Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар үүрэг өглөө
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар үүрэг өглөө.
2014.04.04

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар үүрэг өглөө

 Он гарсаар өнөөдрийн байдлаар 10 аймгийн 24 суманд 34 удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймэр 3.5 дахин өсөөд байгаа юм. 2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн ойрын өдрүүдэд өдөртөө нилээд дулаарч, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах гол шалтгаан болж байна.

Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. 

Хаврын хуурайшилтын улирал эхэлж, цаг агаар дулаарч байгаа энэ үед 2014 гарсаар нийт 34 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 720 га ой, 98 мянган га хээр, нийт 99 мянган га талбай, 1 айлын гэр, 1 өвөлжөө шатсан байна.

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр түймрийн эрсдэл бүхий аймгууд болох Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Сүхбаатар,  Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, хэлтэстэй видео хурал зохион байгууллаа.

Видео хурлын үеэр ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нарт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн дунд сургалт, сурталчилгаа явуулах, албан хаагчдын болон түймэр унтраах багаж, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангуулан ажиллахыг үүрэг болголоо.

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ч дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай, хур тунадас бага орох төлөвтэй байна. Тиймээс хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, Ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших хэрэгтэйг анхааруулж байна.

ОХУ-аас Монгол Улсын хил давж 2 удаа хээрийн түймэр орж ирсэн байна. Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг Ямалхын заставаар  2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-аас МУ-ын хилийн 896-897 дугаар тэмдэгтээр орж ирсэн хээрийн түймрийг бүрэн  унтраасан. Түймэрт нийт 14.000 га хээрийн бүс шатсан.

Мөн аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг Өвөртогтохын заставаар  2014 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ОХУ-аас МУ-ын хилийн 883 дугаар тэмдэгтээр орж ирсэн хээрийн түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, бүрэн унтраасан байна.