Д.Галсандорж: Хяналтаа сайжруулахгүй бол Оюу толгойгоос ашиг хүртэж чадахгүй
Монголын Экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандоржтой экспортод гарч буй ашигт малтмалын үнэ, татварын талаар ярилцлаа.
-“COAL Mongolia-2014” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Нүүрсний салбарт хөрөнгө оруулах боломжийг ярилцна гэдэг бол цаг үе олсон зүйл гэж бодож байна. Нөгөө талаар уул уурхайн салбарт баримтлах бодлогын баримт бичиг батлагдлаа. Мөн хэдхэн сарын өмнө Хөрөнгө оруулалтын тухай хууль гарлаа. Одоо Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах бодлого хууль эрх зүйн орчноо гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сайн сурталчилах хэрэгтэй.
Эх орондоо хөрөнгө оруулагчдыг татах ийм уулзалт хийлээ. Дараа нь дөрөвдүгээр сарын сүүлчээр Лондонд бас хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хийнэ. Үүнээс гадна Азийн орнуудаар ийм чуулга уулзалт хийвэл илүү үр дүн гарна гэж бодож байна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин муу, хаалттай гэдэг ойлголтыг нь арилгана.
-Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулсан хууль батлагдсан тул энэ жил манайд орж ирэх валют нэмэгдэнэ гэж байгаа. Ер нь, хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?
-Монголын хөрөнгө оруулалтын орчин тогтвортой бус гэж эмээдэг болсон. Ялангуяа стратегийн ач холбогдолтой ордод хөрөнгө оруулах нь хаалттай гэдэг. Өнгөрсөн хоёр жилд хөрөнгө оруулагчдыг үргээсэн хэд хэдэн хууль гарсан нь ийм байдалд хүргэлээ. Одоо л хөрөнгө оруулагчдад нааштай хандсан бодлого хэрэгжүүлж эхлэх шинжтэй болж байна. Дөнгөж л томоохон төслүүдийг хөрөнгө оруулагчид судалж эхэлж буй тул шууд л мөнгө орж ирнэ гэж байхгүй. Энэ оны хагас жилээс хойш л нэмэгдэж магадгүй юм.
-Манай улсын экспортод гаргаж байгаа ашигт малтмалын үнэ ханшийн төсөөлөл энэ онд ямар гарч байна вэ?
-Нүүрсний үнэ унаж өнгөрсөн жилийнхээ төвшинд байна. Төмрийн хүдэр, зэсийн үнэ тогтвортой байгаа. Тухайлбал, нэг тонн цэвэр зэс 6-7 мянган ам.доллар байгаа нь өндөр үнэ. Бид сүүлийн гурав дөрвөн жилд найман мянган ам.доллар давсан болохоор л үнэ уналаа гээд байгаа юм. Зэсийн уурхайнууд үйлдвэрлэлийн зардлаа бууруулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, технологио шинэчлэх хэрэгтэй.
-Зэс манай улсын экспотын гол түүхий эдийн нэг. Энэ онд хэдий хэмжээний зэсийн баяжмал борлуулах төлөв байгаа бол. Экспорт нь нэмэгдэж чадах болов уу?
Энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө бий.
-Энэ онд 1.2 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө бий. Жишээлбэл, Оюу толгой “Эрдэнэт”-ээс 20 орчим хувиар илүү баяжмал үйлдвэрлэх юм. Харамсалтай нь, өнгөрсөн онд Оюу толгой үйлдвэрлэсэн баяжмалаа экспортолж чадсангүй. Үүнд тээвэр, логистикийн хүндрэл тулгарсан. Зэсийн баяжмалын борлуулалтыг нь Австрали, Японы хамтарсан “Рио Тинто”-гийн салбар компани хийж байгаа. Гэвч Хятадын зах зээл шинэ тул бэрхшээл нэлээд гарсан байх. Нөгөө талаас илүү тээврийн зардал гаргахаас өгсүүлээд асуудал бий. Тэгэхээр энэ жил дээрх хэмжээний зэсийн баяжмал экспортолж чадах эсэх нь Оюу толгойгоос шалтгаална.
Үүнээс гадна олон улсад өрсөлдөх чадвартай худалдааны нөхцөл, үнэ ханшаар зарж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өнөөдөр Оюу толгой ордын нэг тонн баяжмал үйлдвэрлэх зардал нь тодорхойгүй, хаалттай байгаа юм. Компанийн үйл ажиллагаа, санхүү, маркетинг зэргээ тодорхой ил тод болгох хэрэгтэй. Үүнд манай Засгийн газар, “Эрдэнэс МГЛ” тавих хяналтаа сайжруулах ёстой гэж бодож байна. Мөн хяналт тавихад мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулвал зүгээр. Тэгэхгүй бол бид Оюу толгойгоос ашиг хүртэнэ гэж харах хэрэг байхгүй. Товчхон хэлбэл хяналтаа сайжруулахгүй бол ашиг хүртэж чадахгүй юм.
-Нүүрсний экспорт ямар төвшинд байна вэ?
-Нүүрс олборлогчдын санхүүгийн байдал их хүнд байгаа. Энэ нь нүүрсний үнэ буурсанд ч биш. Ер нь, олборлолт, тээврийн зардлаа бууруулах ажил их удаашралтай байна. Саяхан л “Энержи ресурс” компанийн барьсан замыг “Эрдэнэс МГЛ” компани шилжүүлэн авлаа. Одоо төлбөр тооцоогоо барагдуулах асуудал үргэлжилж байгаа. Тэгээд энэ замаар нүүрс тээвэрлэх төлбөр тооцоо, зардлыг Засгийн газар уян хатан оновчтой үнэ тогтоох хэрэгтэй юм. Мөн энэ замын даацад тохирсон нүүрс тээврийн авто машины парк шинэчлэлт хийх ёстой гэж бодож байна.
-Ашигт малтмалын татварыг оновчтой болгох, экспортыг нэмэгдүүлэх, үнэ ханшид эерэг нөлөө үзүүлэх гол зүйл бирж байгуулах гэдэг. Уул уурхайн биржтэй болно гэж олон жил ярилаа. Ахиц гарсан зүйл байна уу?
-Уул уурхайн яаманд бирж байгуулах төсөл хэрэгжиж байгаа. Нүүрсний татвар ногдуулах жишиг үнийг бодитой, зах зээлтэй уялдуулна гэсэн. Тэгэхгүй болохоор зах зээлийн үнээс өндөр ханш тогтоож нүүрс экспортлогчид илүү татвар төлөх болчихоод байна. Нүүрс экспортлогчдын санхүү хүндрэх нэг шалтгаан нь жижиг үнийн асуудал яах аргагүй мөн.
Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнэ тогтоох ажлын хэсэгт Сангийн яам, Татварын ерөнхий газрынхан голчлон оролцдог. Иймд жишиг үнэ тогтоох аргачлалаа боловсронгуй болгох, Нүүрс ассоциац, төмрийн баяжмал үйлдвэрлэгч гээд мэргэжлийн холбоодын төлөөллийг оруулах шаардлага бий. Тэгэхгүй болохоор бодитой тогтоож чадахгүй байна. Ганцхан төсвийн орлогоо яаж өсгөх вэ гэдэг өнцөгөөс л хараад байгаа юм.