“Гудамж” төсөл хумигджээ
2014.04.03

“Гудамж” төсөл хумигджээ

Ардчилсан намаас сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг 4:11 уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, НИТХ-ын дарга Д.Баттулга нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-2020 он хүртэл хэрэгжүүлэх “Ухаалаг хот” хөтөлбөрийн төсөв, хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх вэ. Нийт хэдэн төгрөгийн хөрөнгө шаардагдах бол?

-“Ухаалаг хот” хөтөлбөр нийслэлийн иргэд төрийн үйлчилгээг яаж хурдан, шуурхай  авдаг болох вэ гэсэн гол шалгууртай. Үүний төлөө ямар ажил хийхээ хот боловсруулж, бэлтгэлээ хангаад ажиллаж байна. “Ухаалаг хот” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 14,3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 онд хөтөлбөр яаж хэрэгжих, 2017 онд ямар байх вэ гээд 2020 он хүртэл төлөвлөгөө боловсруулсан байгаа. Тухайн жил болгонд нь төсөв хэлэлцэхдээ суулгаад явах юм.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд хотын дүрэмтэй болно гэсэн. Дүрэм боловсруулагдсан уу?

-Хотын дүрмийг боловсруулж дууссан. Хотын дүрмийг хүссэн хэмжээгээр хийхийн тулд хууль зөрчих гээд байгаа юм. Тиймээс одоогийн байгаа хуулинд тулгуурлан дүрмээ боловсруулах, эсвэл хотын дүрмэндээ тохируулан зарим хуулинд өөрчлөлт оруулах  шаардлага гарч байна. Бид аль алинаар баталсан байгаа.

-Ухаалаг хотыг бий болгохын тулд төрийн албан хаагчдын бүтэц, зохион  байгуулалтад өөрчлөлт оруулах уу?

-Хөтөлбөрийн хүрээнд хамгийн түрүүнд нийслэлийн өнөөгийн бүтцийн өөрчлөх шаардлагатай. Иргэд рүүгээ ойртсон, төрийн үйлчилгээг шуурхай болгох тэр систем рүү бид явах ёстой. Нуулгүй хэлэхэд, нийслэлийн бүтэц данхайсан байгаа. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөнө гэдэг нь  халаа сэлгээ хийнэ гэсэн үг биш. Тухайн төрийн албан хаагчийн  ажил үүрэг тодорхой байх ёстой гэдэг үүднээс бид ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа.

-Эдийн засгийн хөгжлийн яамнаас нийслэлд баригдах авто замын ажлыг хариуцаж буй “Гудамж” төслийн хөрөнгийг өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ төсөл зогсоно гэсэн үг үү?

-“Гудамж” төслийн хөрөнгө оруулалт, хийх ажил нь багассан. Энэ жил“Гудамж” төслийн хөрөнгөөр дөрвөн замын 13 уулзвар, 100 гаруй км замын ажил хийхээр оны эхэнд Эдийн засгийн хөгжлийн яам, Хотын захиргаа хоорондоо тохиролцож ярилцсан байсан юм. Гэтэл чухам юу нь болохгүй байгааг мэдэхгүй ч нийслэлд баригдах 13 уулзварын ажил гурав болж, 100 гаруй км замын ажил 10 гаруй км болж хумигдсан.

-Хогны уутны төсвөөр сургууль, цэцэрлэг барья гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа. 4,5 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулахыг иргэд шаардаж байна?

-Үүн дээр бид нэг зүйлийг ойлгох ёстой. Хогон дээр хэмнэлт ярьж болохгүй. Өнөөдөр нийслэл хоггүй байх ёстой. Хогтой байвал үүнийг дагаад олон асуудал үүсдэг. Бид хогонд дээр харин ч бага мөнгө зарцуулж байна гэж үзэж байгаа. НИТХ өнгөрсөн жил хогны менежментийг баталсан. Хог хаяж байгаа иргэн, аж ахуй нэгж хогоо цуглуулж, тодорхой уутанд хийж тавихаас эхлээд хотын соёл, цэвэр байдалтай холбоотой олон асуудал шийдэгдэх ёстой.

-Иргэдээс хогны уут тараах эсэхээр санал авахаар болсон. Саналаа хэзээ авч эхлэх вэ?

-Саяхан ИТХ-аар хогны уутыг тараах уу, үгүй юу гэдгээр санал хураалт хийхээр болсон. Санал хураалтыг энэ дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна. Өнөөдөр хэрхэн санал авах талаар тодорхой шийдвэр гарна. Хэрэв иргэд хогны уут тараахыг дэмжвэл хогны уутаа тараана, харин дэмжихгүй бол бид өөр арга бодох ёстой. Бидний гол зорилго бол хот хоггүй байх ёстой.