Монголоос бусад орны парламентчид давхар дээлтэй юу?
Брюссель дэх Европын холбооны парламент
2014.02.17

Монголоос бусад орны парламентчид давхар дээлтэй юу?

Сүүлийн үед “давхар дээл”-ний тухай их ярьдаг боллоо. Зарим оронд парламентын гишүүн засгийн газрын гишүүн байж болдог ч энэ нь зайлшгүй шалтгаантай. Харин манайх ардчилсан тогтолцоо бүрэн төлөвшөөгүй оронд төрийн төмөр нударгыг сульдаах нигууртай байдаг байна. Ингээд уншигч та бүхэнд дэлхийн улс орнууд давхар дээлний асуудлыг хэрхэн хуульчилдагийг сонирхуулъя.

Төрийн өндөр албан тушаалыг давхар хашихыг хориглох асуудлыг улс орон болгонд янз бүрээр шийддэг. Парламентын дээд, доод танхимтай улсуудын хувьд Үндсэн хуулиндаа хоёр танхимын гишүүний үүргийг давхар хашиж болохгүй гэсэн заалт байдаг. Аль ч оронд шүүхийн албан тушаалтан парламентын гишүүн байхыг хориглодог. АНУ-ын үндсэн хуулинд конгрессын аль ч гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд өөр ямар нэгэн албан тушаал хашиж үл болно гэж заасан.

Хөгжингүй орнуудад ямар ч шатны төрийн албан тушаалтан  цэрэг, цагдаа, аюулгүйн байгууллагад ажиллах ёсгүй. Түүнчлэн Бельги, Итали, Казахстан, ОХУ-аас  бусад оронд парламентын гишүүн орон нутаг дахь төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллахыг хориглодог.

Засгийн газрын гишүүдийн хувьд аль ч оронд давхар албан тушаалын асуудлыг онцгой анхаардаг. Ялангуяа ерөнхийлөгчийн засаглалтай орнуудад энэ нь төрийн байгууламжийн үндэс болдог учраас хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хатуу тогтоож өгдөг. Парламентын засаглалтай орнуудын хувьд яамдын сайдууд зөвхөн парламентын доод танхимын гишүүн байж болно. Энэ нь Засгийн газар улс төрийн хариуцлага үүрэх механизмыг бий болгодог гэж үздэг.

Гэхдээ давхар албан тушаалыг үндсэн хуулиараа эрс хориглосон парламентын засаглалтай орнууд бий. Тухайлбал Казахстан, Люксембург, Македони, Нидерланд, Словаки, Франции Швейцари улс сайд хүн парламентын гишүүн байхыг хориглосон үндсэн хуулийн заалттай. Харин Австрид энэ заалт зөвхөн парламентын доод танхимд хамаатай. Гэхдээ энэ бүгд нь парламентын гишүүн хэзээ ч засгийн газрын гишүүнээр томилогдож болохгүй гэсэн үг биш юм.

Хэрэв засгийн газрын гишүүнээр сонгогдвол өөрийн хуучин албан тушаалаа орхих хэрэгтэй. Болгари, Эстони, Португалид парламентын гишүүн засгийн газрын гишүүн болвол хэсэг хугацаанд хоёр албан тушаалын алиныг нь ч хашдаггүй. Люксембург, Нидерландад гишүүний албан тушаалыг орлогч гишүүн өвлөж авдаг. Эстонид парламентын нөөц гишүүдийн эрх үүрэг засгийн газраас хэн нэгэн парламентын гишүүн болсны дараа дуусгавар болдог.

Норвеги, Швед улсад парламентын орлогч гишүүдийн өөр институт ажилладаг. Тухайлбал Шведэд тухайн гишүүн сараас илүү хугацаагаар ээлжит чуулган болон ажлын хэсэгт орж ажиллаж чадахгүй бол орлогч гишүүн түүний эрх үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд уг асуудлыг парламент шийддэг. Австрид доод танхимын гишүүдээс парламентын нөөц гишүүд гэгчдийг томилдог.

Дэлхийн орнууд парламентын үйл ажиллагааг хэрхэн зохицуулдаг тухай

Аль ч оронд парламентын үйл ажиллагаа хэд хэдэн үе шатад хуваагддаг. Эхний үе шат хуулийн төсөл өргөн барих. Энэ үе шат хууль санаачлах эрхтэй шууд холбогдоно. Хууль санаачлах эрхтэй субъектуудын хүрээ тухайн орны төрийн удирдах тогтолцооны хэлбэрээс хамаардаг.

Төв ба зүүн Европын орнууд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хууль санаачлах эрхийг ерөнхийлөгч эдэлдэг. Щвейцари улсад кантонууд хууль санаачилдаг бол Узбекистанд автономи төлөөллийн байгууллагууд уг эрхийг эзэмшдэг. Австри, Эстони, Латви, Словаки, Унгар, Япон орны хувьд парламент доторхи хороод, Эстони, Португалид парламентын бүлгүүд, Чехид орон нутгийн төлөөлөн удирдах байгууллагууд хууль санаачлах эрхтэй байдаг.

Итали, ОХУ, Шведэд хууль санаачилдаг субъектуудын хүрээ нэлээд өргөн. Жишээ нь: Итали улсад Засгийн газар, парламентын гишүүдээс гадна байнгын комиссууд, парламентын бүлгүүд, түүнчлэн засгийн газар, парламентын дэргэдэх зөвлөгч байгууллагууд, мужын захиргааны байгууллагууд хууль санаачлах ажилд оролцдог. ОХУ-д ерөнхийлөгч, дээд, доод парламентын гишүүд, засгийн газрын гишүүд, холбооны бүрэлдэхүүнд багтах улсуудын удирдлага, үндсэн хуулийн болон бусад шүүхийн байгууллагууд уг үйл явцад хамаатай.

Австри, Беларуси, Испани, Итали, Латви, Литви, Македони, Румыни, Словени улсын хууль тогтоомж ард түмэнд хууль санаачлах эрхийг олгодгоороо онцлогтой.

Хэдийгээр хууль санаачлах, гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хатуу ялгааг тогтоож өгсөн байдаг ч олон орны засгийн газар хууль батлахад ямар нэг байдлаар нөлөөлдөг. Засгийн газар парламентын гишүүд эсвэл олонхид нөлөөлөх байдлаар хууль санаачлахад оролцдог нь нууц биш.

Австри, Бельги, Испани, Латви, Германи, Япон зэрэг оронд зөвхөн хамтран боловсруулсан хуулийн төсөл өргөн барихыг зөвшөөрдөг. Хууль санаачилсан гишүүдийн тоо бүлэг үүсгэхэд хангалттай байх ёстой.

Парламентын засаглалтай оронд ерөнхийлөгч өөрийн итгэлтэй гишүүдээр дамжуулж хууль санаачлахад оролцдог тал бий.