Л.Цэрэндондог: Барилгын компаниудыг мэргэшүүлж, бэхжүүлмээр байна
Монгол улсын гавьяат барилгачин Л.Цэрэндондог
2013.09.23

Л.Цэрэндондог: Барилгын компаниудыг мэргэшүүлж, бэхжүүлмээр байна

2013 онд Монгол улсын гавьяат барилгачин цолоор энгэрээ мялаасан Л.Цэрэндондог гуайтай уулзаж, барилгын салбарын хөгжлийн асуудлаар ярилцаж, үнэтэй санаа бодлыг нь сонссоноо хүргэе.

 -Барилгын салбарын хөгжилд өнгөрсөн нийгмээс туршлага болгох ямар санаачилга, үйл ажиллагаа байсныг бидэнтэй хуваалцаач ?

Дээр үед чинь бид аймаг хот өөрсдийнхөө барилгыг өөрсдөө барих ёстой гэсэн бодлогыг барьж ажилладаг байсан. Аймгуудын барилгын салбарыг бэхжүүлэх нь зүйтэй гэсний үндсэн дээр барилгын материал үйлдвэрлэл, барилга барих боловсон хүчин нь хамт хөгжиж байлаа.

2011 оны байдлаар барилгын зөвшөөрөлтэй 1000 орчим компани байгаа гэсэн судалгаа гарчээ.

Үүний тулд мэргэжлийн боловсон хүчин, техник инженер, барилгын материал үйлдвэрлэлийн баазтай байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Одоо наад зах нь гэхэд Дундговь аймаг гэхэд буталсан чулуугаа бэлтгэж чадахгүй болчихсон.

Материал үйлдвэрлэлийн баазад хамгийн түрүүнд төмөр бетон үйлдвэрлэх цех, арматурын цех, цахилгаан сантехникийн эдлэл, мужаан, авто засварын цех, хүрэн блок хийх үйлдвэр байх ёстой. Эдгээр зүйлс өнгөрсөн нийгэмд байгуулагдаад сайн бэхжиж байсан.

Барилгын салбарын ид хөгжил 1970-1980-аад онд байсан юм. 1990 онд буруу хувьчилснаас болж, үйлдвэрлэлийн бааз үрэн таран болсон.

Дархан цагаан тоосгоны үйлдвэрийг Польшийн тусламжаар оруулсан байсныг үрэн таран хийсэн. Дорнодод зөвлөлтийн сайхан бааз байсан.

-Өнөөгийн барилгын салбар хэрхэн хөгжиж байна вэ. Таны ярьсан шиг материал үйлдвэрлэлийн бааз хангалттай түвшинд хүрч чадахгүй байх шиг?

Нэгэнт өнгөрсөн зүйлийг яая гэх вэ. Өнөөдрийн барилгын салбарын хөгжил далайцаараа 1970,80 оны үед хүрч чадаагүй ч хувийн хэвшлийн нуруун дээр өсч өндийж байна.

Хөгжлийн гар хөлөө олж, гишгэж байна гэж боддог. Одоо хөрөнгө мөнгөтэй бол хаанаас ч материал аваад барилга барих боломжтой.

-Хятад улсаа ихэвчлэн импортлоод чанаргүй барилга, орон сууц бариад байна гэж хүмүүс шүүмжилдэг. Ер нь барилга чанаргүй болоод байна вэ?

Чанартай барилга барихын тулд 2-3 давхар хяналтыг тавих ёстой. Юуны өмнө барилга барьж буй компаний дотоодын хяналт байдаг. Бригадын дотор хэн ямар ажил мэргэжлийн хүн бэ, ямар ажил гүйцэтгэх ёстой вэ гэдгээр нь дарга, даамал нь хянах ёстой. Тухайлбал 30 хүнтэй бригадаас 20 нь ажилдаа сайн, 10 нь тааруухан байя гэж бодьё. Тэдгээр хүмүүсийг хэн хэн хянах вэ гэдгээр зохион байгуулалт хийж өгнө. Мууг нь сайнтай дагалдуулж, сургах хэрэгтэй. Барилгын чанарын хяналтыг  барилгын газар, барилгын яам шалгадаг байсан.

Одоо чанаргүй байгаа нь хяналт муу байгаатай холбоотой. Барилгыг чанартай барих нь бас арга туршлага, хийц байдаг учир сайн туршлагыг ямагт судалж, нийтийн хүртээл болгох хэрэгтэй.

-Томоохон компани барилгын тендер авчихаад барилга барихдаа олон жижиг гүйцэтгэгч компанид ажлаа даалгах тохиолдол элбэг. Гүйцэтгэгч компанид мэргэжлийн бус хүмүүс ажиллаж, алдаа гаргадаг. Ингээд бодохоор нөгөө талдаа мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгааг харуулж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

Ер нь барилгын байгууллагуудын мэргэжлийнх нь хувьд бэхжүүлмээр байгаа юм. Мөн дотор нь төрөлжүүлэх хэрэгтэй. Мэргэшүүлж дан орон сууц барьдаг, үйлдвэрлэлийн обьект, хөдөө аж ахуйн барилгаар гэх мэт.

Гэтэл өнөөдөр мэргэжлийн бус хүн барилгын компаний захирал, эхнэр нь орлогч захирал хийгээд гаднаас хөлсөөр инженер түр хугацаанд ажиллуулдаг жижиг компани олон байна. Ажиллаж байгаа хүмүүс нь дандаа түр ажиллагчид байдаг. Ийм аргаасаа барсан арга хэрэглэж байгаа компаниуд их байна. Тиймээс ийм компанийг цөөлөх хэрэгтэй. Өнөөдөр бараг барилгын мэргэжлийн ажилчидгүй, барилга барих техник ч байхгүй газарт тендерээр барилга бариулж байна ш дээ.

Ингэж болохгүй. Тийм компаниас чанартай барилга шаардах арга байхгүй. Хоёрдугаарт тендер шалгаруулдаг комиссын бүрэлдэхүүнд Барилгын яам, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбооноос л хүн оруулах хэрэгтэй. Гэтэл  барилгын салбараас хөндий хүмүүс тендер шалгаруулах комисст ажиллаж байна.

-Барилгын материал үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ. Дандаа импортоор авсаар байх уу?

Бар болсон улсууд ямар салбарыг яаж хөгжүүлэх вэ, хаана барих вэ гэдгээ төлөвлөдөг. Төлөвлөгөө хамгийн чухал.

Салбарын яам гол үйлдвэрүүдээ бодлогоор төлөвлөх ёстой. Удахгүй цементийн асуудал шийдэгдэх байх. Мааньт, Сайншандын үйлдвэр

"Хөтөлийн цемент-шохой" ХК-ийн үйлдвэр.  Шохойн хувьд үндсэн хэрэглэгч нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр юм.

ашиглалтад орно. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж байгаа. Одоо арматурыг шийдэх ёстой. Дарханд багахан хэмжээний арматур гаргаж байгаа нь хүрэлцэхгүй. Тиймээс хурдан хугацаанд төмрийн хүдрийн ордоо түшиглээд, цувимал үйлдвэр барих хэрэгтэй.

Энэ мэтээр өөрийн цементийн үйлдвэр, төмрийн үйлдвэртэй болчихвол барилгын салбарт маш том ахиц гарна.

Харин орон нутгуудад хөнгөн материал үйлдвэрлэл, хөөсөнцөр үйлдвэрлэвэл хөгжүүлвэл нутгийн иргэд ажилтай болно.

-Барилга барих ажил хүйтний улиралд зогсолт үүсдэг. Үүнийг хэрхэн сайжруулах вэ?

Бидний үед төлөвлөлт хийгээд хавар барих барилгын суурийг дулааны улиралд хийдэг байсан. Өвөл нь монтажлах ажлаа хийдэг. Зэхэлтийн барилга, бэлтгэл барилга гээд төлөвлөдөг.

Өвлийн нөхцөлд хүмүүсийг ажилгүй байлгахгүйн тулд доторхи ажил, заслын ажлыг хийдэг. Өвөл болохоос өмнө дулааны асуудлыг шийднэ.

Үүнээс гадна угсармал барилгын системээр ажлаа төлөвлөж өвөл ажлаа хийж болно.