөнхийлөгчийн мэдүүлсэнчлэн зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-аас томилогддог байхад хангалттай. Засгийн газар бол гүйцэтгэгч. Компаниар жишээ татъя л даа, ТУЗ нь УИХ бол Ерөнхий сайд бол гүйцэтгэх захирал. Компаниа сайн ажиллуулъя гэвэл гүйцэтгэх захирал нь маш сайн чадвартай хүн томилогдох ёстой, компаниа удирдаж чадахгүй бол дараагийн хүнийг томилно.
Гэхдээ гүйцэтгэх захирлаа байн байн халаад байдаг ТУЗ байхгүй. Тэгэхээр тогтвортой гэдгээр ард иргэдээ айлгах хэрэггүй. Тэр тусмаа Монголын нөхцөлд ийм гаргалгаа зохихгүй, үндэслэлгүй. Герман, Англи зэрэг орнуудад бол Засгийн газрын тогтвортой байдал яригдана. Тэгэхээр УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гээд заачихсан байхад Засгийн газар унахад хамаагүй. Хамгийн гол нь ард түмэнд хэрэгтэй л байх ёстой. Ард түмэн, УИХ хоёр ажил хийхгүй Засгийн газрыг шүүмжлэх ёстой, тал талаас нь харж, шахаж шаардах, тэгж байж нэг бүтээлийг гаргуулж авдаг.
Тэр утгаараа аль ч улсад Засгийн газар нь сайн нэртэй байдаггүй, гэхдээ сайн ажил хийдэг байхгүй юу. ОХУ-ыг аваад үзье, Ерөнхийлөгчийн засаглалтай, Засгийн газраа дуртай үедээ чөлөөлж болно. АНУ мөн Засгийн газар нь огцорч байна уу, явж байна уу тэр хамаагүй. Тэгэхээр жижигхэн ч гэсэн хуулийг хэрэгжүүлээгүй бол Засгийн газарт хариуцлага тооцдог системийг оруулж ирэх ёстой. Тэгж чадах юм бол шударга ёс тогтоно, улс орон ч хөгжинө. Тийм учраас тогтвортой гэдгийн цаана шал өөр ойлголт явж байгаа. Эрх баригч хүчин давхар дээлээ тайлахаас халгаад байгаа нь 1996 онд Засгийн газраа олон удаа огцруулсантай нь холбоотой болов уу. Жинхэнэ бодлогоо тодорхойлоод явсан бол тогтвортой байж болох л байсан гэж бодогддог.
-Хуулийн хэрэгжүүлэх хугацаан дээр та аль талд нь байна вэ. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэнчлэн 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих нь зөв гэж бодож байна уу эсвэл УИХ дахь МАН-ын бүлгээс шаардаж байгаачлан хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих ёстой юу?
-Хуулийн хэрэгжих хугацааг 2016 он гэж заах нь тийм ч сайн зүйл биш. Шинэчлэлийн Засгийн газар өөрсдийгөө юм хийж бүтээж байна гэж маш сайн рекламдаж байгаа. Харамсалтай нь, бодит байдал тэр дундаа эдийн засаг, банкны асуудал маш ноцтой аюултай байна. Энэ байдал хэзээ засагдах вэ гэдэг бас тодорхойгүй байна. Тийм учраас хамтдаа сууж асуудлаа яриад мэддэг нь ажиллаад, мэддэггүй нь суралцаад явах ёстой болов уу.
-Ийм үед УИХ завсарлачих нь хэр зохистой юм бол. Ер нь УИХ-ын намрын чуулган үүргээ гүйцэтгэсэн үү?
-Тодорхой хэмжээгээр бодлогын шинжтэй гол, гол хуулиудаа баталсан ч гэлээ сүүл үерүүгээ чуулганыг завсарлуулах дөхөнгүүт хэцүүхэн хуулиудыг баталсан. Ард түмэн бол мэдэж байгаа даа.
Эдийн засаг хүндрэх төлөвтэй байна, ийм үед эрсдлээс яаралтай сэргийлж, ард иргэдээ хамгаалах, тогтвортой хөгжлөө хангах гээд бодлогын юмнуудаа хэлэлцмээр л байгаа юм.
-Ядахад, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа УИХ унагачихсан. Тэгэхээр ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах үеэр намуудын бүлгийн дарга нар энэ асуудлыг ярих ёстой юу. Яах вэ?
-Жагсаалт бол харьцангуй, одоо бол миний ойлгож байгаагаар Н.Алтанхуяг сайд, Ч.Сайханбилэг сайд хоёр МАХН-тай яаралтай очиж уулзах ёстой.
-Н.Алтанхуяг сайд “Д.Тэрбишдагва сайд, Ч.Улаан сайдтай би өдөр бүр уулзаж ярилцдаг” гэж чуулганы хуралдаан дээр хэлж байсан. Д.Тэрбишдагва сайд МАХН-ын дэд дарга тэр утгаараа нэлээд зүйлийг зангиддаг болов уу. Танай намын дарга эзгүй үед өөр хэнтэй очиж ярих юм бэ?
-Д.Тэрбишдагва сайдтай ярьчихлаа гэдэг нь МАХН-тай ярьчихлаа гэсэн үг биш л дээ. Д.Тэрбишдагва сайд бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн цэрэг, Шадар сайд учраас.
-Шадар сайдтай яриад бусадтай нь ярихгүй бол яах вэ?
-Хэрвээ ярихгүй бол цаашдаа байдал сайнгүй л байх болов уу. Яагаад гэвэл хамтарсан Засаг байгуулсан бол хамтарч бодлогоо хэрэгжүүлж, хамтарч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, гавьяа байвал хамтдаа гай байвал хамтдаа үүрэх ёстой. Хөтөлгөө морьтой явчихаад нэг морио хаяж давхиад хол явахгүй. хэрэггүй. Эцэж бахардана шүү дээ, хаврын чуулганаар хэлэлцэх асуудал УИХ дээр унасан нь үүнтэй л холбоотой. Ардын нам бол цуцаж унахыг хүлээж байгаа. Би бол тэгж л харж байна.