Г.Бурмаа: Сонгуулийн зардлыг багасгана
УИХ-аас Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Бурмаатай ярилцлаа.
-Сонгуулийн маргааны асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар хуулийн төсөлд ямар заалт оруулж байгаа бол?
-Сонгуулийн маргааныг шуурхай шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Сонгуулийн үеэр маргаан шийдвэрлэх тусгай байгууллагыг байгуулъя. Энэ байгууллага нь 60 хоногийн дотор маргааныг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй юм. Бүх шүүхийн процесс нь 60 хоногийн дотор багтаан шийдвэрлэх хэрэгтэй гэсэн заалт оруулахаар хэлэлцэж байна.
-Сонгуулийн санхүүжилт, зардал тал дээр хуулийн ямар зохицуулалт хийж байна вэ?
-Сонгуулийн зардлыг хямдруулахаар ярьж байна. Сонгуулийн үеэр маш их зардал гаргадаг. Хандив цуглуулдаг. Сонгогдсоныхоо дараагаар эргээд тэдэнд хариу барих гэсэн сөрөг үзэгдэл гардаг. Ийм учраас сонгуулийг аль болох хямд зардлаар явуулах талаас нь хуулийн зохицуулалт хийж байна. Тухайлбал, сонгуулийн самбар байршуулахаар өдөр бүр төлбөр төлдөг. Үүнийг зохицуулна. Жишээлбэл, Германд замын хажуугийн зүлэг дээр сурталчилгааны самбарыг үнэгүй тавих эрхийг нь өгчихдөг. Энэ мэтчилэн мөнгө бага зарцуулах ямар боломж, хувилбар байгааг судалж байна. Ингэснээр сонгуулиас үүдэлтэй авлигын асуудлыг багасгахад үр дүнтэй ажил болно гэж үзэж байгаа.
-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах уу, эсвэл тус тусдаа явагдах уу?
Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дүн нэг өдөр болохоор яригдаж байна.
-Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийн дүн нэг өдөр болохоор яригдаж байна. Үүнд сум, болон дүүргийн ИТХ-ыг оруулах уу, үгүй юу гэдэг дээр санал авч байгаа. Аймаг, нийслэл болон УИХ-ын сонгуулийн санал хураалт нэг өдөр явагдана. Үүнд улс төрийн намууд санал нэгдсэн.
-Тойргуудыг нэг мандаттай болгоно гэж байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Нэг аймаг хоёр мандаттай, нийслэлд нэг дүүрэг гурван мандаттай байгаа. Үүнийг аймаг, дүүргээр нь бус тойргоор нь явуулна. Нэг намын хүмүүс дотроо өрсөлддөгийг болиулна. Нэг тойрог дээр нэг л мандаттай байна гэж ярилцаж байгаа. Энэ асуудал дээр ерөнхийдөө санал нэгдсэн. Өнөөдөр аймаг дүүргийн зохион байгуулалттай байгааг тойргийн зохион байгуулалтад оруулна. Хүн амаасаа шалтгаалаад аймаг, дүүргүүд тойргоор хуваагдана.
-Эмэгтэйчүүдийг улс төрд дэмжих тал дээр квот хэвээр байх уу?
-Орон нутгийн сонгууль дээр квот заагаагүй. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа хүмүүсийг сонгуульд оролцох боломжийг нь нээж өгснөөрөө багш, эмч гээд хүмүүс орон нутгийн сонгуульд олноор оролцсон. Аймаг, нийслэлийн сонгуульд оролцож байгаа хүмүүст квот байх нь зүйтэй гэж үзэж байна. Одоогийн 20 хувийн квотыг нэмэх нь зүйтэй гэж үзсэн.
-Сонгууль ямар системээр явагдахаар төсөлд тусгагдсан бэ?
Одоогийн 20 хувийн квотыг нэмэх нь зүйтэй гэж үзсэн.
Сонгуулийн систем дээр 48 тойрогтой байх, 28 тойрогтой байх гэсэн хоёр үндсэн асуудал яригдаж байгаа. Хэрвээ энэ санал дэмжигдвэл 28 нь намын нэрийн жагсаалтаар, 48 нь нэр дэвшиж сонгогдоно. Ажлын хэсгийнхэн хаврын чуулган эхлэхэд хуулийн төслөө өргөн барина гэж бодож байна. Техникийн ажлын хэсгийнхэн ажиллаж байна.
-Сонгуулийн холимог хувилбар нь Үндсэн хууль зөрчөөд байгаа юм биш үү?
-Үндсэн хуулийн Цэцэд сонгуулийн холимог хувилбарын асуудлаар 2012 онд иргэд хандсан. Үндсэн хуулийн Цэц сонгуулийн холимог хувилбарыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Тиймээс сонгуулийн холимог хувилбарыг одоогийн Үндсэн хуулийн хүрээнд явуулж байгаа. Харин харьцаа нь 48 байх уу, 28 байх уу гэдэг дээр ярьж байна.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэсэн яриа бас байсан. Энэ үнэн үү?
-Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийг 76 байна гэж заасан. Энэ дагуу явна. Өөрчлөлт орно гэсэн үндэслэл байхгүй.
-Саналыг гараар тоолон баталгаажуулах талаар хуулинд тусгагдах болов уу?
-Саналыг автомат машинаар тоолно. Автомат машины тоолсныг хяналтын журмаар гар тооллогоор баталгаажуулдаг хэлбэр Ерөнхийлөгчийн болоод орон нутгийн сонгуулийн хуулинд байдаг. Харин УИХ-ын сонгуулийн хуулинд байдаггүй. Бид бүх сонгуульд хяналтын тооллогыг баталгаажуулж өгнө.