УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2014.04.06

Ц.Даваасүрэн: 20 жилийн хугацаанд төрийн хяналт, хариуцлага сул болсны илрэл нь тэсэрч байна

UBS телевизийн “Студи-4” ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн уригдан оролцлоо.

Царцаасан 243 объектыг цааш нь явуулах уу, үгүй юу. Эндээс шийдэж  болохоор тодорхой төсөв, мөнгө нь батлагдсан зүйлд нь  зарцуулаад тэр хүрээнд нь  шийдэж болох  хичнээн объект байна?

Ялангуяа чуулган эхлэнгүүт цаг хугацааны хувьд нэн тэргүүнд  шийдэх ёстой асуудал бол 243 царцаасан объект байгаа. Төсвийн хуульд зохицуулалт хийх асуудал байна. Тодотгол гэхээр арай өөр агуулгатай болчихно.

Төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 5%-иас илүү болсон тохиолдолд тодотгол хийдэг. 243 объектын 240 гаруй тэрбум төгрөгийг  зөвхөн сангийн сайдын багц дээр тавьсан байгаа.  Тэгэхээр одоогийн хуульд хийх байгаа өөрчлөлт нь 240 гаруй объектоос бололцоотой цааш үргэлжлүүл гэсэн объектуудын санхүүжилтүүдийг  сайд сайдын багцад нь хуваарилж өгчих асуудал байна.

Өөрөөр хэлбэл сангийн сайдын багцаас бусад сайд нарын багц руу ямар хэмжээний хөрөнгийг тавьж өгөх вэ гэдэг хэмжээнд төсвийн хууль өөрчлөлт орно. Энэ дотроос аудитын дүгнэлт, төсвийн байнгын хорооны ажлын хэсэг ажиллаад үндсэндээ 140 гаруй объектыг 2014 онд үргэлжлүүлэн дуусгах  бүрэн боломжтой гэж үзсэн.

Ер нь энэ арга хэмжээ үр дүнгээ өгч байна гэж бодож байгаа. Сүүлийн хэдэн жилд төсвийн  ялангуяа хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн. 2000 онтой  харьцуулахад хөрөнгө оруулалт 40 дахин өсчихсөн. Гэтэл энэ хэмжээгээр цалгар назгай, дуусдаггүй, үнэ өсдөг байдал бий болжээ.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд төрийн  хяналт, хариуцлага сул болсны илрэл нь тэсэрч гарч ирж байна. Одоо 240 объектоос гадна яг адилхан 140, 150 объект байна. Он дамжаад яваад байдаг, дуусдаггүй.

Хөрөнгө нь нэмэгдээд байдаг. Үндсэндээ энд 400 нийгэмд хэрэгцээтэй  объектууд байна гэсэн үг. Гэтэл энэ объектууд дуусч өгөхгүй байна гэдэг өөрөө нийгэм, эдийн засагт хохиролтой. Тэр хугацаанд  үнэ өсч  байгаа шүү дээ. Энэ бүгдийг шийдэхэд анхны алхам болсон гэж үзэж байна.

-    Нэг гажуудал байсан шүү дээ. Ажлаа хугацаанд нь хийж байгаа компаниуд байдаг. Гэтэл удаагаад, зүгээр байсныхаа төлөө хожоод байгаа юм шиг. Харин ч хариуцлага тооцмоор юм шиг. Аудитын дүгнэлтийг сонсч байхад голдуу тухайн компани, ААН-үүдийг буруутгаад байгаа юм. Уг нь яамд, барилга захиалагчийн алба, орон нутгийн удирдлага хяналт тавих ёстой. Эдгээр хүмүүс яагаад шахаж шаардаагүй юм бэ? Төр данхайгаад төрийн өчнөөн мянган албан хаагч байна гээд байдаг. тэр хүмүүс ажлаа хийгээгүйнхээ, хийлгээгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэдэг зөв байна уу, буруу байна уу?

Маш чухал асуудал хөндөж байна. Яагаад шаардаагүй юм бэ гэж өөрөө асуулаа. Хардах юм бол ямар нэг байдлаар тэдэнтэй холбогдчихсон байна гэсэн үг шүү дээ. Буцаад тэдэнтэй шаардлага тавьж чадахгүй болсон байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдийг бид засаж залруулах ёстой.

Ямар төрийн албан хаагчид тендер шалгаруулалтад алдаа гаргасан, мөн хэрэгжилтийн явцад яагаад буруу хяналт тавьсан,  яагаад шаардлага тавиагүй юм зэрэг асуудлыг хөндөх ёстой. Одоо УИХ-ын төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ийм төрийн албан хаагчид хариуцлага тооц гэсэн хуулийн заалт чуулганд оруулна. Тэгэхээр чуулганы эхний   хэлэлцэх асуудлын нэг бол УИХ-ын тогтоол байгаа. 243 объектой холбоотойгоор засгийн газарт чиглэл өгнө.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...