Мьянмарын сэтгүүлчид туршлага судалж байна
АН-ы генсек Мьянмарын сэтгүүлчидтэй уулзлаа.
2014.04.01

Мьянмарын сэтгүүлчид туршлага судалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад туршлага судлахаар ирсэн Мьянмарын сэтгүүлчдийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд нар хүлээн авч уулзлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Мьянмарын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би улс төр судлаач, эдийн засагч мэргэжилтэй ч ажлынхаа гарааг сэтгүүлчээр эхэлсэн” хэмээгээд “Ардчиллын үнэ цэнэ” сэдэвт илтгэлээрээ Ардчилсан хувьсгал хийгээд Ардчилсан намын үүсэл хөгжлийн талаар танилцуулсан юм.

Сэтгүүлчдийн хувьд Монголд улстөрийн намууд хэрхэн, ямар байдлаар санхүүждэг, улстөрийн сонгуулийн явц ямар байдаг зэргийг сонирхон асууж санал бодлоо солилцлоо. Тэрчлэн тэд үдийн хоолны ширээний ард илэн далангүй халуун яриа өрнүүлж, төрөлх хэлээрээ нутгийнхаа дууг дуулж өгсөн юм.

Мьянмар улсын  сэтгүүлчид Монгол Улсад тав хоног саатах бөгөөд энэ хугацаанд ардчиллын үйл хэргээс суралцаж, харилцан туршлага судлах юм байна. Монголд ирсэн сэтгүүлчдийн багт тус улсын хэвлэл мэдээллийн 23 байгууллагын 24 сэтгүүлч багтжээ.