Ш.Хүрэлтогоо: Технологийн горим мөрдөөгүйгээс чанаргүй барилга баригддаг
Монголын барилгын салбарын анхны эмэгтэй гавьяат инженер Ш.Хүрэлтогоо
2013.09.23

Ш.Хүрэлтогоо: Технологийн горим мөрдөөгүйгээс чанаргүй барилга баригддаг

Сургууль төгсөөд л салбартаа барилгын хүнд хэцүүг үл ажран, урагш харан ажилласаар 40 жилийн нүүрийг ардаа үдээд буй Монголын барилгын салбарын анхны гавьяат инженер Ш.Хүрэлтогоотой ярилцлаа.

-Барилгын салбарын хөгжлийг дүгнэж хэлнэ үү. Мөн санаа зовоож явдаг асуудал нь юу байдаг вэ?

Салбар чамлахааргүй хөгжиж байна. Бүтээн байгуулалт маш эрчимтэй явагдаж байгаа нь хөрөнгө мөнгөний боломжоос шалтгаалдаг учир монголын барилгачид хөрөнгө л байвал барьж байгуулсаар байх нь ойлгомжтой.

Монголд барилгын зураг төслийн  100 гаруй компани тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

Зургийн байгууллагын инженерүүд ямар барилгын зураг төслийг хийх чадвар потенциаль нь их сайн байна. Нөгөө талаараа барилгачдын хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн осол санаа зовоодог. Барилгын нөхцөл нь хүнд учир ослоос ямагт сэргийлж, урьдчилан нөхцлүүдийг бүрдүүлэх ёстой.

Хэзээ ч анхаарлаасаа салгаж болохгүй зүйл. Одоо шинэ стандарт нэвтрүүлээд, нутагшуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ түүнийг ягштал нь мөрдөх хэрэгтэй.

Үүнээс гадны салбарын боловсон хүчний бодлого нэг хэсэг алдагдсан. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх систем тасарсан.

Одоо үүнийг эргээд сэргээж, хуучнаас ч илүү системийг хийх хэрэгтэй.

Хятад, солонгос ажилчдыг гаднаас авч ажиллуулж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Туршлага судлах зүйл байгаа ч гэсэн, бөөнөөр ч авчирч, монгол ажилчдыг орлуулах нь зохисгүй.

-Барилгын материал үйлдвэрлэлийг дотооддоо хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй вэ. Таны санал бодлыг сонсох нь зүйтэй?

Барилга үйлдвэрлэлээс материал үйлдвэрлэл нь ямагт түрүүлж явах ёстой.

Гэтэл одоо барилга угсралт нь түрүүлж давхиад, бэлэн биш материалыг гаднаас авчрах нь сайн зүйл биш. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд хөгжүүлээд, барилга угсралтай зэрэгцүүлэх хэрэгтэй.

Цементийн хэд хэдэн үйлдвэр шинээр нэмэгддэг ч Хятадын хөрөнгө оруулалттай байх юм. Үүнийг би сайшаахгүй байна.

Миний бодлоор барилгын салбарын яамны удирдлага маань сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс байгаа нь асуудлаа гүнзгий ойлгож, дорвитой шийдвэр гаргахад хүндрэлтэй. Мэргэжлийн бус хүнд асуудлаа ойлгуулах гэж зовдог. Бүтэц бүрэлдэхүүн нь мэргэжлийн сайн байх ёстой.

Мэргэжилтэй боловсон хүчин дээрээс, доошоо, дунд шатанд бүгдэд нь дутагдаж байна.

-Нэг барилга, орон сууц баригдлаа гэхэд шууд ашиглалтад орохгүй. Цахилгаан дулаан, инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдэхээс эхлээд маш олон ажлын цогц байдаг. Гэтэл сүүлийн үед шугам сүлжээгээ шийдэлгүй иргэдийн орон сууцны зээлд хамруулчихсан барилга хэл ам татлах боллоо.

Барилга угсралт, зохион байгуулалт нь хагас жилээс бүтэн жилийн хугацаанд хийгдсэн зураг төслийн үндсэн дээр явагдах ёстой ажил.

Нэгэнт батлагдсан зураг төсөл бол барилгын хууль гэсэн үг. Гэтэл одоо үед зураг төслийн дэс дугаар алдагдаж байгаа юм. Газрын асуудлаа шийдэнгүүтээ барилга бариад эхэлчихдэг. Гэтэл цаана нь явцын дунд шийднэ гээд үлдээсэн инженерийн шугам сүлжээний асуудал жинхэнэ хадны мангаа болж хувирдаг.

Техникийн ажлыг цогцоор нь шийдэх ёстой. Буруу замаар шийдсэн бол ашиглалтын үед балаг нь гарч ирнэ. Бид дээхнэ үед инженерийн бэлтгэлийн ажил маш том үүрэг байсан. Шугам сүлжээ, техникийн

Өнөөдөр манай барилгын салбарт 670-аад норм, 420-иод стандарт мөрдөгддөг.

талаас хангагдах бүх зүйлээ зураг төслөөр хийх ёстой. Сүүлийн үед хэм хэмжээ, дэс дараалал алдагдаж байгаа учраас олон зөрчил тулгарч байгаа. Нарийндаа яривал, хот төлөвлөлт их алдагдсан.

Байшин барилгын зай, өндөр байшин, намхан барилгын зай, нарны гэрлээ яаж зохицуулах вэ гээд олон асуудал замбараагүй баригдсан. Маргаашаа тооцоогүй хийсэн ажлын гайг хотын иргэд өнөөдөр харж байгаа.

-Шинээр баригдсан зарим орон сууц чанаргүй гэж шүүмжлүүлдэг. Ус алдаад, өвөл цантаад гэх мэт олон асуудлыг тоочоод үл бармаар. Чанаргүй материалаар хийсэн болохоор тийм байдаг уу, эсвэл юунаас шалтгаалж тааруухан болдог юм бол?

Муу материал бол хямд, муу л байгаа. Тухайлбал Богд-Ар хороолол их шүүмжлүүлсэн. Юунаас болов гээд үзэхээр технологийн горимоо баримтлаагүй байдаг.

Хөгц ургачихсан. Барилгын хананд орж буй дулаалгын материал дутуу, буруу материалаар хийчихсэн байх жишээтэй. Ихэнхи нь тийм л байдаг. Зарим нь материалын чанараас шалтгаалдаг.

Түр зуурын хэрэглээний зүйлийг далд монтажанд хэрэглэж, стандарт зөрчсөн.

Норм дүрэм, стандарт, зураг төсөл бол хууль гэдгийг л санах хэрэгтэй.