Н.Баярсайхан: ШУ-ны үндэслэлтэй, өндөр үр бүтээмжтэй хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх хэрэгтэй
Монголын Барилгын үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч
2013.10.04

Н.Баярсайхан: ШУ-ны үндэслэлтэй, өндөр үр бүтээмжтэй хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх хэрэгтэй

Барилгын салбарын хөрөнгө оруулалт болон төр засгийн бодлогын талаар Монголын Барилгын үндэсний ассоциацын дэд Ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцлаа.

-Барилгын салбарыг дэмжихээр 2013 оны эхэн үед Засгийн газраас Монголбанктай хамтран хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Эндээсээ барилгын салбарт ажиллаж байгаа компаниудыг адил тэгш оролцоотойгоор бараа материал татахад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгосон. Энэ арга хэмжээг хэр зөв зүйтэй болсон гэж бодож байна вэ. Зээл өгсөнөөр ямар дорвитой өөрчлөлт гарсан бэ?

Барилгын салбар хүн амын хэрэгцээ, худалдан авах чадвараас ихээхэн хамаарахаас гадна зах зээл дэх зохистой харьцаа алдуурч буруу гольдролд орвол бүр эсрэгээрээ сөргөөр нөлөөлөх талтай. Иймд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, барилгын гол нэр төрлийн материалуудын үнийг тогтворжуулах, салбарын хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг хөнгөлөлттэй зээлийг олгох болсон тухай төрийн шийдвэр нь манай барилгын компаниудын хувьд төдийгүй ард иргэдэд ч таатай сайхан мэдээ байсан.

Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд эргэлтийн хөрөнгийн хомсдлоос үүдэн барилгын ажлаа түр зогсоосон, алдаг оног ажиллаж байсан компаниудын хувьд амин чухал шийдвэр байсан нь  энэ жил ашиглалтад орсон орон сууцны барилгууд, угсралтын ажил нь дуусах дөхөөд буй барилгуудаас бодитой харагдаж байна. Түүнчлэн барилгын материалын үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, найман хувийн хүүтэй зээлийг дагаж орон сууц худалдан авах эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгаанаас үүдэн үнэ огцом өсөх аюулаас “Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулах хөтөлбөр” тодорхой хэмжээгээр сэргийлж чадсан.

Хэзээ, хаана, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болох, барилгын материалыг хангалттай хэмжээгээр, бага зардлаар хэрхэн нийлүүлэх гэх олон хүчин зүйлүүдийг тэр бүрчилэн зөв тооцоолох нь ярвигтай ч үүнд тал бүрийн оролцоо, хамтын ажиллагааны уялдаа чухал гэдгийг харуулсан нь маш сайн хэрэг боллоо. Нөгөө талаасаа, барилгын салбарын хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоо хараахан бүрэлдээгүй байгаа манай улсын хувьд засгийн газрын дээрх шийдвэр зөвхөн барилгын компаниуд бус энэ салбартай нягт уялдаатай бусад салбарын үйл ажиллагаанд ч түлхэц болж байгаад эргэлзэхгүй байна.

-Ер нь барилгын компаниудыг дэмжих төрийн бодлого ямар байвал тохиромжтой бөгөөд "эрүүл" гэж боддог вэ. Ямар санхүүгийн механизмаар дэмжих нь зүйтэй вэ?

Шинжлэх ухааны үндэслэлтэй, өндөр үр бүтээмжтэй хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх нь манай салбарын хувьд холыг харсан тун чухал шийдвэр болно. Өнөөдөр манай барилгын компаниуд бор зүрхээрээ л хөрөнгө оруулалтын асуудлаа шийдээд явж байна. Зүй нь хөрөнгө оруулалтын зөв зохистой орчин, түүнд нийцэх бизнесийн загвар дээр үндэслэн салбар аяндаа жамаараа хөгжих ёстой.

Иймээс засгийн газраас дотооддоо барилгын салбарын хөрөнгө оруулалтыг дэмжиж, сурталчилах төдийгүй өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг судлаж, ирээдүйгээ угтаж харсан бодлого, хууль эрх зүйн орчин бий болгох нь ихээхэн ач холбогдолтой юм.

Ер нь орон сууцны эрэлт талыг дэмжсэн урт хугацааны, бага хүүтэй ипотекийн зээл нь өөрөө барилгын компаниудад асар том дэмжлэг үзүүлж буй санхүүгийн механизм юм. Хамгийн ойлгомжтой жишээг найман хувийн хүүтэй ипотекийн зээл бидэнд харуулсан гэж бодож байна. Улмаар худалдан авах чадварыг дэмжиж эрэлтийг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийг ч хөшүүрэгдэх чухал хүчин зүйл болохыг зөвхөн сүүлийн хэдхэн саруудад зах зээлд гарсан өөрчлөлт, түүний өгсөн дохио бидэнд сайтар анхаарууллаа.

Нийлүүлэлтээсээ давсан эрэлт хэрэгцээ хамгийн түрүүнд бага талбайтай хуучин орон сууцны үнийг хөөрөгдлөө шүү дээ. Зарим нэг нь төр засаг орон сууцны үнийг тогтворжуулах амлалтандаа хүрсэнгүй гэж шүүмжилж байна. Үүнд энэ жилийн импортоор оруулж ирсэн нэг ч уут

Үндэсний үйлдвэрүүд зах зээлд нийлүүлж буй нийт цементийн тонн нь 420 мянга. Үүний 30 хувийг нь манайх, 20 хувийг нь Хөтөл, үлдсэнийг нь бусад үйлдвэр нийлүүлдэг. /2012.09 сар/

цемент, нэг ч ширхэг арматур нөлөөлсөн гэж би ойлгохгүй байна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг.

Тухайлбал өнгөрсөн жилүүдэд төр засаг, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд хамтран барилгын ажлыг эрхлэж явуулахад хүндрэл чирэгдэл үүсгэж байсан хэрэгцээгүй зарим дүрэм журмуудыг хүчингүй болгосон. Энэ мэт алдаатай засч залруулах зүйл гарч байгаа ч, мөн хугацаанд их зүйлийг ухаарч ойлгон, олж мэдэж авцгаалаа. Огт юу ч хийхгүй, хий дэмий маргалдаж сууснаас л хамаагүй дээр байна шүү дээ.

Цаашид барилгын салбарын хөгжил, ялангуяа нийлүүлэлт талыг дэмжих төрийн бодлогод дараах асуудлуудыг түлхүү анхаарах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Нэн тэргүүнд газартай холбоотой асуудлуудыг цэгцлэн, тодорхой болгох. Үүнд газрын үнэлгээ, өмчлөлийн эрх зүйн орчны зохицуулалтын тогтолцоог улам бүр сайжруулах шаардлага байсаар л байна.

Цаашид барилгын салбарын хөгжил, ялангуяа нийлүүлэлт талыг дэмжих төрийн бодлогод дараах асуудлуудыг түлхүү анхаарах нь зүйтэй болов уу

Мөн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах байршилтай, дэд бүтцийг шийдсэн газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор зах зээлд нийлүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь бага дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцэх орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн нэмэр болох нь дамжиггүй. Үнэгүй ч бай, үнэтэй ч бай ямар ч газрыг, түүн дээр баригдсан барилгын хамтаар эзэмших эцсийн эзэд нь сууц өмчлөгчид байх эсхүл олон нийтийн эзэмшилд шилжүүлдэг. Иймд үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын менежментийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх талаар ч бодолцох цаг болсон байх.

Барилга угсралтын салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, зохион байгуулалтыг сайжруулахын тулд компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, барилгын өртөг хямдруулах материал болон шинэ технологийг нэвтрүүлэх, импортын саад тотгорыг багасгах, барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон хүчин зүйлүүдийг цогцоор авч үзсэн цагт бидний хүсэн тэмүүлж, төсөөлж буй бүхэн бодит амьдрал болно. Энэ бүхний эхлэлийг дээр дурдсан төр засгаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачлагууд тавьж эхэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

-Нөгөө талаар дэмжүүлж байгаа компаниуд өөрсдөө юу хийж чадах бололцоотой вэ?

Нэгэнт авсан зээлээ олон талруу цацалгүй, зарцуулалтаа чанга хянаж, зориулалтын дагуу, үр бүтээмжтэй ашиглаж ажиллах нь гол зүйл. Энэ нь  санхүүгийн хувьд бие даах хөшүүрэг болох төдийгүй цаашлаад мөнгөн гүйлгээний эргэлтийн хувьд хараат бус эрүүл тогтолцоотой компани болох нөхцөлийг бүрэлдүүлнэ.

-Чанар муутай их хэмжээний барилгын материалууд импортоор орж ирж байна. Барилга угсралтанд аль болох хямд үнэтэй материалаар л барихыг чухалчлахаас биш чанарын талаар бодож байгаа юм алга. Үүнийг хянадаг систем ч байхгүй.

Энд “тоогоор хөгжих үү, чанараар хөгжих үү?” гэдэг сонголтын асуудал яригдана. Зарим барилгын компаниуд ялангуяа гадны хөрөнгө оруулалттай зарим компаниуд бага өртгөөр, хурдан хугацаанд барилга барьж их ашиг олохоор хөөцөлдөх юм. Энэ тухайд миний байр суурь маш тодорхой. Эдгээр компаниуд барилгын салбарт аль болох урт хугацаанд оршин тогтнох сонирхолтой ч чанарыг бус зөвхөн тоо, хурдыг илүүд үзэж байна. Хэдийгээр богино хугацаанд салбартаа тэргүүлэгч болж гарч ирэх ч цаг хугацааны шалгуурт хэрэглэгчид тэднийг энэ салбараас түлхэн унагана. Зүйрлэвэл үүлэн чөлөөний нар юм уу даа.

Тэгэхээр барилга бариад ашиг олох нь нэг асуудал ч нөгөөтэйгүүр зах зээлийн буюу хэрэглэгчийн хяналт хамгийн чухал нь байдаг.

-Барилгын чанарыг сайжруулахад хяналтын тогтолцоог боловсронгуй болгох нь зайлшгүй. Захиалагч, гүйцэтгэгчийн хяналтаас гадна хөндлөнгийн хяналт хамгийн сайн байх учиртай. Энэ тал дээр төр хувийн хэвшлийг хэрхэн холбож ажиллах нь зүйтэй вэ?

Мэдээж барилгын норм, дүрэм, чанар стандартыг ягштал баримталж ажиллах ёстой. Гэхдээ барилгын компаниуд энэ бүтээгдэхүүнийг заавал чанартай хийх ёстой гэсэн дотоод ухамсрыг, чанарын дотоод хяналтын нарийн системийг өөртөө бий болгох нь хамгийн чухал зүйл гэж би боддог. Учир нь барилга бол онцгой бүтээгдэхүүн. Нэг л тооцоо алдах, нэг л хадаасыг зөрүүлж хадсанаас үүдэн бүхэл бүтэн барилгад чанарын асуудал гарч ирдэг.  

Сүүлийн жилүүдэд барилгын зарим томоохон компаниуд ISO9001:2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлж, дотоод үйл ажиллагаандаа чанарын хяналтын системийг хэвшүүлэн суулгаж байна. Энэ нь Монголын барилгын чанарыг дээшлүүлэх хамгийн зөв гарц юм.

-Барилгын салбарт хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх шаардлагатай вэ. Цаашид хөгжих боломж. Чадамжийг юу гэж харж байна вэ?

Өмнө хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд энэ салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхол тогтмол нэмэгдсээр байгаа чиг хандлага ажиглагдсан. Өөрийн гэсэн онцлогтой зах зээл нь ч жам ёсны хөгжлийн үе шатыг туулж л яваа. Дэлхийн жишгээр томд тооцогдох Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт хот, орон нутгийн төв суурин бүгдэд орон сууцны эрэлт хэрэгцээ өндөр байна. Бидэнд асар их ирээдүй, боломж байгаа. Харин бид ирээдүйгээ угтаж харан, олдох боломжийг хэрхэн алдахгүй ашиглах талаар өнөөдөр нэлээн дэлгэрэнгүй ярилцлаа гэж бодож байна.

-Манай улсын барилгын салбарт хил залгаа БНХАУ, ОХУ хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг эзлэж байна. Хөрөнгө оруулалтыг цаашид хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ?

Ган төмөрийг уяраахад сайн хөөрөг, дархан хүний уран ухаан байх ёстойчлон барилгын компаниуд санхүүгийн хувьд ч,  барилгын чанар, дизайны хувьд ч бас бус олон зүйлээрээ хүчтэй, давуу байж гэмээн хөрөнгө оруулалтыг татах боломж ихээхэн нэмэгдэнэ.

Манайд зөвхөн барилгын төдийгүй бусад голлох салбаруудад хоёр хөрш улсын хөрөнгө оруулалт хамгийн их хувийг эзлэж байна.

Гол нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, гадаад дотоод хөрөнгө оруулалтын орчин зэрэг олон хүчин зүйл барилгын салбарын хөрөнгө оруулалтад нөлөөлдөг. Тэгэхээр засгийн газраас хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчинг зөв зүйтэй гольдролд нь оруулж, үүнийгээ олон улсад сурталчилах нь чухал байна. Манайд зөвхөн барилгын төдийгүй бусад голлох салбаруудад хоёр хөрш улсын хөрөнгө оруулалт хамгийн их хувийг эзлэж байна.

Нэг талаар энэ нь зүйн хэрэг боловч нөгөө талаар хөрөнгө оруулалтын эрүүл тогтолцоог бүрдүүлэхэд учир дутагдалтай, харьцангуй хязгаарлагдмал орчинг бий болгох талтай. Харин гуравдагч, дөрөвдэгч улс орнуудын хөрөнгө оруулалтыг татаж чадвал илүү боломжит нөхцөлтэй, тэнцвэртэй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчинтой болж чадна. Мэдээж УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй хөрөнгө оруулалтын тухай хууль хэр оновчтой хууль болж батлагдахаас ихээхэн шалтгаалах байх.