Орон сууцны корпораци байгуулах ажлын хэсэг байгууллаа
нийслэлийн Орон сууцны корпораци байгуулахаар шийдвэрлэв.
2014.03.19

Орон сууцны корпораци байгуулах ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн ЗДТГ-аас орон сууц худалдан авах хэмжээний хөрөнгө хуримтлуулаагүй, урьдчилгаа төлбөр болох 30 хувийг өгөх мөнгө цуглуулж амжаагүй залууст зориулж орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Орон сууцны корпораци байгуулахаар шийдвэрлэв. Нийслэлийн Засаг дарга уржигдар захирамж гарган, Орон сууцны корпораци байгуулах Ажлын хэсэг байгуулжээ. Иргэн сар бүр тодорхой хэмжээний мөнгийг нийслэлийн Орон сууцыг дэмжих санд хуримтлуулж, таван жилийн дараа байр худалдан авах урьдчилгаа төлбөрөө төлөх боломжтой болно. Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсныхоо дараа үргэлжлүүлэн төлж, 10 жилийн дотор барагдуулж дуусгана.

Төлбөрөө төлж дууссан бол тухайн орон сууц таны өмч, үүнээс өмнө нийслэлийн Орон сууцны корпорацийн өмч байна гэх эхний шалгуур, дүрэм, журмыг хотын захиргаанаас гаргаад байгаа. Нарийвчилсан зүйлсийг хэрхэн шийдэхийг Ажлын хэсгийнхэн тогтооно. Ингэхдээ иргэдийг хямд үнэтэй орон сууцанд оруулах талаар олон улсын туршлага судалж, холбогдох дүрэм, журам боловсруулж, батлуулах аж. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат Ажлын хэсгийг ахалж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний, Эдийн засгийн хөгжлийн, Өмчийн харилцааны газар зэрэг холбогдох байгууллагынхан гишүүдээр нь ажиллана.