Ц.Даваасүрэн: 157 объектыг цаашид үргэлжлүүлэх бололцоотой гэж үзсэн
Тv9 телевизийн “Энэ өдрийн зочин” ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүн оролцлоо.
- УИХ-ын ээлжит хаврын чуулганы өмнө ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотгол хийнэ. Цаашлаад царцаагдсан барилга объектуудын асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх гарц, эрлийг илэрхийлнэ гэдэг төлөвлөгөө байсан хэдий ч амжсангүй. Энэ асуудал ямар шалтгаанаар хойшилов оо? Төсвийн байнгын хорооны хурлаар орох ёстой байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшилчих шиг боллоо?
-2013 оны төсвийг УИХ-аар батлахдаа 243 объектыг нарийвчилж шалгая, яагаад жил дамнан удааширсан юм, үнэ нь өсөөд байсан юм зэрэг асуудлыг тодотгож байж цаашид үргэлжлүүлэх эсэх шийдье гэсэн агуулгаар аудитын дүгнэлт гаргуулахаар шийдсэн.
-Энэ хугацаанд аудитын дүгнэлт гарсан. УИХ-ын хуралд өргөн мэдүүлсэн байгаа. Гэхдээ гарсан дүгнэлтэд УИХ-аас (төсвийн байнгын хорооноос) ажлын хэсэг гарч бүгдийг нь нягталж үзээд УИХ-ын тогтоолын төсөл гаргая гэж шийдсэн. 10 хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлаж хуралдуулах шаардлага байхгүй байсан. Яагаад гэвэл нягтлах зарим шаардлагууд байлаа. 243 объектоос гадна 165 объект яг ийм байдалд орчихсон байгаа. Энэ бүгдийг нэг мөр эцэслэн шийдвэрлэе гэдэг агуулгаар байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж байна.
Өнгөрсөн 3 дахь өдөр төсвийн байнгын хорооын хурлаар энэ тогтоолын төслөө хэлэлцэж чуулган эхлэхээр нэгдсэн чуулганаар тогтоолын төслөө хэлэлцье гэсэн ч гишүүд тойрогт ажиллаж, зарим гишүүд гадаадад томилолттой байсан зэргээс үүдэн ирц хүргэлтийг бүрдүүлээгүй учраас хойшилсон. Даргын зөвлөлийн хурлаар хамгийн эхний хэлэлцэх асуудлын эхэнд энэ УИХ-ын тогтоолын төсөл орсон.Энэ тогтоол гарснаар цаашдаа 243 объектоос хэдийг үргэлжлүүлэх вэ, хэдийг нь хойшлуулах вэ, ямар ямар зөрчлүүд гарсан юм, ямар түвшиндээ хариуцлагаа ярих ёстой талаар ЗГ-т тодорхой чиглэл өгдөг.
- Зарим нэг шаардлагагүй хөрөнгө оруулалтууд нэлээдгүй нэрлэгдэж байсан. шаардлагатай боловч ажил нь удаашралтай барилга, объектуудын талаар тайланд дурдагдсан байсан. Ямар нэгэн үр дүнгүй хөрөнгө төсөвлөдөг компаниудын хариуцлагын талаар хөндөгдсөн. Цаашдаа юм уу, өнгөрсөн хугацаанд хариуцлага алдсан компаниудад ямар хариуцлага тооцож арга хэмжээ авах вэ?
Засгийн газар саналаа оруулж ирэх ёстой. Хэдийг нь оруулж ирэх юм, хэдийг нь тухайн компаниар төлүүлж улсыг хохиролгүй болгуулах юм зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
-Зөвхөн компаниуд ч гэлтгүй төлөлтийн шатанд ч юм уу, сонголтын шатанд, шалгаруулалтын шатанд, төрийн зүгээс хэрэгжилтэд хяналт тавиагүй ч юм уу, тухайн шат шатандаа хариуцлага алдсан зүйл бий. Энэ бүгдийг оруулж тооцох ёстой. Зөвхөн компаниуд ажлаа удаан гүйцэтгэснээс гадна шүү дээ. Бүрэн агуулгаар нь УИХ-ын тогтоолын төсөл гарна. Ямар компаниуд буруу төсөв хийсэн юм, зураг төсвийг нь ихэсгэх, өөрчлөх замаар төсвийг нь яагаад нэмэгдүүлсэн юм, ямар төсөвчин байсан юм, ямар компаниуд ажил удаашруулсан юм, өөрийнхөө хэмжээнээс хэтэрсэн олон ажил авсан компаниуын нэр зэрэг тодорхой компаниудын нэрсийн жагсаалт гарна.
Энэ ажлыг удаашруулсан төрийн албан хаагчид ч гэсэн хариуцлага тооц гэсэн заалт УИХ-ын тогтоолын төсөлд орж байгаа. Ингээд харахад 243 объектоос аудитын дүгнэлтээр бол 140-өөд объектыг тэнцүүлсэн. Сая ажлын хэсэг дээр яриад сургууль, цэцэрлэгийн дотуур байр ч юм уу зайлшгүй нэмэх ёстой 20-иод объект байна гээд 157 объектыг цаашид үргэлжлүүлэх бололцоотой гэж үзсэн.
Бусад үлдэж байгаа объектууд дээр Засгийн газар саналаа оруулж ирэх ёстой. Хэдийг нь оруулж ирэх юм, хэдийг нь тухайн компаниар төлүүлж улсыг хохиролгүй болгуулах юм зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Улсын төсөв 2000 онтой харьцуулахад 40 дахин өссөн. Тэр хэмжээгээр төрийн хяналт, хариуцлагын тогтолцоо суларсан нь төсөв дээр эмх замбараагүй байдал бий болох нөхцлийг бүрдүүлсэн гэж харж болно