Ц.Оюундарь: Говь-Алтайн ялалт бол ухаалаг төрийн тусгал
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Юуны өмнө танд Говь-Алтайн дахин сонгуульд ялалт байгуулаад ирсэнд баяр хүргэе. 24 жил АН огт ялж үзээгүй “улаан” аймаг цэнхэртжээ. Сонгуулийн дүнгээр Говь-Алтайд АН засаг барих уу?
-Баярлалаа. Говь-Алтайд орон нутгийн сонгууль МАХН-ын гомдлоор дахин болж 12 суудал нь хувь тэнцүүлсэн, таван мандат нь тойрогт нэр дэвших байдлаар явагдсан. АН-ын хувьд тойрогт бүрэн ялж таван суудал, хувь тэнцүүлснээс зургаа, нийт 11 суудал авч байгаа. Ингэснээр өмнө нь байсан найман суудалтайгаа хамт нийт 19 суудалтай болж олонх болсноор 2016 оныг хүртэл Говь-Алтай аймгийг удирдах боллоо. Говь-Алтайн ИТХ-ын гишүүдийг тоо 35 байдаг юм.
-Дахин сонгуулийн хугацаанд МАН-аас маш олон УИХ-ын гишүүн, сайд нар очиж ажиллаж байсан. АН-ын ганц эмэгтэй генсек нь нарийн бичгийн дарга залуучуудтайгаа ажиллаж байгаа харагдсан. Энэ нь танай намын бусад дарга нар, гишүүдийн дэмжлэг сул байв уу эсвэл сонгогчдыг өрөвдүүлэх гэсэн тактик байв уу?
-Сонгогчдыг ийм зүйлээр өрөвдүүлнэ гэж юу байхав. Говь-Алтайн АН-ынхан сонгууль эхлэхэд “Наашаа олон дарга битгий явуулаарай. Алтайн иргэд ирээд л буцдаг дарга нарт дургүй. Тэртээ тэргүй шинэчлэлийн Засгийн газрын ажлыг дэмжиж байгаа. Харин намын гишүүд дэмжигчидтэй сонгуулийн кампанит ажлын үеэр тулж ажиллах, сургалт явуулах, чадавхижуулахад дэмжих намын нэмэлт хүчийг явуулж өгөөч” гэсэн.
Үүнийг ч намын дарга маань дэмжиж сүрийг үзүүлэхээсээ илүү иргэдэд ойр байж сонсох гэсэн стратегийг баримтлана гэсэн. Ингээд надаар ахлуулаад О.Чулуунбилэг, Мягмарсүрэн, Э.Батсуурь, Д.Анхбаяр гэсэн намын нарийн бичгийн дарга нар сумдаа хуваарилж ажилласан. Нэгэнт ийм стратеги баримтлах шийдвэрийг намын дарга гаргасан болохоор очиж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн намын олон лидер, гишүүдэд боломжгүйгээ хэлж үлдээсэн. Тэд маань ч байнга утсаар холбоотой байж санал зөвлөмж өгч, дэмжиж байсанд миний хувьд ч Говь-Алтайн АН-ын удирдлагуудын хувьд ч баяртай байсан гэдгээ хэдэх ёстой.
-Говь-Алтай аймагт нэг нам дангаараа 73 жил ноёрхсон. Энэ ноёрхлыг түлхэн унагасан түүх тантай холбогдож үлдлээ. Говь-Алтайн сонгуульд ялсан нууц чинь юу вэ. Та заавал хариулахыг бодоорой?
Алтайн иргэд ирээд л буцдаг дарга нарт дургүй.
-Нуугаад байх тийм айхтар нууц гэж юу байх вэ. (инээв). Ямар ч сонгуулийн ялалтын гол үндэс нь иргэдийн өөрсдийнх нь хүсэл тэмүүлэл л байдаг. Говь-Алтайн иргэдийн хувьд тэд Сүхбаатар аймаг шиг хөгжихийг бас иргэдийн өөрсдийг нь дарлаж биш тусалж дэмждэг боломж олгодог ухаалаг удирдлагатай болохыг л хүсэж байсанд ялалтын үр дүн байгаа юм. Алтайн иргэдийн энэ хүсэлтийг МАН олж хараагүй. Тэд өнөө л хуучин арга барилаараа сонгуульд оролцож өмнөх шиг даргыг шүтнэ, тэдний хэлсэн үгэнд хууртана гэсэн уламжлалт технологи хэрэглэсэн. Тэд алтайн иргэдийг өмнөх шигээ мэдээлэлгүй гэж андуурсан.
Харин бидний хувьд аль болох иргэдийнхээ хүсэл сонирхлыг мэдэрч тулгамдаж буй асуудлыг нь хэрхэн хамтдаа шийдэж болох вэ, ямар зохицуулалт хийвэл үр дүнтэй байх талаар л ярилцаж хэлэлцэж явсан. Манай ухуулагчид айлуудаар орж тулгамдаж буй асуудлууд юу байгаа, түүнийг чинь шийдэхийн тулд аймгийн удирдлага тантай хамтарч ямар арга хэмжээ авах боломжтой, шинэчлэлийн Засгийн газрын төвшинд нийтлэг ямар асуудлуудыг шийдэх вэ, орон нутгийн төсвийг иргэд өөрсдөө мэддэг болсноор иргэнд эрх мэдэл ирж байгаа зэрэг сургалтуудыг хамт хийж байсан.
Жишээ нь, Есөнбулаг сумын Баяншанд баг дээр гэхэд л манай ухуулагчид багийн төсвийг нийтээрээ хэрхэн хэлэлцэх, түүгээр багийн тулгамдсан асуудал болох өрхийн эмнэлгийн байршлыг өөрчлөх, өрхийн аж ахуйг яаж дэмжих гэх мэтийн асуудлыг сургалт байдлаар ухуулж байсан.
Орон нутаг өөрийн хөрөнгөөр хийж чадахгүй том бүтээн байгуулалт болох аймгийг төв замтай холбох, дулааны цахилгаан станцтай болох, цэвэр ус татах зэрэг ажлуудыг шинэчлэлийн Засгийн газартайгаа хамтарч эхлүүлж, эхнээс нь дуусгах бодитой төлөвлөгөөнүүдийг үзүүлсэн нь бас санал авсан. Харин МАН агуу түүхтэй намаа дэмжээрэй гээд цагаан хоолойтой автобусаар аймгийн төвөөр л давхиж байсан учраас иргэд биднийг илүү дэмжсэн. Алтайн иргэд ингэж шийдэл хамтдаа гаргадаг, бодитой судалгаанд суурилсан, үйлчилгээ үзүүлж чадна гэдгээ илэрхийлж чадсан багт л эрх мэдлээ итгэж өглөө гэж ойлгож болно.
-Тэгвэл Ерөнхийлөгчийн яриад байдаг ухаалаг төрийн талаар л та нар сурталчилгаа хийсэн гэсэн үг үү?
-Бид сурталчилгаа хийсэн гэхээсээ иргэд үнэхээр ухаалаг төртай байхыг хүсэж байсан учраас л Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн ухаалаг төрийн зарчимтай адил бодлого хөтөлбөртэй байгаа Говь-Алтай аймгийн АН-ын багийг сонголоо гэж бид дүгнэсэн. Магадгүй МАН ч иргэдийн энэ хүслийг мэдэрч байсан ч Ерөнхийлөгчийг АН-ын гаралтай гэдэг утгаар энэ бодлогыг дэмжихийг хүсээгүй байх.
Түүнээс Говь-Алтайн МАН-ын удирдлагуудын хамгийн эмзэг цэг болох хариуцлага хүлээдэггүй дарга ангитай болчихсон, тэдний амьдрал аймгаасаа хэд дахин хурдтай хөгжиж байдгийг шударга гишүүд нь хүлээн зөвшөөрч л байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ухаалаг төрийн нэг гол зарчим бол хариуцлага тооцдог, хууль хэрэгжүүлдэг төр юм гэсэн. Энэ бол Ерөнхийлөгч нийт иргэдийн хүсэлийг л нэгтгэж илэрхийлсэн юм байна гэж харсан.
-Одоо Говь-Алтайг танай нам удирдах нь. Ухаалаг төрийн зарчмуудыг тэнд шууд хэрэгжүүлэх нь гэж ойлголоо?
-Иргэдээсээ сонс. Иргэдээрээ шийдүүл гэж Ерөнхийлөгч хэлсэн. Бид иргэдээ сонссон учраас тэд АН-тай хамтарч ажиллаж асуудлаа шийдэхээр шийджээ. Тэгэхээр ухаалаг төрийн зарчмыг Говь-Алтайд тууштай баримталж ажиллана.
Говь-Алтайн олон нийтэд хамааралтай дүрэм журмууд байнга судалгаан дээр суурилж гардаг, хариуцлагын хатуу тогтолцоотой, олон нийтэд нээлттэй байж иргэдийн саналыг байнга авдаг тийм удирдлагын тогтолцоо руу шилжинэ гэдгийг аймгийн намын дарга Амгаланбаатар алтайчуудад амласан. Төв нам, шинэчлэлийн З асгийн газар ч дэмжиж ажиллана.