Ц.Оюундарь: Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймгаас 15 мянган хүн нүүсэн байна
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь
2014.01.14

Ц.Оюундарь: Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Говь-Алтай аймгаас 15 мянган хүн нүүсэн байна

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай Говь-Алтай аймгийн орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

-Говь-Алтай аймагт орон нутгийн сонгууль дахин явагдахаар боллоо. Сонгуулийн маргаантай асуудлын талаар яриагаа эхлэх үү?

-Говь-Алтай аймгийн хувьд орон нутгийн дахин сонгууль энэ сарын 19-нд болно. Сонгууль яагаад дахин явагдах болсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. 2012 оны орон нутгийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчийг бүртгээгүйгээс үүдэлтэй маргаан гурван шатны шүүхээр дамжаад оны өмнөхөн шийдэгдсэн.

Шүүхийн шийдвэр тухайн үед МАХН-ыг бүртгэх ёстой байсан гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр намын төлөө санал өгдөг квотыг болон МАХН-аас нэр дэвшүүлсэн таван тойрог дээр дахин сонгууль зарлагдсан юм.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгуулийг 30 хоногийн хугацаанд зарласан байх ёстой ч ондоо багтаагүй учраас нэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон. Энэ хүрээнд 14 хоногийн кампанит ажил эхэлчихээд явж байна.

-Улс төрийн намууд сурталчилгааныхаа ажлыг эхлээд явж байна. Ардчилсан намын тухайд ямар ямар ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан.

-Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан. Мөн нийслэл, орон нутагт ч ялалт байгуулсан. 23 жилийн турш нийслэл хот маань МАН-ын мэдэлд байсан бол сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Улаанбаатар хот маань танигдахаа байтлаа өөрчлөгдсөн шүү дээ. Олон замыг засч шинэчилсэн, НИТХ нь телевизээр шууд хуралддаг болсон. Ингэснээр иргэд маань нийслэлд ямар ажил хийгдэх гэж байгааг мэдээд ирэхээр оролцоо нь нэмэгдэж, нийслэлийнхээ төлөө гар бие оролцдог болж.

Сүүлийн 20 гаруй жилд Монголд Улсад хоёр мянган км зам барьж байсан бол Шинэчлэлийн Засгийн газар жил гаруйн хугацаанд энэ хэмжээний замыг барьж ашиглалтад оруулж, дөрвөн аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хоттой холбоод байна.

Үүний нэг жишээ бол Сайншандын зам. Энэ зам олон жилийн турш яригдсан шүү дээ. Тэгвэл үүнийг нэг жилийн дотор л хийсэн.

Мөн энэ жилд 1500 км-ыг замыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Чингис бондыг босгосноор найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж олон хүн орон байртай болж байна. Энэ бүх ажил цаашид хэрэгжээд явна. Орон сууцтай болно гэдэг бол хүмүүст шууд хүрч байна. Гэр бүлийн хоёр гишүүн ажилтай байхад л тохилог орон сууцанд амьдрах боломжтой болж байгаа юм. Орон нутагт засаглалаа авсан аймагт шинэчлэл гарч, хөгжил дэвшил нь хурдан байна.

Тухайлбал, олон жилийн турш улаан байсан бол хоёр жил дараалан ардчилал ялж Монгол Улсын шилдэг аймаг болсон байна. Мөн Архангай аймагт ардчилал ялсан. Тэнд төд удалгүй л орон сууцны хаус хороолол ашиглалтад орсон байх жишээтэй. Хамгийн гол нь урьд жилүүдэд бүтээн байгуулалт хийгдэхгүй байсан нь мөнгө хэрхэн босгохоо мэддэггүй байж.

Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр Чингис бондыг босгож энэхүү бүтээн байгуулалтуудыг хийж байна. Яахав улс төр хийх сонирхолтой сөрөг хүчнийхэн үүнийг өр хэмээн тайлбарлаж байна. Гэтэл бизнес хийдэг хүн болгон банкнаас зээл аваад бизнестээ хөрөнгө оруулалт хийгээд ашгаа аваад явдаг. Бонд бол яг л бизнесийн эрүүл зарчмаар явж байгаа. Энэ эрүүл үзэгдлийг Засгийн газар хэрэгжүүлж, улсынхаа өмнөөс зээл аваад бүтээн байгуулалтаа хийгээд, эргүүлэн төлөөд л явж байгаа. Түүнээс хуучны зөвлөлтөөс авч байсан зээл шиг зүйл биш ээ. Өмнөх Засгийн газар бол энэ мэтээр мөнгө босгох биш, уул уурхайгаас мөнгө орж ирнэ гээд л гараа хумхиад сууж байсан. Энэ бүхэн бол бодит ажил. Үүнийг Говь-Алтайд хэрэгжүүлэх боломжтой.

-Говь-Алтай аймаг хөгжлийнхөө төвшингөөр яах аргагүй хоцорсон гэдэг нь харагдаж байна. Үүнийг хэрхэн өөрчлөх бодолтой байна вэ?

Анхнаасаа сонгогдоод явчихсан бол маш их зүйлийг хийж болох байсан алтан цаг хугацааг алдсан.

-Бид тэгнэ ингэнэ гэж амлалт хэлэхээсээ өмнө нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн хугацаанд бүх аймагт сум хөгжүүлэх сангаар дамжуулаад мөнгө хуваарилдаг. Сүхбаатар аймагт 2011, 2012, 2013 онд хоёр тэрбум 820 сая төгрөг хуваарилсан. Гэтэл Говь-Алтай аймагт гурван тэрбум 405 сая төгрөг хуваарилсан бол Баянхонгор аймагт мөн гурван тэрбум төгрөг 885 сая төгрөг хуваарилсан байна. Тэгэхэд энэ гурван аймгийн хөгжил харилцан адилгүй байна.

Сүхбаатар аймаг л гэхэд төвийн халаалттай, халуун устай байхад Баянхонгор мөн л халуун устай, төвийн дулаанаар хангагдсан, УБ-тай хатуу хучилттай замаар холбогдсон байгаа юм. Гэтэл Говь-Алтай аймагт эдгээрийн аль нь ч байхгүй. Тэгэхээр яг ижилхэн мөнгөөр яагаад юм хийж болдоггүй юм бэ. Улс төр гэдэг бол багийн тоглолт байдаг. Баг гэдэг бол Говь-Алтайд сонгогдох хэдхэн хүн биш.

Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь ардчилсан болчихоод байхад Говь-Алтайд ардчилал ялбал маш том дэмжлэгтэй болно гэсэн үг. Олон жил хөгжлөөс хоцорсон, шилжилт хөдөлгөөн маш ихтэй, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд энэ аймгаас 15 мянган хүн нүүсэн байна. Энэ сайхан нутаг орноо эзгүйрүүлэхгүйн тулд маш том бодлого хэрэгжүүлэх ёстой. Тиймээс эрх барьж байгаа Ардчилсан нам, Шинэчлэлийн Засгийн газар үүнд маш том дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Энэ удаагийн сонгууль нэлээд онцлогтой болж байгаа байх. Та ямар онцлогтой гэж харж байна вэ?

-Анхнаасаа сонгогдоод явчихсан бол маш их зүйлийг хийж болох байсан алтан цаг хугацааг алдсан. Гэхдээ нөгөө талаараа энэ бүх хугацаанд ардчилал ялсан газарт юу хийж болдогийг харж, харьцуулж сонголтоо зөв хийх боломжтой гэж харж байна. Тиймээс иргэд маань бодит сонголт хийж, манай танай нам гэж талцахгүйгээр нутаг орныхоо төлөө зөв сонголт хийгээч гэж алтайчуудаасаа уриалж байгаа юм.

-Нэр дэвшигчдээ хэрхэн сонгов?

-Говь-Алтай аймгийн АН сүүлийн нэг жилд удирдлагууд нь шинэчлэгдсэн, бүтэц бүрэлдэхүүн ч гэсэн өөрчлөгдөж, залуучуудаар эгнээгээ тэлсэн. Иргэдийн төлөөлөгч гэдэг бол иргэдийн төлөөлөл байх ёстой. Энэ утгаараа жагсаалтын эхний зургаад багтсан хүмүүсийг харахад нийгмийн бүх л давхаргын хүмүүс багтсан байгаа юм. Тэгэхээр энэ хүмүүс та бүхний төлөөлөл болж чадна.

Харин МАН-ын эхний зургааг харахад нэг үеийн эрчүүд байна. Тэд нь бүгдээрээ нэг компанийн хувь эзэмшигчид байна. Тэгэхээр тэднийг манай нам гээд сонгочихвол нутгийнхаа биш, тэдний компанид л хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг болно.