Н.Уранболд: Хийсэн сайтаа цаашид хөгжүүлэлгүй орхичихдог нь манайхны нийтлэг алдаа
"Themewaves" компаний захирал Н.Уранболд
2014.02.18

Н.Уранболд: Хийсэн сайтаа цаашид хөгжүүлэлгүй орхичихдог нь манайхны нийтлэг алдаа

"Themewaves" компаний захирал Н.Уранболдтой ярилцлаа.

- Вэб хөгжүүлэлт гэж юу болох талаар ярихгүй юу?

Вэб хуудсыг тодорхой технологи, програмын хэлээр вэб дизайны дагуу бүтээдэг. Вэб ашиглалтад орсон ч технологийн хурдацтай хөгжилтэй холбоотой байнга шинэчилж алдааг нь засч байх шаардлагатай. Энэ бүх ажлыг цогцоор нь вэб хөгжүүлэлт гэж нэрлэдэг. Вэб хөгжүүлэлт нь дотоод гадаад буюу нүүрний, арын гэсэн ангилалтай. Вэб дизайнд ч уг ангилал хамаатай.

- Монголын хувьд вэб хөгжүүлэлт ямар түвшинд байна вэ?

Хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг цөөн сайт байгаа ч нийтэд нь аваад үзвэл дэлхийн жишигт хараахан хүрээгүй. Хийсэн сайтаа цаашид хөгжүүлэлгүй орхичихдог нь манайхны нийтлэг алдаа. Гэтэл мэдээллийн технологид жил болгон ямар нэгэн шинэ чиг хандлага гардаг. Тэгэхээр хоцрогдох нь мэдээж.

- Вэб дизайн гэдэг хэрэглэгчдийг өөртөө татах гол хүчин зүйл болдог. Манай сайтууд хэрэглэгчдийг татах чадвараар шаардлага хангадаг уу?

Сайтуудын дийлэнх хувийг мэдээ, мэдээллийн сайтууд эзэлдэг бөгөөд бүх талын мэдээллийг хамруулахыг оролддог. Дизайны хувьд голдуу гадны том сайтуудын дизайныг болхидуу байдлаар хуулдаг. Жилийн өмнө хуулсан дизайн нь аль хэдийнэ үеэ өнгөрөөсөн, цаг үеийн шаардлагыг хангахаа больсон байдаг. Үйл ажиллагаагаа сайжруулахын тулд хэрэглэгчид рүү чиглэсэн эргэх холбоог бий болгох хэрэгтэй.

- Сайтуудын агуулга, түүний хүрэлцээний талаар юу хэлэх вэ?

Агуулга нь цаг үеийн мэдээлэл тал руу хэлбийсэн бөгөөд хэтэрхий ерөнхий шинжтэй учраас хэрэгцээгүй мэдээлэл олон. Харин цэвэр мэргэжлийн мэдээлэлтэй сайтуудын тоо маш цөөн. Тухайлбал вэб хөгжүүлэлтийн сүүлийн үеийн мэдээллийг олоод унших гэхээр монгол хэл дээр материал байдаггүй.

- Монголд вэб хөгжүүлэлтийн чиглэлээр амжилт олох бизнесийн боломж хэр байна вэ?

Дотооддоо вэб хөгжүүлээд ашигтай ажиллах боломж байгаа ч захиалагчдын вэб хөгжүүлэлтийн талаархи ойлголт, хандлага бүрэн төлөвшөөгүй. Зарим үед чухам ямар вэб хийлгэхээ бүрэн ойлгоогүй, лого нь бренд болж бүртгэгдээгүй байх тохиолдол олон. Дотоодын захиалагчидтай ажиллах явцад хүндрэл гардаг учраас вэб хөгжүүлэгчид энэ зах зээл дээр ажиллах сонирхол багатай. Харин гадагшаа чиглэж ажиллахад хялбар. Гэхдээ дэлхийн зах зээлд байр сууриа олоход өндөр мэдлэг, чадвар шаардлагатай. Хямд үнээр аутсорсингийн үйлчилгээ эрхэлдэг Энэтхэгчүүдээс эхлээд өрсөлдөгчид олон.

Програм хангамжийн бүтээгдэхүүнд тавигддаг нэгдсэн стандарт хэрэгтэй.

Манайд ийм бизнес хийдэг хүмүүс мэр сэр бий. Монголын захиалагчид дэлхий даяараа хөгжөөд явдаг бэлэн бүтээгдэхүүн авахаас болгоомжилдог. Мэдээж тухайн бүтээгдэхүүнд төрөл бүрийн элемент нэмж буй хүмүүс алдаа гаргаж болох ч мэдээллийн аюулгүй байдлаас хамгаалсан элементүүдийг орхигдуулдаггүй.

- Эрх зүйн талаас вэб хөгжүүлэлтийн чиглэлээр юун түрүүнд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй вэ?

Програм хангамжийн бүтээгдэхүүнд тавигддаг нэгдсэн стандарт алга. Вэб хөгжүүлэгчдийн холбоог байгуулж вэб хөгжүүлэлтэд тавигдах стандарт тогтоох эрхийг олгох хэрэгтэй. Холбоо байгуулагдвал ямар үнээр дизайн хийх, ямар хамгаалалттай байх, ямар технологийг ашиглах зэрэг зах зээлийн харилцааны чухал асуудлууд хариуцах эзэнтэй болно. Судалгааны ажлыг ч мэргэжлийн холбоо хариуцвал бидэнд ч, төрд ч ачаалал бага ирнэ. Энэ маягаар мэдээллийн технологийн бүх салбарын харилцааг зохицуулж болно.

- Мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнуудад энгийн програмуудыг нэгдсэн стандартад нэгтгэсэн суурь систем байдаг. Монголын хувьд боломжтой юу?

Энэ бол цэвэр төрийн зүгээс зохион байгуулж хийх ажил. Ингэхийн тулд чадварлаг баг бүрдүүлэх хэрэгтэй. Одоогоор манайд гадны ямар технологийг ашиглаж буйг сайн мэдэхгүй ч суурь систем заавал байх ёстой. Учир нь мэдээллийн тогтолцооны бие даасан байдал гэдэг улс орны тусгаар тогтнолын үзүүлэлтүүдийн нэг хэсэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдалтай шууд холбогддог. Суурь систем байгуулахад юун түрүүнд хүнээ сайн сургаж боловсон хүчнээ бэлдэх нь мэдээж.

- Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал ямар түвшинд байдаг гэж бодож байна?

Монгол руу чиглэсэн интернет урсгалын 70 хувь нь довтолгооны шинжтэй.

Монгол руу чиглэсэн кибер довтолгоонуудын дотор систем эвдэх хэмжээний халдлагууд бага. Голдуу тухайн програм, интернетийн сүлжээ, хэрэглэгчийн сул талыг ашиглаж мэдээллийг чагнадаг. Манай төрийн байгууллагуудын мэдээллийг чагнах боломж их. Тухайлбал утасны яриа барьж авдаг төхөөрөмжийг Төрийн ордны ойролцоо тодорхой радиус дотор байрлуулахад ордон доторхи бүх утасны яриаг чагнах, мэссэжийг уншиж болох аюултай. Үүрэн холбооны компаниуд ч анхаарч ажиллах ёстой.