Бүтэшгүй нөхөрлөл
"Уучлаарай Обама! Хэрэг явдал ийм дээрээ тулчихлаа".
2014.02.14

Бүтэшгүй нөхөрлөл

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2014 оны хоёрдугаар сарын зургаанд сэтгүүлчидтэй уулзахдаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэр хоёрын харилцааг хүйтэн гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэв.

Тэрээр “тэр намайг машид хүндэлдэг. ОХУ, АНУ хоёр хамтарч урагшлах нь хичнээн чухал гэдгийг Путин ойлгож буй гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлсэн юм. Гэтэл эдүгээ “шинэ хүйтэн дайны” тухай олон судлаачид ярьж байна.

Долоон жилийн өмнө Путин Мюнхенд болсон аюулгүй байдлын их хурал дээр “Мюнхены илтгэл” гэгчийг тавьсан юм. Уг илтгэлдээ дэлхий ертөнц нэг төвтэй байж болохгүй, НАТО-гийн толгойлсон даяарлчлал хэмээх нэрэн дор нуугдсан геополитикийн хүчний эсрэг ОХУ зогсох ёстой гэж бичсэн байдаг. Уг явдлын дараа хоёр улсын харилцаа мэдэгдэхүйц муудаж эхэлсэн гэдэг.

2011 онд Америкийн сенатч Джон Маккейн ВВС телевизэд өгсөн ярилцлагадаа Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи алагдсан учраас түүнээс ялгарах зүйлгүй Сирийн Башар Асад, Оросын Путин нар сургамж авах хэрэгтэй гэж мэдэгдэв. Америкийн төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн ярианаас харахад АНУ Оросыг урьдын адил ардчиллыг үгүй хийсэн “муу муухайн эзэнт гүрэн” гэж хардаг гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

Орос, Америкийн харилцаа гэдэг бол хоёр улсын гадаад бодлогын хамгийн ээдрээтэй хэсэг. Нэг талаас дэлхий нийтэд эерэг имиджээ хадгалахын тулд Путин Америктай найрсаг харилцаатай байх шаардлага тулгардаг. Гэтэл найрсаг харилцаатай байхын тулд үндэсний ашиг сонирхлоос татгалзах хэрэгтэй болдог.

Мөн чанартаа барууныхан хийгээд Евразийнхны хооронд стратегийн нийтлэг сонирхол байх боломжгүй. Нэг нь ирэхэд нөгөө нь явах учиртай. Үзэл суртал, эдийн засгийн систем, эрх баригчдын сайн харилцааны аль нь ч үүнийг өөрчилж чадахгүй.

Обама, Путин хоёрын харилцаа муудахаар дэлхийн геополитикийн дүр зураг улам тодорхой нь үнэн. Өрнө, Дорно хоёрын уг зөрчилдөөн хүн төрөлхтний түүхийн туршид байсаар ирсэн зүйл. Обама дипломат зангаар эелдэг загнавал Путин тэр даруй геополитикийн хурц асуудлуудыг хөндөөд эхэлдэг. Ийм үед яагаад ч шийдэх боломжгүй геополитикийн гарцгүй байдал бий болдог.

Оросын судлаачид ОХУ Дорнод Европ, Төв Ази зэрэг бүс нутагт хэрэгжүүлжүүлдэг стратеги бодлогоосоо татгалзвал Обама хагартлаа баярлана гэж үздэг. Түүнчлэн оросын цөмийн зэвсгийн код, НАТО-гийн орнуудад ажилладаг оросын тагнуулчдын нэрсийн жагсаалтыг олоод авчихвал бүр ч баясана гэж ярьдаг.

Харамсалтай нь энэ бол мөрөөдөл төдий. Путин байгаа цагт ОХУ америкийн гадаад бодлогыг хэзээ ч дэмжихгүй нь тодорхой.