А.Мөнхбат: Би О.Магнайг дэмжиж байна
Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат
2014.03.24

А.Мөнхбат: Би О.Магнайг дэмжиж байна

Энэ удаагийн зочноор Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай холбоо олон ажил хийж байна. Тэр дундаас цагийн ажил хийх боломж нээж өгсөнд залуус их таатай байна?

-Баярлалаа. Өнгөрсөн жилээс эхлэн бид залуусаа ажил, хөдөлмөртэй байх боломжийг бүрдүүлэх үүднээс Залуучуудын хөдөлмөрийн төв биржээ байгуулсан. Ерөнхий сайд, Хөдөлмөрийн яамтай хамтран гурван төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Ажил хийхээс гадна залуучуудынхаа боловсролыг бид орхигдуулж болохгүй. Олон улсын топ сургуулиудын шалгалтын материалыг боловсруулдаг төв байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Яагаад бид  заавал топ, дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг сонгоод байна вэ гэж зарим нь асууж болзошгүй.

Монгол Улсын ирээдүй болсон залуус дэлхийн хэмжээний байгууллага, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай бололвсон хүчин байх ёстой. Тиймээс ч бид ингэж сонгож байгаа юм. Энэ жил бүтээн байгуулалтын олон ажил эхэлж байгааг манайхан мэднэ. Бүтээн байгуулалтын энэ ажилд бүх сумдын залуусыг хамруулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын цахим танхимыг ашиглан аймгуудын Засаг дарга нартай цахим уулзалт зохион байгуулах гэж байна. Залуусаа бүртгээд ямар чиглэлээр ажиллах боломжтойг судлаад бригад байгуулна.

-Танай холбоо хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах ажилд залуусаа уриалан хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Залуусаа зөв, эрүүл амьдрах боломж руу хөтөлж буй танай хамт олонд талархах хүн олон байна?

-Манай холбооноос хэрэгжүүлж буй олон ажилтай уялдаатай юм. Спиртлэг биш спортлог амьдарцгаая,баар луу биш заал руу явцгаая гэх мэт уриатай аяныг манай холбоо явуулдаг. Манай залуучууд энэ ажлыг дэмжиж, хамрагдсанаараа бахархах болсон. Тийм ч учраас бид ETV телевизтэй хамтарч ажиллахаар болсон.

Дэлхийн спортыг монгол залуус үзэж сонирхож бүтэн зууны нэг сар хамтдаа спортын ертөнцөөр аялахад таатай байна. Зөвхөн хотын бус орон нутгийн залуус асар барьж, бөөндөө цугларч хөлбөмбөг үзэх боломжийг нээх талаар Ц.Оюунгэрэл сайдтай хамтарч хийхээр ярилцсан. “Сумын залуус” төслийнхөн энэ үеэр ажиллаж, шинэчилж шийдье, ухаалаг төрийг хэрхэн бий болох талаар ярилцах юм.

-Монголын залуучуудад чөлөөт цагаа өнгөрөөх газар алга. Танай холбоо хоёр жилийн өмнө хүүхдийн паркын асуудлаар анх ярьж эхэлсэн. Сүүлийн үед энэ мэт яриа нам жим болчихож?

- Зөвхөн хүүхдийн паркын асуудлыг бус хүүхэд залуучуудад зориулсан олон байгууламжийн талаар ярьсан. Төрийн өмчийн мэдэлд байгаа спортын болон урлагийн танхимыг залуучуудад нээлттэй болгож өгөөч гэж бид холбогдох газруудад хандсан. Паркын асуудлаар Нийслэлд ажлыг хэсэг байгуулсан. Өмчийн харилцааны газар өмчлөлийн асуудал нь ямар байгаа, холбогдох хууль тогтоомжийн дагуу хийж байсан эсэхийг тодруулахаар ажиллаж буй ч тун хангалтгүй, удаан байгаад харамсаж байна. Санаатай бөгөөд санамсаргүйгээр шийдвэрээ гаргахгүй байгаа учир бид шаардлага тавих гэж байна.

Шүүхийн шатанд бид олон газарт нэхэмжлэх гаргасан боловч ялагдсан. Шүүхийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөөд зогсохгүй шүүгч өөрөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэдэг нь эндээс харагдсан. Тухайн байгууллагатай холбоотой шүүхийн шийдвэр Монголд үнэн гэж байна уу, үгүй юу гэдгийг илтгэсэн хэрэг болсон.

Спиртлэг биш спортлог амьдарцгаая,баар луу биш заал руу явцгаая гэх мэт уриатай аяныг манай холбоо явуулдаг.

Олон нийт, залуусын төлөө хийж буй ажлыг гуйвуулдаг хүн олон бий. Хүний хувийн өмчид халдлаа гэдэг. Үнэндээ тухайн байгууламжийг хууль бусаар, олхиогүй хүний гараар орсныг хямд үнээр авсан нь олон бий. Гэхдээ бид хүний өмчид халдъя, тэд үнэн яриад байна уу, үгүй юу  гэдгийг нотлох, муулах ямар ч бодол, бодлого байхгүй. Гагцхүү паркыг парк чигээр нь авч үлдэх бодол байгааг ойлгохыг хүсэхгүй хүн олон байна.

 Парк  гэдэг байгууламж нь нийтийн эрх ашигтай холбоотой. Гэтэл нийтийн эрх ашгийг байнга хохироогоод байх уу гэдэг том асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх гэж байна. Асуудлыг ҮАБЗ хэлэлцээд зөвлөмж гаргах байх.

-Сүүлийн үед паркаас гадна циркийн асуудал олны анхаарлыбг татах боллоо. ШӨХТГ-ын дарга О.Магнай, Их аварга Д.Дагвадорж нар ширүүхэн маргаад авна лээ. Та бүхэн хүүхэд залуучуудад зориулсан бусад байгууламжийн  араас асуудал тавьж байна уу?

-Бид байнга анхаарч, суудал тавьдаг. Амжилт олж буй олон асуудал бий. Циркийг менежментийн хувьчлалаар авсан гэдэг ч хүүхдүүдийн хамгийн очих дуртай газрын зориулалтыг өөрчилж, үгүй хийж байна. Би твитер хуудсаараа дамжуулж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэрээ байгуулсан л бол үүргээ л биелүүл. Эс бөгөөс буцааж өгөх хэрэгтэй гэж би үзэж байна. Хүүхэд залуучуудынхаа эрх ашгийг хамгаалж үг хэлж буй цөөхөн субьект байна.

Ерөнхий сайд багцаасаа гурван тэрбум төгрөг гарган Хүүхэд залуусын соёлын төвийг тохижуулж удахгүй нээлтээ хийх гэж байна. Боловсролын байгууллагын орчинд байсан спорт заалыг сүйтгэж, компани байгууламж барьсан замбараагүй ажил их юм билээ. Энэ  газрыг чөлөөлөх, зориулалтаар нь ашиглах үүднээс холбогдох байгууллагатай хамтран шалгалт эхлүүлнэ. Энэ мэтчилэн шударга үнэний төлөө явж байгаа учир циркийн асуудлаар О.Магнайг дэмжиж байна. Монгол Улс хуультай ирээдүйд хөгжих учиртай болохоор шударга үнэний төлөө залуусаа уриалж ажиллах болно.

-Газар чөлөөлөх, барилга байгууламжийг зориулалтаар нь ашиглах гэх мэт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал яриад эхлэхээр намын харьяалал давхар яригддаг. Төр барьж буй Ардчилсан намынхан өөрсдийн гишүүний өмчлөлийг хурааж чадах болов уу?

-Аливаа асуудлыг шийдэхдээ намын ард нуугддагаа одоо болих хэрэгтэй.  Засаг бариад, ард түмний төлөө ажиллаж байгаа л бол олон нйитийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хуулийн дагуу асуудлаа шийддэг болмоор байна.

-Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа.