Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2014.03.03

Улаанбаатар хотод 160 гаруй барилгын материал үйлдвэрлэгч дотоодын компани үйл ажиллагаа явуулж байна

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Мишээл групп ХХК хамтран хаврын уламжлалт Улаанбаатар барилга-2014 үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байна. 

2014 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3 ны өдрүүдэд “Барилгын материал-Шинэ техник технологи”, 2014 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 17-нд “Орон сууц, хот тохижилт, банк санхүүгийн байгууллагуудын нэгдсэн үзэсгэлэн” сэдвийн дор 2 үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр “Барилгын материал-Шинэ техник технологи”-ийн үзэсгэлэнгийн нээлт Мишээл экспо төвд болж, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нээж үг хэллээ. Тэрээр өнгөрсөн он барилгын салбарын хувьд өндөр өсөлттэй жил болсоныг онцлоод барилгын салбарыг улирлын хамаарлаас гаргах, импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх том зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн оны 6 дугаар сараас олгож эхэлсэн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 30 гаруй мянган иргэнд хүргээд байна. Үл хөдлөх хөрөнгийн газраас авсан мэдээллээр зөвхөн Улаанбаатар хотод 23 мянган айлын орон сууц үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байна.  Аймгийн төвүүдэд 4000 гаруй орон сууц баригдаж ашиглалтанд орлоо.  Тэгвэл энэ 2014 онд 35 мянган айлын орон сууц ашиглалтанд орох мэдээлэл байна. Тэгэхээр 2013-2015 онд бид бүхний төлөвлөж буй 100 мянган айлын орон сууцны дийлэнхи хэсэг баригдах бололцоо байна гэж хэллээ.

Өнгөрсөн 2013 онд 160 гаруй шинэ үйлдвэр ашиглалтанд орсон.

Иргэдийнхээ орон сууцны хэрэгцээнд зориулсан 8 хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, амины орон сууцыг 8 хувийн хүүтэй зээлд хамруулах арга хэмжээг ойрын үед шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэд өмчилж авсан газраа дахин төлөвлөлт хийж , дэд бүтэц татах, инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоог төв, хөдөөд бид дэмжиж ажиллах болно.

Барилгын материалын үйлдвэрүүдэд өнгөрсөн жил дэмжлэг, хөнгөлөлт үзүүлсэн байгаа. Өнгөрсөн 2013 онд 160 гаруй шинэ үйлдвэр ашиглалтанд орсон. Өнөөдөр шил, хатаасан шил,  хаалга, цонх гээд олон бүтээгдэхүүнийг импортоор авах шаардлагагүй боллоо.  Өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах бодлого баримталж байсан бол одоо үйлдвэрлэлийг дэмжих зорилт тавина. Импортын хамаарлаас гарах цаг ирж байгаа гэдгийг үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэв.

Улаанбаатар барилга-2014 үзэсгэлэн яармаг 9 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил Герман, Итали, Орос, БНХАУ, БНСУ, Япон зэрэг орноос барилгын салбарын төлөөлөл оролцож байгаа юм байна.  Нийтдээ 170 орчим аж ахуйн нэгж байгуулага хэрэглэгч олон нийтэд шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлгэх юм.

Хавар цаг ирж бүтээн байгуулалтын ажил эхлэх үеэр барилгын салбар дахь гадаад дотоод компаниудад бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, шинээр барьсан орон сууцаа худалдах борлуулах гээд олон боломжийг Улаанбаатар барилга-2014 үзэсгэлэн яармаг өгч байна.