“Ухаалаг Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ.
2014.02.28

Нийслэлийн төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр бүрдүүлнэ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 02 сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” төсөл хөтөлбөрийг хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Ухаалаг Улаанбаатар” төслийн ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгын дагуу нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2014 оны А/39 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулсан юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэгт холбогдох хэлтэс, газрын дарга, Төрийн бус байгууллага, эрдэмтэн, профессорын төлөөллүүд багтсан бөгөөд тус ажлын хэсэг 1 сар гаруйн хугацаанд ажиллаж 2014-2020 онд хэрэгжүүлэх “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулжээ.

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн чиглэлүүдээр хотын үйл ажиллагааг өөрчлөх зорилт дэвшүүлж байна. Ингэхдээ нийслэлийн иргэдийн эрх ашгийг дээдэлсэн, хувийн хэвшлийнхэний бизнесийг дэмжсэн, үйл ажиллагааны харилцан холбоог сайтар хангаж, мэдээллийн нэгдсэн орчинг бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагаар дамжихгүйгээр авах боломжийг бүрдүүлнэ. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлэх юм.

Хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явагдана.

2014-2016 онд Цахимжсан Улаанбаатар, 2015-2018онд Технологижсон Улаанбаатар, 2016-2020 онд Ухаалаг, ногоон, хөгжингүй Улаанбаатар гэсэн шатлалтайгаар үйл ажиллагаа явагдана. Харин хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гаргасан бөгөөд санхүүжилтийг Улсын төсөв, Орон нутгийн төсөв, Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж, Улсын болон хотын бонд, хувийн хэвшлийн хөрөнгө оруултаар шийднэ гэж ажлын хэсэг үзжээ.

Цогц байдлаар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь байдлаар өөрчлөгдөнө.
·         Иргэдэд шударга, шуурхай чирэгдэлгүй, хямд үйлчилдэг хот болно
·         Хотыг ухаалгаар удирдах мэдээлэлтэй болно
·         Авлигагүй, бизнест ээлтэй хот болно
·         Хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлнэ
·         Салангид бус, нэгдсэн системтэй хот болно
·         Төрийн үйлчилгээний хурд 50-аас 90 хувь хурдсана
·      Улаанбаатар хотод бизнес чвуулах зардал 20-оос 50 хувь хямдарна
·         Гэмт хэргийн гаралт 20-оос дээш хувиар буурна
·        Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг салбар бүрт 10-аас 100 дахин нэмэгдүүлнэ
·         Иргэд 200-аас олон төрлийн үйлчилгээг нэг цонхоор авдаг болно
·         Нээлттэй мэдээллүүдийг иргэн бүрт хүргэх суваг бий болгоно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд Улаанбаатар хот ухаалаг болохын тулд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзээд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот иргэддээ ээлтэй, эрүүл, аюулгүй байдлыг хангасан дэлхийн жишигт хүрсэн хот болохын тулд бид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Жишээ нь иргэд гар утсаараа төрийн үйлчилгээний мэдээлэл авч, шинээр худалдан авах гэж буй барилгын талаарх мэдээллээ оруулаад хайхад тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, хэзээ ашиглалтад орсон, Хотын дарга хаана ямар ажил хэрэгжүүлж байна зэрэг бүхий л мэдээллийг иргэд шуурхай авдаг болно гэж үзэж байгаа. Энэ л бидний хамгийн том зорилго” гэж онцлон хэллээ